Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өдөр цахилгаан тасарснаас болж улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол учиржээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд  болон Төрийн Өмчийн Хорооноос эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийн үеэр өнгөрөгч Ням гарагт нийслэл болон зарим аймгуудад бүтэн өдөр цахилгаан тасарсан шалтгааныг тайлбарлалаа.

Энэ талаар Цахилгаан Дамжуулах Сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Ц.Жаргалсайхан “Энэ тасралтад зарим нэг хүний яриад байгаа шиг улс төрийн нөлөө байхгүй. Улаанбаатар дэд станцад гадны биет салхины үйлчлэлээр орсоны улмаас богино холболт үүссэн. Эцсийн дүгнэлт гаргахаар Эрчим Хүчний Яамны комисс ажиллаж байгаа.

Гал гарсан гэж яриад байгаагийн учир нь цахилгааны богино холболт үүссэнээс болж маш том хэмжээний нум үүссэн. Нум салхины нөлөөгөөр газар хүрснээр хашааны өвс шатсан. Түүнээс биш гал гараад цахилгаан тасарсан гэсэн ойлголт байхгүй” хэмээн тайлбарласан юм. 

Богино холболт үүссэнээс ТЭЦ II, III, IV дүгээр цахилгаан станцууд тэг зогсолт хийж Улаанбаатар хот болон 11 аймгийн 114 суманд цахилгаан тасарсан байна.

Үүний улмаас улсад 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гаргажээ. Үүнээс зөвхөн Эрдэнэт үйлдвэрт 560 мянган ам.доллар буюу 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гэхдээ энэ дүн бол хувийн хэвшлийнхний хохирлыг тооцоогүй дүн ажээ.

Дээрх гэмтлийг засварлахаар 100 гаруй хүн онцгой байдалд ажилласан бөгөөд тухай өдрийн 22.00 цагийн орчимд бүрэн засч дуусгажээ.


Хэвлэлийн бага хурлын үеэр ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Эрчим хүчний салбарынхан өнгөрсөн жил 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй бол яаж ч ажиллаад алдагдлаа нөхөж чадахгүй гэсэн мэдээллийг Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос өгч байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Төрийн Өмчийн Хороо өнгөрсөн жил хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үнийн асуудлыг ярилцаж байгаа.

Бид ард иргэдэд эрчим хүчний үнэ нөлөөлөхгүйгээр тухайн улиралд үнийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр Эрчим хүчний яамтай хамтарна. Ард иргэд, ААН-д үнийн дарамт өгөхгүйгээр зохицуулах бодлого барьж байгаа. 

-Төрийн өмчийн компаниудыг хувьчлах ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-2014-2016 оны хооронд төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг хариуцаж ажилласан. Засгийн газар болон УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж бодож байна. 

-Цахилгаан тасарч улсад 2.2 тэрбумын хохирол учиржээ. Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

-Төрийн Өмчийн Хороо, Эрчим Хүчний Яам гэсэн хоёр газар хариуцлага хүлээнэ. Хууль арга зүйн зөвлөмж өгөөгүй, тухайн цаг үетэй холбогдуулж урьдчилсан график шалгалтууд хийгдээгүй, мэргэжлийн зөвлөгөө өгөөгүй гэдэг асуудал дээр өөрсдийгөө өмөөрөх арга байхгүй. Тийм учраас бид өнөөдөр бүх шатандаа анхаарч ажиллаж байна.