Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ХАМГИЙН ҮНЭТЭЙ нислэгүүд

Б.Ууган, iKon.mn
2015 оны 5 сарын 27
iKon.MN

Хөрөнгө мөнгөтэй, дээд зиндааны, өндөр албан тушаалтнууд, алдартнуудын ихэнх нь хаа явсан газраа дээд зэрэглэлийн үйлчилгээ шаардаж үүнийхээ төлөө ч өчнөөн төчнөөнөөр нь мөнгө төлөхөд бэлэн байдаг. Тийм ч учраас үйлчилгээний бүхий л салбарынхан онцгой , дээд зэрэглэлийн үйлчилгээ санал болгодог. Агаарын тээврийнхэн ч мөн адил асар өндөр үнээр дээд зэрэглэлийн тав тухыг санал болгон бусдаасаа давуу байхыг эрхэмлэнэ.

Харин дэлхийн хамгийн үнэтэй нислэгийн үйлчилгээнд ямар компаниуд багтсаныг Форбес сэтгүүлийн жагсааснаар хүргэе. 

 

Etihad агаарын тээврийн компанийн The Residence үйлчилгээ 

 

Маршрут: The Residence нь 2014 оны 12 дугаар сард Абу-Дабигаас Лондон чиглэсэн нислэгт үүссэн шинэ үйлчилгээ юм. 

Нөхцөл: Лондонгоос  Абу-Даби хүрч эргэн нисэхэд нэг талдаа 37,515 долларын өртөгтэй бөгөөд А380 онгоцоор энэ нислэгийг үйлдэнэ. 

Давуу тал: Энэхүү ангиллын бүхээгүүд Токио, эсвэл ХонгКонгийн таван одтой буудлуудын дээд зэрэглэлийн өрөөг санагдуулна. Хоёр хүний өрөөнд хоёр буйдан сандалтай, ширээ, зурагттай зочны өрөө, Египетийн цэвэр хөвөн даавуун дэвсгэртэй хоёр хүний ор бүхий унтлагын өрөө, шүршүүрийн бүхээгтэй угаалгын өрөө гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Дээд зэрэглэлийн үйлчилгээ учраас тусгай үйлчлэгч үйлчилж, хоолыг нь хувийн ахлах тогооч бэлддэг гэнэ. 

 

Singapore Airlines компанийн А 380 онгоцны нислэг 

 

Маршрут: А380 онгоцны үйлддэг нислэгт Сингапур – Нью-Йорк, Нью-Йорк – Франкфурт болон  Сингапур – Лондон чиглэлийн нислэгүүд багтана.

Нөхцөл: Франкфуртаас Нью-Йорк чиглэн, мөн эргэн нисэх тийзийн үнэ 8,015 ам.доллар. Зэргэлдээ өрөө нь чөлөөтэй бол хашилтыг авч, бүхээгийн талбай хоёр дахин томордог.

Давуу тал: Singapore Airlines компанийн дээд зэрэглэлийн өрөөнд дэлгэхээр ор болдог арьсан буйдан сандал байх бөгөөд нислэгийн үеэр оройн хоолны өмнө Dom Perignon оргилуун дарс өгөх бол хоолны цэсэнд нь фуа-гра, түрс, хавчны мах, үхрийн махан стейк гээд дээд зэргийн амттанууд багтана. Эдгээр амттаныг Givenchy брэндийн аяга тавганд хийх бөгөөд ор дэрний цагаан хэрэглэл ч зөвхөн энэхүү Францын брэндийнх байдаг гэнэ. Харин угаалгын өрөөнд нь Salvatore Ferragamo брэндийн гоо сайхны хэрэгслүүд байдгаараа дээд зэргийн үйлчилгээгээ баталдаг юм байна.

 

Four Seasons зочид буудлын сүлжээний нислэгүүд 

 

Маршрут: Энэ нислэг 16-25 хоног үргэлжилнэ. Хамгийн алдартай аялал нь 24 хоног дэлхийг тойрсон нислэг байжээ. Ирэх 8 дугаар сард аяллын энэ нислэг үйлдэгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд аяллын оролцогчид Сиэтл, Токио, Бээжин, Стамбул, Санкт-Петербург, Марокко, Нью-Йорк, Мальдивын арлуудаар аялж, Танзанийн ой шугуйг үзэх гэнэ. 

Нөхцөл : Энэ үйлчилгээг авах бол хосоороо 119,000  ам.доллар төлнө. Нислэгээс гадна энэ үнэд Four Seasons зочид буудалд байрлах зардал, хоол, тойрон аялал болон татвар багтсан байдаг бөгөөд нислэгийг Boeing 757 онгоцоор үйлддэг юм байна.

