Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Вин Дизель: Полыг амьд мэтээр жүжиглэх хүнд байсан

Х.Сайхан
2015 оны 5 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

"Галзуу хурд”-ын “чанга залуу”-гийн хувьд өнгөрсөн хоёр жил тун хүнд болж өнгөрснийг бид мэднэ. Долдугаар ангийн зураг авалтын дундуур гол хүмүүсийн нэг Пол Уолкер амиа алдсан билээ. Тэрбээр уг цувралд 2001 оноос тоглож эхэлсэн, Виний дотны анд нь байсан юм. Дэлгэц дээр дандаа “хатуу самар”-ын дүр бүтээдэг түүний “баг'’-ны цаана ямар хүн байдаг, "Галзуу хурд”-ын сүүлчийн ангийн цаана ямар шийдлүүд байсан зэргийг энэ ярилцлагаас мэдэх боломжтой юм.

-Вин, та өнгөрсөн гуравдугаар сард төрсөн Полина охиныхоо нэрийг Пол Уолкерыг дурсаж өгсөн үү?

-Тийм ээ. Охиноо төрөхөд найз, бас дүүгээ дурсаж ямар нэг юм хүнийх ёстой гэж бодсон. Бид “Галзуу хурд”-ын анхны ангид тоглохоосоо эхлээд л бие, биенээ ах, дүү гэж дууддаг болсон юм шүү дээ. 

Охиноо түүний нэрээр нэрлэх болсон нь бас учиртай. Эхнэр маань /Мексикийн загвар өмсөгч Палома Хименес Вин Дизелийн албан ёсны эхнэр биш боловч хосууд хамтдаа есөн жил амьдарч, гурван хүүхэдтэй болсон/ 2008 онд анхны хүүхдийг маань төрүүлэх үеэр “Галзуу хурд”-ын зураг авалтын үе таарсан юм.

 

 

Тэр үед би их нервтэж байлаа. Пол үүнийг маань анзаарч, надтай уулзаад “Чи нэг л өөр байна, юу болсон юм бэ” гэж асууж билээ. Би түүнд анхны хүүхэд маань төрөх гэж байгаа тухайгаа хэлж, төрөлт хэрхэн явагддаг талаар асуухад Пол “Та бүх ажлаа орхиод одоохон эхнэртээ оч. Төрөх үед хажууд нь бай. Тэгээд анхныхаа хүүхдийг хэрхэн мэндлэхийг хар” гэж зөвлөсөн юм.

Би түүний үгэнд орсон. Яг л дүүгийнхээ үгийг хүлээж авч байгаа юм шиг. Тэгээд ажлаа орхиод эхнэр дээрээ очиж, охиноо хэрхэн энэ хорвоод мэндлэхийг нь харж байлаа. Охин маань амьсгалын замын асуудалтай байсан, энэ талаар цааш нь дэлгэрүүлж яриад ч яах вэ. Гэхдээ би хэрвээ тэнд очоогүй бол, тэр гайхалтай мөчүүдийг алдсан бол өөрийгөө хэзээ ч өршөөхгүй байсан гэж одоо бодогддог юм.

Дэндүү ухаалаг тэр зөвлөгөөг өгсөнд нь би Полд үргэлж талархдаг. Тэр үнэхээр миний амьдралын хамгийн мартагдашгүй, дурсамжтай хормуудыг надад өгөөд зогсохгүй, ажил амьдралаа хэрхэн салгаж зааглах, юу чухал, юу чухал биш вэ гэдгийг ялгаж салгах ухааныг давхар мэдрүүлсэн юм. “Галзуу хурд” бол би, бас Пол.

Тэр манай гэр бүлийн түүхтэй ч салшгүй холбоотой. Нас барсан тухайг нь сонсоод би шууд л Лос Анжелес нисч, ээжид нь очлоо. Гэвч орж чадалгүй үүдний хонгилд уйлчихсан. Уйлаад зогсч байхыг минь ээж нь харчихаад намайг ирж аргаддаг юм. “Би уг нь таныг тайтгаруулах ёстой, та чинь түүний ээж нь шүү дээ” гэхэд тэр “Харин чи түүний хоёр дахь тал нь байсан” гэж хэлсэн шүү.

-Та энэ эмгэнэлт явдлаас болж, сурталчилгааны компаниасаа хүртэл татгалзсан гэж сонссон?

-Би хүн харахад хатуу чанга эр мэт харагддаг боловч найзыгаа амьдаараа шатсан тэр аймшигт явдлаас хойш хоёр сарын турш гэрээсээ ч гараагүй. Гэвч "Галзуу хурд”-ын долдугаар ангийн ажил хүлээгдэж байлаа. Азаар Пол ихэнх зургаа авахуулсан ч хараахан гүйцэд болж чадаагүй байсан юм. Тиймээс цаашдаа ямар байдлаар зохицуулах вэ гээд асуудал их байсан. Энэ тал дээр хүмүүсийн санаа бодол маш зөрүүтэй байв.

