Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

open.parliament.mn
2015 оны 5 сарын 26
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гурван хэлэлцээрийн төсөл, Буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцлээ.

“Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийн талаар хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хийв.

Тэрбээр, зээлийн хөрөнгөөр сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар боловсролын чанарыг сайжруулна гэв.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 30.0 сая ам доллар бөгөөд багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая ам.доллар, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээнд 14.9 сая ам долларыг тусгаад байгаа аж. Мөн “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сургууль бүрт 3000 ам долларын санхүүжилтийг тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд олгохоор тусгажээ. Харин үлдсэн 5.7 сая ам долларыг системийн удирдлага, мониторинг, үнэлгээ хийх, яамны санхүүгийн менежмент болон дотоод аудит ба худалдан авалтын чиглэлээр чадавхи бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус тус төлөвлөсөн байна.

Зээлийн хэлэлцээрийн талаар Ч.Хүрэлбаатар гишүүн, Засгийн газрын өрийн хэмжээнд уг зээл нөлөөлөх эсэх, гадны санхүүжилтээр сурагчдын эх хэлээрээ уншиж, бичих чадварыг дээшлүүлэхээр төсөл оруулж ирж байгааг эсэргүүцээд яамны үндсэн ажил атал гаднаас зээл авч ажлаа хийхээр оруулж ирж байгааг дэмжихгүй хэмээв.  

Түүний асуултад салбарын сайд, эх хэлний чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд унших бичих, бодох зэрэг хүүхдийг хөгжүүлэх бүх үйл ажиллагааг багц болгон оруулсан бөгөөд аль нэгийг нь орхигдуулж төлөвлөх боломжгүй тухай хэлээд зээл нь бүхэлдээ хүүхдийг хөгжүүлэхэд зориулагдана гэв. 

Гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа зээлийн хэлэлцээр байгуулахыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 10 гишүүний санал 5:5 тэнцэж хуралдааны дэгийн дагуу асуудлыг дэмжигдээгүйд тооцож санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.