Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гандангаас мөнгө битгий харамлаач

Н.Пунцагболд
2015 оны 5 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсын бурхан ша­шинтны төв Гандантэг­чин­лэн хийд байрлах Баянгол дүүр­гийн 16 дугаар хорооны ну­таг дэвсгэр манайхны хэлдгээр бол хотын А бүс. Дээрээс нь аялал жуулчлалын нэг том цэг.

Сонгуулиар Баян­­­гол дүүргээс нэр дэвшсэн улс­төрч­­дийн ярьдаг ганц сэ­дэв нь Гандангийн дэнжийг тө­вийн шугамд холбох асуудал.

Га­даадын иргэд ирээд Гандангаар орж, Жанрайсаг бурхныг үзэж, бур­хан шашны төв­тэй танилцдаг. Гэ­тэл Ган­дан­гийн дэнж өнөөд­рийг хүртэл тө­вийн шугамд хол­богдоогүй, хөрс­ний бохирдол нь дээд цэг­тээ тулж, хог, угаадас, ял­га­сандаа баригдсан газар болж ху­вирчихаад байна.

Сүүлийн хэ­­­дэн жил, хэдэн сонгуулиар Баян­­­гол дүүргээс нэр дэвшсэн улс­төрч­­дийн ярьдаг ганц сэ­дэв нь Гандангийн дэнжийг тө­вийн шугамд холбох асуудал. Харам­сал­тай нь өнөөдрийг хүртэл энэ асуу­дал ажил хэрэг болоогүй л байна.

Тий­мээс манай сур­валжлах хэ­сэг Гандангийн дэн­жээр явж, ард иргэдтэй уулзаж, 16 дугаар хо­рооны Засаг дарга, Баянгол дүүр­гийн албаны хүмүүс болон “Гу­дамж төсөл”-ийнхөн юу хийж, ямар арга хэмжээ авч байгааг сур­валжилсан юм.

Гандангийн дэнжээс ханхлах үнэр...

Гадаа урин дулаан болж, газар гэсэхтэй зэрэгцээд л Гандан хавийн үнэр танар хэцүүхэн болж эхэлдэг. Хамгийн гол учир нь Гандангийн дэнж төвийн шугамд холбогдож, гэр хорооллоосоо салаагүйд л байгаа шүү дээ. Ядаж байхад нийтийн байр борооны дараах мөөг шиг олширч, түрээслэгчид нь хаа сайгүй бааж, шээгээд, улам нэрмээс болж байгаа юм. 

Хуучин Гандангийн дэнжээр явж байхад хогондоо баригдсан газар л байдаг байлаа. Бөмбөгөрийн хойд тал хавьд “Өвгөнтийн” гэх тодотголтой архичид цуглаж, тэр хавиар явж байгаа иргэдийг айлгаж, ичээнэ. Зундаа бороо орохоор гудамжууд нь шалбаагандаа хутгалдаж, явахын эцэсгүй болдог байсан. Одоо өөрчлөгдсөн юм бараг л алга.

Хог нь арай багасч, архичид цуглах нь арай л цөөрсөн байх. Дээрээс нь элдэв үйлчилгээний газрууд, нийтийн байр нэмэгдэж, ганц нэг гудамжийг янзалсныг эс тооцвол хуучин хэвэндээ л байна. 

Гандангийн дэнж орчимд  ганц ч сургууль байхгүй. Хорооноос өгсөн мэдээллээр бол ганцхан цэцэрлэг байдаг юм билээ. Гэтэл энэ хороонд 7,600 хүн амьдарч байна. 21 дүгээр зуунд хотын төвд байгаа  55.8-хан га газрыг төвийн шугамд холбочихож чадахгүй, энэ олон мянган иргэн байхад цэцэрлэг, сургуульгүй байгаа нь хэрээс хэтэрсэн зүйл биш үү. 

Уг нь 16 дугаар хорооны иргэд 2010 оноос эхлээд санал санаачилга гаргаад, хэлж яриад, зүтгээд байгаа юм билээ. Тэр битгий хэл 2011 оны гуравдугаар сарын 30-нд Нийслэлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан  Э.Хүрэлбаатар “Гандангийн дэнжийг цэвэр, бохир усны системд холбох бүрэн боломжтой. Бид энэ талаар судалж байгаа. Удахгүй ажил хэрэг болгоно” гэж хэлж байсан байгаа юм. 