Давуу тал: Аяллын маршрутын цэг бүр дээр аялагчдыг гайхалтай хөтөлбөр хүлээж байдаг. Станбулд гэхэд тэднийг туркийн халуун усны газар хүлээж, дараа нь Босфорын хоолойгоор хөлөг онгоцоор аялах бол, Танзанид үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр газраар төдийгүй агаарын бөмбөлгөөр аялах боломжтой байдаг гэнэ. 

 

ANA агаарын тээврийн компанийн дээд зэрэглэл 

 

Маршрут: Boeing 777-300ER онгоцоор гүйцэтгэдэг нислэгийн маршрутуудын дунд Токио – Лос-Анжелес, Токио – Сингапур,  Токио – Франкфурт гэсэн чиглэлүүд багтдаг.

Нөхцөл: Токиогоос Лос-Анжелес хүрч эргэн нисэхэд 21,140 ам.доллар. 

Давуу тал: Японы агаарын тээврийн энэ компанийн нэгдүгээр зэрэглэл нь нисэх буудлаас шууд л хэлэлцээрийн ширээ зорьдог ажил хэрэгч хүмүүст зориулагдсан гэнэ. Тиймээс энэ зэрэглэлийг сонгосон хүмүүст зориулан өрөөнд нь пиджак, даашинзаа үрчийлгэхгүй хадгалах хувцасны шүүгээ, хиймэл дагуулын телефон шугам, 23 инчийн LCD дэлгэц байдаг. Олон төрлийн дээд зэрэглэлийн ундаа санал болгоно, мэдээж хоолны цэсэнд нь Япон хоол зонхилно. 

 

Emirates агаарын тээврийн компанийн нислэг

 

Маршрут: A380 болон A340-500 онгоцоор үйлдэгддэг бүхий л чиглэлүүд болон Boeing 777 онгоцоор үйлддэг Дубай – Лондон, Дубай – Нью-Йорк,  Дубай – Москва чиглэлүүд. 

Нөхцөл: Дубайгаас Москва хүрээд эргэж нисэхэд үнэ нь  6,575 ам доллараас эхлэх бөгөөд Boeing 777 онгоцоор нислэгийг үйлдэнэ.

Давуу тал:  Дээд зэрэглэлийн бүхээг бүрт минибар байх бөгөөд сандал нь зөөлөн ор болон хувирна. Нислэгийн үеэр зочдод нислэгийн чиглэлийг харгалзан төрөл бүрийн хоол санал болгодог. Жишээлэхэд Австрали руу нисч байгаа бол хятад шаазан тавган дээр тавгалсан үхрийн махан стейк заавал өгнө. Дарс, оргилуун дарс, коктейлийг үнэ төлбөргүй өгөх бөгөөд Bvlgari, Timeless Spa брэндүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд угаалгын өрөөнд нь байдаг гэнэ.  

 

"Трансаэро" агаарын тээврийн компанийн нислэг

 

Маршрут: Энэ нислэгийг Boeing 777, Boeing 767, Boeing 747-400, Boeing 737-800 онгоцоор үйлдэх бөгөөд  Москва – Нью-Йорк, Москва – Астана , Москва – Владивосток гэсэн чиглэлүүд багтдаг юм байна.

Нөхцөл: Москвагаас Нью-Йорк хүрч, эргэн буцахад нэг хүн  212,121 рубль бөгөөд нислэгийг Boeing 777 онгоцоор үйлдэнэ.

Давуу тал: Улаан, алтлаг өнгөөр чимэглэсэн нь хааны өрөөг санагдуулам. Зорчигчдыг “Пушкин” зоогийн газрын ахлах тогооч нарын тусгайлан боловсруулсан цэсэнд багтсан хоолоор дайлдаг. Хоол зуушийг зөвхөн “Эзэн хааны шаазангийн үйлдвэр”-ийн таваг, аяганд өгдөг гэнэ. Буйдан сандал нь тохь тухтай ор  болон хувирах бөгөөд цэвэр хөвөн даавуун цагаан хэрэглэл өгдөг аж. 

 

Air France агаарын тээврийн компанийн нислэг

 

Маршрут: Boeing 777-300 онгоцоор үйлддэг Air France агаарын тээврийн компанийн нислэгийн чиглэлүүдэд Парис – Нью-Йорк, Парис – Сингапур,  Парис – Жакарт гэсэн чиглэлүүд багтдаг.

Нөхцөл: Парисаас  Сингапур  хүрээд эргэн нисэхэд нэг хүн 10,338 ам.доллар.

Давуу тал: Францын үндэсний тэргүүлэгч компани дээд зэрэглэлийн үйлчилгээндээ ч хэв маяг, донжийг нарийн мэдрэмжтэйгээр бүрдүүлсэн байдаг гэнэ. Бүхээгийн үндсэн өнгө нь цайвар саарал, улаан эсвэл саарал өнгийн хувцасны шүүгээтэй. Зорчигчийн суудал нь дэлгэгдэн, 2 метр урт, 77 см өргөнтэй ор болон хувирдаг гэнэ.