Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Утсан хүүхэлдэй ба ЗОЛИОС

С.Туул
2015 оны 5 сарын 27
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн эдүгээ ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж буй. АТГ-ынхан энэ сарын 21-нд түүнийг баривчилсан юм.

Ийм ажиллагаа явуулахдаа гэрт нь дайран орж, эхнэр хүүхдийг нь уйлуулсан тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрнө. Яг энэ хэсэг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнө болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явцыг сануулав. Гэвч Г.Дэнзэн бол төрийн албанд хэдхэн жил ажилласан, 27-хон настай залуу.

Тиймээс ийм ажиллагаа болох гэж буйг Ерөнхийлөгч асан шиг түрүүлж мэдээд хэвлэлийнхнийг дуудаж, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх сүйхээ, санаа, туршлага дутжээ. Бас нэр хүндийн хувьд Н.Энхбаяртай зүйрлэхээргүй “шалихгүй” нэгэн. Тэр ердөө л Ерөнхий сайд асан Н Алтанхуягийн хүргэн гэдгээрээ олон нийтэд танил болсон. Нөгөө талаар АН доторх зөрчил, энэ намыг дарж авах гэсэн өрсөлдөгчийнх нь төлөвлөгөөг илчлэх дүр болж байна.

Г.ДЭНЗЭН ГЭЖ ХЭН БЭ

Хэрэглээний математикч мэргэжил нь түүнийг 2007 оноос Н.Алтанхуягаар дамжуулан их улс төртэй холбожээ. Дөнгөж сургуулиа төгссөн залууг багш нь тухайн үед УИХ дахь АН-ын зөвлөлийн зөвлөх байсан Н.Алтанхуягтай холбож өгсөн гэдэг.

Түүнд төрийн албан хаагчдын цалинг 500 мянган төгрөг болгох, Оюу толгой, Таван Толгойн ордын математик загвар боловсруулах үүрэг ногджээ. Удалгүй сонгууль ч боллоо, АН Засгийн газарт хамтарч, Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдаар томилогдов.

Тиймээс Г.Дэнзэнг зөвлөх, ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан байна. Улмаар 2012 оны сонгуулийн дараа чадвар, хийсэн ажлынх нь үр дүнг харгалзаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга хэмээх албан тушаалд томилж л дээ. Аа тийм, ХЭГ-ын дэд дарга болохоосоо өмнө буюу 2011 онд тэр даргынхаа шинэ зөвлөх бүсгүйд дурлачихсан нь “гай болж” түүний хамаатан байсан гэх.

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хүсэлтэй МАН-ынхан, болон АН доторх “Түгжил”-үүдийн хувьд тэр Н.Алтанхуягийг унагах том өгөөш болж харагджээ. Ингээд л Г.Дэнзэн ба түүний эхнэрийн гэх "Говь Повер” компанийн хэрэг гарсан. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байхдаа дээрх компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн гэдэг хэрэг хоёр жил гаруйн өмнө мандсан.

“Нүүрс” хөтөлбөрийн асуудлаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчилсан, Н.Алтанхуягийн охин ч буруутай болж таарсан. Тухайн үед Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс хоолой зангируулаад “Намайг унагахын тулд найз нөхөд, үр хүүхдийг минь бүү оролдооч дээ” хэмээн гуйж байсныг уншигчид санах байх.

Ингээд 2013 оны тавдугаар сард шахаанд орсон, буруутан, муу муухайн жишээ болж хувирсан Г.Дэнзэн ажлаа өгөв. Үүнээс зургаан сарын дараа шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, өнөөх хүмүүсийн зорилго биелсэн. Ингээд нэг хэсэг Г.Дэнзэнг мартчихсан юм.

ТАВАН ТОЛГОЙГ ТОЙРСОН ТҮМЭН ЗӨРЧИЛ

2015 он гарлаа. Хоёрдугаар сард нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг өнөөх “гайтай” Г.Дэнзэнтэй холбогдуулан баривчлах нь тэр. Шүүхийн шийдвэрийг үндэслээд "Говь Повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосноороо Я.Батсуурь буруудсан юм.

Энэ зуур Г.Дэнзэн оргон зугтсан тухай мэдээлэл ч түгсэн. Үүний хариуг тэрбээр ХБНГУ-аас захидал илгээж, тэнд сургалтад сууж байгаа, оргон зугтаагүй, буруугүй гэдгээ бичжээ. Дөрөвдүгээр сарын 4-нд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-ээр мэдэгдэл хийж, “Таван Толгой төсөл урагшиллаа, маргааш гэрээнд гарын үсэг зурна” хэмээн зарлав.