Мөн тухайн үед гишүүн байсан Ц.Мөнх-Оргил ч гэсэн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байж. Зөвхөн сонсоод зогсохгүй Барилгын коллежийн ар орчмоос эхэлж төвийн шугамтай холбуулахаар хөөцөлдөж, хоёр тэрбум төгрөгийг төсөвт суулгуулж өгсөн байдаг юм билээ. Энэ мэтээр ажил эхлэх гээд явж байтал сонгуультай золгох нь тэр. Дүр зураг өнөөдрийг хүртэл бахь байдаг хэвээрээ л байна. Харин ч сүүлийн жилүүдэд нийтийн байр эрс нэмэгдэж, үндсэн иргэд нь тэнд амьдрахаа болиод, голдуу түрээсийн айлууд Гандангийн дэнжинд шавах болж. 

Энэ нь тэр орчмын хөрсний бохирдол улам нэмэгдэх, баас, шээс нь дийлдэхээ болихын үндэс суурийг тавьж өгчихөөд байгаа юм.  Гандан орчимд суурьшиж, амьдарч, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд түрээслэгчдийн бохир заваан байдлыг тэвчиж чадахгүй аргаа барахдаа хорооны удирдлагуудад ханддаг тухайгаа ч хэлж байсан.  Ямар ч байсан бид иргэдтэй уулзаж, Гандан хавиар жаахан явахад л ийм дүр зураг гарч байна.  

Гандангийн дэнжид 52 нийтийн байр байна 

Гандангийн дэнжид амьдарч байгаа иргэдийн туйлын хүсэл бол тэр хавийг төвийн шугамд холбох. Гэхдээ төвийн шугамд холбохоос өмнө тулгамдаж байгаа асуудал нь нийтийн байр. Хүн бүр л нийтийн байранд амьдарч байгаа иргэдийн бохир заваан, балиарыг гайхаж байна. Гэхдээ хувь хүнийг нь бохир хувцастай гэж байгаа юм биш.

Түрээсийн байранд амьдарч байгаа иргэд эргэн тойрноо цэвэрлэх, өөд нь татах талаар хэзээ ч боддоггүй. Дээрээс нь Гандан орчимд жорлон ухсан ч газар хөлдөхтэй зэрэгцээд амархан дүүрчихдэг юм билээ. 

Гандангийн дэнжид амьдарч байгаа иргэдийн туйлын хүсэл бол тэр хавийг төвийн шугамд холбох. 

Ингээд л түрээсийн байранд амьдарч байгаа иргэд хувинд шээгээд гаргаж цацах. Хаа таарсан газраа шээж, баах нь хэвийн үзэгдэл болсон талаар иргэд ярьж байсан юм. Тиймээс бид нийтийн байртай холбоотой тоо баримт, мэдээ авахаар 16 дугаар хорооны Засаг даргатай уулзсан юм.   

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 52 нийтийн байр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийг тус хорооны Засаг дарга Д.Отгонлхам өгч байна. Гэтэл хүнсний дэлгүүр гэхэд 27, эмийн сан ердөө хоёрхон байх жишээтэй. Хорооны Засаг дарга Д.Отгонлхамтай уулзаж, энэ асуудлыг хаанаас хянах ёстой, ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар асуулаа. Тэрбээр “Байр түрээсэлж байгаа хүмүүс хүн амьдрах орчин талаас нь анхаарч үздэггүй. Оготны нүх шиг жижигхэн өрөөнд оруулаад, мөнгө аваад л байж байдаг. Гаднах 00, бохирын асуудлыг шийдсэн газар тун цөөн. Хүн өнөөдөр өмчлөлийнхөө газар дээр юу ч хийж болно. 

