Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос улсын иргэн өөрийгөө барьцаалагдсан гэв

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Газрын хэвлий” ХХК-д хөрөнгө оруулахаар ирсэн гадны иргэнийг барьцаалж, амь насыг нь хөнөөнө хэмээн сүрдүүлсэн талаар БНСУ-ын иргэн Ким Чол Хун мэдээлэл хийлээ.

Тэрбээр БНСУ-аас “Газрын хэвлий” ХХК-ийг удирдахаар томилогдон ирсэн гүйцэтгэх захирал хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Тус компанийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө нэрлээд байгаа Т.Таня болон Сун Бү Сү нар 6.8 кг алтыг Монголбанканд тушаалгүйгээр борлуулж хувьдаа завшиж, Ким Чол Хуныг барьцаалан, компанийн бичиг баримт өгөхийг шаардаж, өгөхгүй бол ална хэмээн сүрдүүлсэн гэв. Тиймээс Ким Чол Хун хуулийн байгууллагад хандаж, хэргийг шалгуулж байгаа аж. 

Т.Таня: “Газрын хэвлий” ХХК-ийг би өөрөө байгуулж, гадны хөрөнгө оруулалт татсан

 

Хэвлэлийн хурал хийж байх үед Ким Чол Хуныг барьцаалсан гэх Т.Таня ирсэн юм.

Тэрбээр “Би “Газрын хэвлий” ХХК-ийг өөрөө үүсгэн байгуулж, гадны хөрөнгө оруулалт татаж 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс буюу хувьцааны 70 хувийг эзэмшигчид намайг Монгол дахь гүйцэтгэх захирлаар томилсон.

Ким Чол Хун 2013 онд манай компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшинэ хэмээн ирж танилцсан. Тэр 3.4 хувийг эзэмшдэг, саналын болон удирдах эрхгүй хувьцаа эзэмшигч. Гэтэл тэр 2014 оны арванхоёрдугаар сарын 24-нд компанийн бичиг баримт, гэрчилгээг гээгдүүлсэн гэж худал хэлж дахиж гаргуулж авахдаа өөрийн нэр дээр авсан.

Түүнээс хойш компани минийх, бичиг баримтаа надад өг гэж сүрдүүлэх болсон. Энэ хүний бичиг баримт бүгд хуурамч. Манай компанийн ТУЗ-өөс намайг гүйцэтгэх захирлаар томилсон бүх бичиг баримт бий” гэсэн юм. 

Ямартай ч хоёр тал бие биеэ шүүхэд өгсөн бөгөөд одоогоор хэргийг шалгаж байгаа юм байна.