Гэтэл ердөө л маргааш нь УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд “Тэгдэггүй юм. Таван Толгойн асуудлыг Засгийн газар биш, УИХ шийднэ” гэж хэлснээр энэ асуудлыг тойрсон талцал ил гарсан юмдаг. Ашигтай ажиллаж эхэлсэн уг ордыг төрийн хараанаас салгаж, хувьдаа авах гэсэн хэсэг улстөрч “муу л бол захын хар овоохой” гэдэг шиг мань Г.Дэнзэнг ашиглаж эхэлсэн байж мэдэх нь. Энэ тухай ч тэр ярилцлагадаа нуулгүй хэлсэн байна лээ.

"Гол дүр” энэ сард эх орондоо ирсэн. Тэр болтол АТГ-аас дуудаагүй, мэдүүлэг авна гээгүй юм билээ. Үүнийгээ ч АТГ-ынхан үгүйсгэхгүй байна.

Гэхдээ он гарснаас эхлээд 2014250007486 тоот хавтаст хэрэг нээчихсэн, материал цуглуулж, нягталж байжээ. Тэгээд л сая нэг “хувьсгалын тохироо” бүрдсэн юмдаг уу даа.

АН “МАНГАА” ЮУ

Энэ нам эрх барьсан үед гишүүд нь дээлээ нөмөрдөг жишиг бүр тогтлоо. Намынхаа генсек байсан Л.Гансүхийг аудитын байцаагчийн үгээр барьж хорьсон. Араас нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь явсан.

Одоо “хүргэн хүү” Г.Дэнзэн. Ер нь л томоохон албан тушаал хашихгүй байвал аминд нь өлзийтэй гэдгийг энэ намын гишүүд одоо ойлгож буй байх. Барина, хорино, нэгжинэ. АН-ынхан үнэндээ айдастай байна. АТГ гэдэг хадны мангаа хазгай гишгэхийг андахгүй “агнаж” буй учраас тэр.

Энэ нам эрх барьсан үед гишүүд нь дээлээ нөмөрдөг жишиг бүр тогтлоо.

АН үнэхээр гишүүддээ халтай, “мангаа” юу. Эсвэл нам дотор нь тийм олон авлигачтай, тэднийгээ илрүүлж хариуцлага тооцоод буй шударга нам уу. Үгүй бол улс төрийн өөр нэг хүчин энэ нам дотор “бөмбөг дэлбэлээд” байна уу.

Сүүлийн “золиос” болоод буй Г.Дэнзэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэндээ би “ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын бий болгосон зохиомол дүр. 

Энэ дүрийг шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгайдаа дахин ашиглах гэж оролдож байна” хэмээн ярьсан нь нэгийг бодуулна. АН өнөөдөр үнэхээр муухай харагдаж байна. “Дахин энэ намд эрх бариулахгүй юм шүү” гэж сонгогчид харамсаж сууна. 

Тэгвэл АН-ын нийт гишүүн ийм зүйл болгохыг хүсэхгүй л байх. АН-ыг булшлахыг өрсөлдөгчид нь л хүснэ. Шинэчлэлийн Засгийн газрыг үнэндээ МАН биш, АН-ын хэсэг гишүүн л огцруулсан шүү дээ. Тэгэхээр МАН-аас шидсэн өгөөшийг хувийн, фракцын эрх ашгийнхаа төлөө үмхдэг, нэлээд эрх мэдэлтэй хэсэг энэ намд байна. Тэр “түгжил”-үүдийг хатгаад л их улс төр өрнүүлээд байгаа юм биш үү.

Түүндээ АТГ-ыг зэвсэг болгон ашиглаад буйг УИХ-ын гишүүд ч дуугараад байна. Өнөөдөр хожиж буй мэт харагдах АН дахь тэр нэг хэсэг өрсөлдөгчийнхөө “утсан хүүхэлдэй” болчихжээ. Нам нь унахад тэд ч унана. Үнэн хэрэгтээ золиос нь Л.Гансүх, Я.Батсуурь, Г.Дэнзэн биш, тэд өөрсдөө юм биш үү.

Зураг