УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг "Морин цаг"-тай болж байна.
"Морин цаг"-ийн анхны мэдээллийг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буй мэдээллээр эхлүүллээ.
Мэдээллийн цагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцов. Ирэх жилийн есдүгээр сарын 17-нд тохиох маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачилсан энэхүү тогтоолын төсөлд гурван асуудлыг тусгасан байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар бүрэн цагаатгах, хоёрдугаарт, 1946-1988 он хүртэл хугацаанд түүний ажиллаж амьдарч байсан түүхт байрыг "Ю.Цэдэнбалын гэр музей" болгож зохион байгуулах, гуравдугаарт, түүний 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулан, холбогдох төсөв хөтөлбөрийг гаргаж ажиллах саналыг оруулсан гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, түүхэн үнэнийг ард түмэн, залуу хойд хүргэж өвлүүлэх чиглэлээр нийслэл, аймаг, сум, орон нутгийн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны байгууллагуудад санал хүсэлтээ уламжилсаар иржээ.