Продюссеруудын нэг болохын хувьд надад ч өөрийн гэсэн бодол байлаа. Эхэндээ бол гуниг, шаналлаас өөр юу ч байгаагүй л дээ. Бүхнийг орхиж, байх ёстой зүйлийг байранд нь үлдээгээд төслийг хаая гэж ч бодож үзсэн.

Гэвч дараа нь бүхнийг гартаа авах ёстой гэж шийдсэн. Полын гэр бүлийнхэн, найзууд, тэр дундаа студийн хамт олонд онцгойлон талархал илэрхийлэхийг хүсч байна. Хүмүүс бүгд түүнийг хүндэлдэг байсан учраас онцгой хүнд бэрхшээл гараагүй. Зураг авалт дөрвөн cap орчим л тасалдсан.

Маш олон сая үзэгчид хүсэн хүлээж байсан учраас энэ бол маш чухал, том төсөл байсан гэдгийг хэлье. Багийнхан бүгд шоокноосоо гарч, “өөрийгөө олоход” хугацаа хэрэгтэй учир дэлгэцэнд гарах хугацаа хойшилсон. Эхэндээ татгалзах ёстой гэж байсан ч дараа нь үргэлжлүүлэхээр шийдэж, Полын ах, дүү нар болох Калеб, Коди нарыг урьсан нь чухал шийдвэр болсон. Тэд хоорондоо их адилхан л даа.

Гэлээ ч гэсэн зураачдад нэг бус планыг дахин зурах шаардлага гарсан. Хамгийн хэцүү нь Полын зураг авахуулж амжаагүй хэсгийн дүрийг сэргээх явдал байв. Хар ухаанаар хэлэхэд, өөр хүний бие дээр Полын толгойг залгаж эвлүүлэх шаардлага гарсан. Энэ мэдээж, маш хэцүү, гэхдээ бидэнд Питер Жексоны студи тусалсан. Энэ төрөлд өөр бусад “ас”-уудыг олно гэдэг маш хэцүү...

Хамгийн хэцүү нь Полыг амьд мэтээр харилцан ярьж зураг авахуулах байсан. Удаан хугацаагаар завсарлага авсны дараах анхны зураг авалтаа санаж байна. Полын гэр бүлийнхнийг урьж, тэдэнтэйгээр зураг авалтыг дуусгахаар шийдсэний дараа л даа. Би Жейсон Стэтхэмийн жолоодсон машиныг гүйцэж түрүүлэх ёстой байлаа.

Аз жаргал гэдэг чинь эхнэртэйгээ хамт, хүүхдүүдтэйгээ тоглоод байж байхыг л хэлдэг юм байна.

Яг гүйцээд ирэх үед өөрийн эрхгүй нүдний нулимс бүрхээд юм харагдахаа больсон. Олон ч удаа давтсан даа. Завсарлага авч, тайвшраад гардаг ч яг тэр мөчид л уйлчих гээд хэцүү байсан. Энэ жил миний амьдралын хамгийн их уйлсан жил байлаа.

-Полын үхэл таныг өөрчилжээ...

-Анх удаа амьдралыг дүгнэж цэгнэлээ. Аз жаргал гэдэг чинь эхнэртэйгээ хамт, хүүхдүүдтэйгээ тоглоод байж байхыг л хэлдэг юм байна.

-Та одоо болтол аюултай, хүнд зураг авалтуудыг өөрөө хийдэг хэвээрээ юу?

-Өмнө нь үргэлж өөрөө хийдэг байлаа. Одоо харин багассан. Хэрвээ чи эцэг болсон бол амь насаа эрсдэлд оруулах нь тэнэг хэрэг.

-Гэсэн ч сүүлийн ангийн зургийг авч байхдаа үхэх дөхсөн гэж үнэн үү?

-Маш эрсдэлтэй зураг авалтад орж байсан юм. Найзуудаа аврахын тулд бараг л амиа золиослогч шиг үйлдэл хийх ёстой байсан юм. Харин намайг Брайн О Коннер буюу Пол Уолкер аврах ёстой байв.

Зураг авалтын өмнө би Полтой уулзаад “Хэрвээ надад ямар нэг юм тохиолдвол намайг ямар найз, бас ах байсныг бүгдэд хэлээрэй” гэж захисан. Бид бие, биедээ амлалт өгч, салах ёс хийгээд зураг авалтдаа орж байлаа. Амралт авч, гэр гэртээ харихын өмнөх сүүлчийн зургуудын нэг байсан юм. Тэр зураг авалт, бидний хооронд болсон яриаг би одоо ч санадаг. Тэр үед л бид салах ёс гүйцэтгэж байж дээ...

Зураг