Гэхдээ энэ байр түрээслүүлж байгаа хүмүүсээс улсад татвар төлдөг нэг ширхэг ч иргэн байхгүй.  Бидний нийслэлээс ганц хүсээд байгаа зүйл бол нийтийн байранд стандарт хэмжээ тогтооч өгөөч гэх асуудал. Хүн хэдэн ам.метр талбайд амьдрах ёстой юм. Дулаан нь, бие засах газар нь ямар байх ёстой юм бэ гэдэг журам баталж өгөөч гэж хүсээд байгаа юм шүү дээ” хэмээн ярьсан юм. Тэгвэл Баянгол дүүргийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтулга нийтийн байрны асуудал дээр  “Ер нь Гандан орчмын хөрсний бохирдол нь дээд цэгтээ хүрчихсэн шүү дээ. 

Үүнийг надаар хэлүүлэлтгүй бүх хүн мэдэж байгаа. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа боловч яг ажил хэрэг болгоод, шийдвэрлэх гээд явж байгаа хүн байхгүй. Үүнийг шийдэх ганц гарц нь Ганданг дахин төлөвлөлтөд оруулж, төвийн шугамд холбох л байна. Тиймдээ ч энэ асуудлыг ажил хэрэг болгох гээд шаардлагатай бүх арга хэмжээг авч, шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүстэй уулзаад л явж байна.

Түүнээс биш бид иргэдийг яах юм. Та нар бохир байна гээд гэрт нь ороод торгоод байж чадахгүй шүү дээ” хэмээн ярьсан юм. Тэгвэл нийтийн байр барих зөвшөөрлийг хэрхэн өгдөг, стандарт гэж байгаа эсэх талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар очиж асуулаа. Дорвитой хариулт өгчихөөр мэргэжилтэн байсангүй. Хэвлэлийн ажилтны өгсөн мэдээллээр иргэд газар дээрээ байшин барих гэж байгаа бол тэр талаараа Ерөнхий төлөвлөгөөний газар мэдэгдээд, тэндээс зөвшөөрөл өгөөд л явчихдаг аж.  

Уг нь 55.8 га талбайтай нэг хорооны нутаг дэвсгэрт 52 нийтийн байр баригдаж байхад ямар нэг байдлаар зохицуулж болмоор л санагдах юм. Гэхдээ иргэд газар дээрээ юугаа барих нь төрийн байгууллагуудад одоохондоо хамаагүй юм байна. Учир нь дүрэм, журам байгүй шүү дээ.  Ядахын мууд нийтийн байранд тавьдаг стандарт ч гэж алга. Тэгэхээр Гандангийн дэнж нийтийн байрныхны баас, шээсэнд дарагдаад, хөрсний бохирдол нь тартагтаа тулаад байж байх. Эсвэл төвийн шугамд хурдан холбоод, тэр орчмыг хөгжүүлэх хоёр сонголтын хооронд л ирээд байна. 

Гандангийн дэнжээс яагаад өдийг хүртэл мөнгө харамлав 

Нийтийн байрны асуудлын мөрөөр яваад эцсийн үр дүн нь энэ. Ямар нэг байдлаар дүрэм журам, стандарт гаргахгүй л бол 52 нийтийн байрны тоо 100 болох ч боломжтой байна. Харин тэр хавийг төвийн шугамд холбох асуудал уг нь нааштай байгаа юм билээ. Гол нь хөрөнгө оруулалт. 16 дугаар хорооны Засаг дарга Гандангийн дэнжийг төвийн шугамд холбох асуудлыг иргэдтэй болоод дүүргийн удирдлагуудтай хамтарч багагүй хөөцөлдөж байгаа юм билээ.  Тэр талаараа ч хэлж байсан. 

Гэхдээ хорооны Засаг даргад эрх мэдэл байхгүй шүү дээ. Харин Баянгол дүүргийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтулга 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийг төвийн шугамд холбох асуудал дээр “Уг нь бол Гандан орчмыг төвийн шугамд холбох, дахин төлөвлөх асуудлыг яриад, зураг төслийг нь гаргаад, баталчихсан шүү дээ. Өнгөрсөн жил хоёр гудамжийг засч, янзалсан. “Гудамж төсөл”-өөс хийж хэрэгжүүлсэн ажил. Харин энэ жил “Гудамж” төслийг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаад байгаа юм билээ. 

