Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлд тавигдах төмөр зам ба ХОЙД ХӨРШИЙН АШИГ СОНИРХОЛ

Д.Оюун-Эрдэнэ
2015 оны 5 сарын 22
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх сайхан мэдээтэй зэрэгцээд Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нааштай шийдэгдэх хүлээлт үүсээд байна.

УИХ-ын ажлын хэсгийнхэн, зүүн чиглэлийн төмөр зам буюу Таван Толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан- Эрээнцав чиглэлийн суурь бүтцийг Таван Толгой-Гашуун сухайтын чиглэлийнхтэй хамтад нь шийдэх, энэ хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцөлөөр санхүүжилтийн хэлбэрийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэргээр хөрөнгө оруулагч консорциумтай тохирох үүргийг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ.

Одоогоор эцэслээгүй ч, ажлын хэсгийнхний санал дүгнэлтийг хүлээж байсан УИХ болон ард түмний хувьд энэ мэдээлэл найдвар төрүүлээд байна. Таван жил гацсан Таван Толгойн ордыг ашиглах шийдвэр гарсан тохиолдолд нэгэнт цариг нь батлагдсан төмөр замын асуудалд дахин гацаа үүсэх шалтгаан байхгүй болно.

Харин үүнтэй оны гуравдугаар сарын 23-ны өдөр Засгийн газар Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын гэрээг байгуулах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн, Аж үйлдвэрийн яам болон Хөрөнгө оруулалтын газар зэрэг яам, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Aspire Mining’’-ийн охин компани болох “Northern Railway”-Tafi концессийн гэрээний хэлэлцээг эхлүүлжээ.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Бүрэнтогтох, Төмөрбулаг зэрэг суманд Овоот, Нурамт, Жилчиг булагийн нүүрсний ордыг эзэмшдэг Австралийн “Aspire mining” компанид дээрх ордуудыг дайруулан төмөр зам тавих зөвшөөрлийг олгох гэж байна.

Эдийн засгийн хүндрэлийг давах, хөрөнгө оруулалтыг дэмжих гэсэн халхавчин дор мөнгө амласан болгонд нааштай хандаж буй энэ үед Засгийн газар ийм шийдвэр гаргаснаар УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт огт тусгагдаагүй төмөр зам тавихыг зөвшөөрсөн нь хэний ашиг сонирхол байв?

Засгийн газраас гаргасан албан ёсны мэдээлэлд, УИХ-ын 2015 оны Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоолын хавсралтад “Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төсөл багтсан.

Энэ төсөл хэрэгжсэнээр Овоотын нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 1.3 тэрбум ам.доллар” хэмээн тайлбарлажээ.

1.3 тэрбум ам.доллар бол өнөөгийн манай эдийн засагт маш их мөнгө. Гэхдээ энэ бол шууд хөрөнгө оруулалт биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Өмнөд бүс дэх нүүрсний ордуудаа эргэлтэд оруулж, үүцийг нь задалсан ч үр шимийг нь бид хүртэж чадаагүй байгаа. 

Өмнөд бүс дэх нүүрсний ордуудаа эргэлтэд оруулж, үүцийг нь задалсан ч үр шимийг нь бид хүртэж чадаагүй байгаа. Ийм үед хоймор нутагтаа бас дахин нүүрсний “хар нүх” үүсгэхийг Засгийн газар ийнхүү шууд дэмжсэн нь олон нийтийн анхаарал хандуулах сэдвийн нэг болоод байна.

Төмөр замын цариг, чиглэлийн асуудлаар монголчууд бид бүхэл бүтэн таван жил улстөрчөөсөө эхлээд тэтгэврийн хөгшид хүртлээ маргалдаж мэтгэлцэж, талцаж тэмцэлдсэн. Үүний дүнд Монголын хүн бүр шахам төмөр замчин, геополитикч болсон. Гэтэл энэ маргаан мэтгэлцээнээс холуур, олны анхаарлаас далд хоймор нутагтаа “уурхай”-д зориулсан төмөр зам тавих гэж байгааг бидний хэн нь ч үл мэдэв. 2011 оны үеэс анх энэ тухай ярьсан.