Хэрвээ ажлаа үргэлжлүүлнэ гэвэл хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдээд, Гандан орчмыг дахин төлөвлөхөөр яригдаж байсан. Бүр долоон хэсэгт хуваагаад, тэр дагуу дахин төлөвлөж, тохижуулна гэж өнгөрсөн хавар хоёрдугаар сард ярьж байсан ч удаатай. Гэтэл Засгийн газар огцорч, өөр сайдтай болсноос хойш “Гудамж” төсөл ч гацаанд орчихоод байна. Хаа хаанаа гацалтын байдалд орчихсон байна. Би ийм л ойлголттой байгаа.  

Мэдээж бидэнд ямар боломж бололцоо байна, тэр хэмжээндээ л ажиллаж байгаа. Гандан орчмыг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох анхны саналыг дүүргээс тавьсан. “Гудамж” төсөл анх байгуулагдаад, Чингис бондын мөнгөөр бүтээн байгуулалт хийнэ гэж яригдаж байх үед л бид холбогдох бүх санал, иргэдийн гомдол гээд бүхий л асуудлаа шийдвэр гаргах төвшний хүмүүст хүргэсэн.

Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй байна гэж хэлж, хөөцөлдөж байж ажлыг нь эхлүүлсэн. Түүнээс зүгээр л нэг гудамжинд явж байсан хүн танайхыг тохижуулъя, шийдээд өгье гэж гүйж ирээгүй нь л лавтай. Манай дүүргийн бүх шатны дарга нар “Гудамж” төслийн холбогдох бүх дарга нартай нь уулзаж, зөвшилцөж, хурал зөвлөгөөн хийсэн. Гандан орчмыг засч, тохижуулж, сайжруулахгүй бол болохгүй байна. 

Та нар “Чингис” бондын мөнгөнөөс хөрөнгө оруулалт авчих. Хэрвээ манай энэ хавийг дахин төлөвлөх, төсөл хэрэгжүүлэх боломжтой бол анхааралдаа аваач гэх мэтээр удаа дараа гуйсны эцэст ажил эхэлсэн. Гэвч одоохондоо гацаанд орчихоод байна” хэмээн ярьсан юм. Ерөнхийдөө дүүргийн үе үеийн удирдлагууд энэ асуудлыг хөөцөлдөж л байсан юм билээ. Харамсалтай Засгийн газраас, эсвэл нийслэлээс энэ ажилд хөрөнгө мөнгө гаргахыг хүссэнгүй.

Өнгөрсөн жил нэг мөнгө гаргасан нь ганц гудамж засч, чулуун зам зассан.  Нэг талаараа хэрэгтэй л бүтээн байгуулалт. Нөгөө талаас нь харвал төвийн шугамд холбох зайлшгүй хэрэгтэй газар гудамж засаад байгаа нь инээдтэй ч юм шиг. Ер нь яагаад өнөөдрийг хүртэл Ганданг төвийн шугамд холбох ажилд хөрөнгө оруулалт хийхийг эрхэм дарга нар хүсэхгүй байгаа нь бас л сонирхолтой асуудал хэвээр үлдэж байна. 

Ойролцоогоор 15 тэрбум төгрөг хэрэгтэй байна 

Гандангийн дэнжийг төвийн шугамд холбох асуудалд дүүргээс нэг иймэрхүү л зүйл ярьсан.  Тиймээс бид “Гудамж төсөл”-ийнхөнтэй уулзаж, энэ ажил ямар шатандаа яваа талаар асуусан юм.  “Гудамж” төслийн нэгжийн инженер Б.Баасансүрэнгээс сонирхсон асуултуудаа асууж, бидний дунд дараах яриа өрнөсөн юм.  

-Гандангийн дэнжийг төв­ийн шугамд холбох асуудлыг яриад байгаа. Ер нь ажил ямар шатандаа яваа вэ?

-Шугам сүлжээ болон замын зураг төсөл магадланд ороод, бүгд бэлэн болчихсон. Дулаан, цахилгаан дамжуулах төв гээд бүгд магадланд орчихсон. Манайх ажил хийхэд бэлэн байгаа. Ядаж “Орхон” талын ажлыг хийх хүсэлтээ өгөөд явж байна. Энэ жилдээ холболт хийж болохоор газар нь “Орхон” тал юм билээ.

 Манайх өнгөрсөн жил гурван гудамж янзалсан шүү дээ. Инженерийн шугамгүй нэг гудамжинд зам тавьсан.

Шугам сүлжээ болон замын зураг төсөл магадланд ороод, бүгд бэлэн болчихсон. 

Нөгөө хоёр гудамж болох 10, 5 дугаар гудамжны инеженерийн шугамыг бэлтгэчихсэн байгаа. Одоо эх үүсвэр нь явлаа, төвийн холболтоо хийгээд болно. Бид айлуудынхаа хашаа руу шугамаа оруулж өгөөд л болох юм. Тэндээсээ айлууд нь өөрсдөө байшин руугаа татах ёстой. Ерөнхийдөө бол зураг төсөл нь бэлэн болчихсон. Одоо хөроөнгө оруулалт л хэрэгтэй байна.

Манайх нийслэл рүү бас хүсэлт тавьсан. “Орхон” талын есөн гудамжны ажлыг энэ жил хийе гэсэн хүсэлт тавьсан. Эхлээд эх үүсвэрээ барина. Тэгээд дэд бүтцээ бүгдийг нь тавих юм.  Зөвхөн нийслэл гэлтгүй Барилгын яам, Сангийн яам руу ч хүсэлтээ өгсөн. Мөн Гандангийн айлууд өөрсдөө энэ жил төвийн шугамд холбогдмоор байна гээд дүүрэгтээ хүсэлтээ өгч байгаа юм билээ. 

-Туул талыг төвийн шугамд холбох ажил хэзээ хийгдэх юм бол?

-Туул тал нь жаахан асуудалтай. Бохирын шугамыг нь заавал хийх ёстой. Бохирын шугам хийхийн тулд зарим айлыг нүүлгэнэ. Эсвэл нэг км тунелийн систем хийж байж бохирын шугамтайгаа холбогдох юм. “Туул” талын айлууд хоорондын зураг төсөл бол гарчихсан. Харин тунелийн системийн зураг төсөл нь хийгдээгүй байгаа.  

-Гандангийн дэнжийг төвийн шугамд холбоход хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм бол?

-“Орхон” талынхыг шийдэхэд 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Гэхдээ айлууд нь тодорхой хувийг буцааж төлнө. Эх үүсвэр барихтайгаа нийлээд 15 тэрбум төгрөг шүү. Энэ бол ойролцоо тоо.

Яг нарийвчилсан тооцоо судалгаа гараагүй байгаа. Хүмүүс “Гудамж төсөл” татан буугдаж магадгүй, тийм болохоор энэ мэт ажил хийгдэхгүй байх гээд байгаа. Тийм зүйл болохгүй. Манайх нийслэл рүү шилжээд сар гаруй болж байгаа. Одоо Гандангийн ажлын хөрөнгийг шийдчих л юм бол ажлаа эхлэхэд бэлэн байна. 

-Нийслэл рүү хүсэлт өгсөн гэсэн. Удирдлагууд нь ямархуу байр суурьтай байгаа юм бол?

-Бид үүнийг хөөцөлдье, судалъя. Ер нь бол хийж болохоор ажил байна гэсэн. Ямар ч байсан 15 орчим тэрбум төгрөг шийдчихвэл ядаж л “Туул” буюу “Модны-2”-ын тал нь инежерийн шугам сүлжээнд холбогдчих юм байна. 15 тэрбум гэдэг яг бүтээн байгуулалт хийе гээд гаргачихвал тийм ч их мөнгө биш шүү дээ.

Гол нь манай дарга нар зориглоод, шийдэх л хэрэгтэй байна. Цаашлаад “Орхон” талын асуудлыг ч гэсэн шийдэх хэрэгтэй. Тэгж байж дээр дурьдсан элдэв асуудал байхгүй болно. Тэгээд ч Гандангийн дэнжийг төвийн шугамд холбочихвол барилгажих боломжтой болчихно.

Барилг­ын компаниудын хамгийн их сонирхох газрын нэг болно. Улмаар өнөөх нэр дэвшигчдийн “Газар чинь үнэд орно” гэдэг үг биеллээ олох боломжтой болох юм.  Гэх мэтээр сайн тал олон байна. Тийм болохоор эрхэм дарга нар минь, Гандангийн дэнжээс мөнгө битгий харамлаач.  

Зураг