Гэвч УИХ-аас баталсан төмөр замын бодлогод нийцээгүй, тусгагдаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдсоор ирсэн юм. Учир нь Эрдэнэт-Овоотын чиглэлд “мухар” төмөр зам тавих нь орон нутгийнхны болон Монголын эрх ашигт шаардлагагүй гэж тухайн үеийн улстөрчид үзэж байсан юм.

Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүнийг үл тоон өмнөх Засгийн газрынхаа тогтоолыг өөрчлөн "Aspire mining" компанитай шууд концессийн гэрээ байгуулахаар болсон нь хууль зөрчсөн гэсэн хардлага төрүүлж эхэллээ.

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-ын 53 дугаар зүйлд “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийг “Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх замаар хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий.

Гэтэл үүнийг “шууд гэрээ байгуулах” хэмээн өөрчлөн “Aspire mining” компанитай хийх гэж байна. Чоно борооноор сандран гадаадын нэг компанид давуу эрх олгох нь эдийн засгийн хүндрэлээс илүүтэй хэн нэг, хэсэг бүлэг улстөрчдийн лообий байсан бололтой.

Удаан маргалдсан төмөр замын асуудлаас монголчууд ганцхан зүйлийг маш сайн ойлгосон.Тэр нь төмөр замын суурь бүтэц төрийн мэдэлд байх ёстой, төмөр замыг хувийн компани, тэр тусмаа гадаадын компаниар гүйцэтгүүлэх нь үндэсний аюулгүй байдалд нийцэхгүй гэдгийг. Яг ийм шалтгаанаар Таван Толгой-Гашуунсухайтын төмөр замыг концессийн гэрээгээр тавих гэж байхад нь болиулж, цуцалж байсан.

Гэтэл одоо энэ “том" аюулгүй байдал нь хойморт маань заларсан Австралийн “Aspire mining” компанид яагаад хамаагүй болчихов? “Таван Толгой” ард түмний өмчлөлтэй болохоор гацаадаг, “Aspire mining" Австралийнх болохоор “ногоон гэрлээр” урагшлуулдаг нь хэний эрх ашигт нийцэж байгаа юм бол.

УИХ-аас баталсан Монгол Улсын стратегийн 15 үндсэн ордын жагсаалт гэж бий.

УИХ-аас баталсан Монгол Улсын стратегийн 15 үндсэн ордын жагсаалт гэж бий. Энэ жагсаалтад Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний орд багтдаг. Гэтэл энэ ордыг маань хууль бусаар хэсэгчлэн хуваан авч “Овоот” хэмээн нэрлэн “Aspire mining” -ийн Монгол талын хамтрагч “Хургатай хайрхан” гэх компани эзэмшдэг.

Стратегийн ордыг хэсэгчилэн хувааж, нэрийг нь өөрчилсөн Австралийн компанид зарсныг “хулгай” хэмээн нэрлэж ирсэн. Гэтэл энэ “хулгай”-г манай холбогдох байгууллагууд хянаж шалгаж шийдвэрлэлгүй өнөөг хүрлээ. Нэр бүхий улстөрч, нөлөө бүхий эрх мэдэлтнүүд үүнд оролцсон гэсэн яриа ч бий. Хачирхалтай нь энэ маргаан шийдэгдэлгүй мартагдсан. Хэн, хаана нуун дарсныг нь ч мэдэх хүн алга.
Тиймээс “Aspire mining” компанитай холбоотой эргэлзээтэй олон асуудлыг мэдсэн ч үл мэддэг, болохгүй байсан ч болгодог маш том “лообий” манай УИХ, Засгийн газарт байдгийг учир мэдэх хүмүүс үгүйсгэхгүй байна.

Өмнөх Засгийн газруудын үед энэ төмөр замыг Эрдэнэт-Овоот-Арц суурь чиглэлд буюу Оросын хил хүртэл тавих мэдээлэл гарч байсан. Гэтэл одоо зөвхөн Эрдэнэт Овоот буюу Эрдэнэтийн төмөр замыг Овоотын нүүрсний уурхай хүртэл үргэлжлүүлэх нь. Өөрөөр хэлбэл, 547 км мухар төмөр зам тавина гэсэн үг. Хөвсгөл аймгийн төв Мөрөнг ч дайрахгүй нь бололтой. Компанийн албан ёсны сайтад мэдээлснээр энэ төмөр замыг иргэний зориулалтаар ашиглах боломжтой гэсэн. 

Гэтэл жилд 22.2 сая тонн ачаа тээвэрлэх чадалтай энэ төмөр замаар жилд 12-20 сая тонн нүүрс зөөхөөр төлөвлөжээ. Үүгээр Эрдэнэт-Овоотын төмөр зам бол “нүүрсний зам” болно гэдгийг баталсныг урдахгүй өнгөрч болохгүй.

Төмөр замын царигийн маргаан ид өрнөж, Таван Толгой дээр хоёр хөршийн сонирхол ид өрсөлдөж байх үед “Оросын төмөр зам” нийгэмлэгийн дарга В.Якунин Арц суурь- Мөрөн-Эрдэнэт чиглэлийн хөндлөн төмөр замын шинэ чиглэл нээхийг манай төр, засагт ил шударгаар тулгаж байсан.

Учир нь энэ чиглэлд төмөр зам тавьсан тохиолдолд Кызылийн нүүрсийг тээвэрлэн, Хятадын зах зээлд хүргэх нь Оросын сонирхол байсан. Тиймдээ ч маш өндөр ач холбогдол өгч, төрийн тэргүүн нарын түвшинд хүртэл яригдаж байсан юм билээ. Гэвч Монголын тал хоёр хөршийнхөө ашиг сонирхлын аль алийг нь тэнцүүлэх, чаддаггүй юм аа гэхэд хэн хэнд нь тал алдахгүйн тулд янз бүрийн аргаар л “хар хайрцаг”-ны бодлогоо хамгаалж ирсэн.

Харин эцэст нь урагшаа нарийн буюу Хятадын, хойшоо өргөн буюу Оросын сонирхлыг илэрхийлсэн цариг бүхий төмөр зам тавих шийдэлд хүрсэн. Ингэснээр оросуудын Монгол дахь төмөр замын сонирхлоо Австралийн “Aspire mining” компаниар ийнхүү дамжуулан хэрэгжүүлэх эхлэлээ тавиад байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баруун өмнөд бүс дэх нүүрсээ Хятадын зах зээлд хүргэхийн тулд гуравдагч улсын нутгаар дамжин өнгөрүүлэхгүйг эрхэмлэж ирсэн. Тийм ч учраас Саяны нуруу, өндөр уулсыг сэтлэн төмөр зам барихаар төлөвлөж байсан. Гэвч энэ нь газар зүйн хүнд нөхцөлтэй тул жилд 15-20 сая тонноос илүү ачаа тээвэрлэх боломжгүй. Ингээд Кызыл-Өрөмч гэсэн шинэ маршрут гаргаж, манай Увс аймгийн Цагаантолгой боомт буюу Арц сууриас Улаангом, Өлгийгөөр дайруулан Өрөмч хүргэх хувилбарыг гаргасан.

Одоо энэ нь “Aspire mining’’-ийн тавих төмөр замаар хэрэгжих бололтой. Гэхдээ нэг ойлгомжгүй зүйл байгаа нь Овоотоос Арц суурь хүртэлх 200 гаруй км төмөр замыг одоогоор хэн барих нь Засгийн газрын шийдвэрт тусгагдсангүй орхигджээ.

Тэгэхээр Орос-Хятад руу аль алинд нь нүүрсээ экспортлох сонирхолтойгоо илэрхийлж байсан “Aspire mining” төмөр замаа ийнхүү мухарласан нь оросуудтай холбоотой гэсэн мэдээлэл байна. Учир нь УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг “Оросын зам” нь Эрдэнэт-Овоот-Арц суурь  хүртэлх шинэ чиглэлд хувийн эзэмшлээ тогтоох сонирхолтой тул Овоот-Арц суурь хүртэлх чиглэлийн асуудал дараагийн ээлжинд яригдах бололтой.

Зураг