Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Соёлмаа: Бид философийг судалснаар өөрийгөө болон бусдыг эргэцүүлж, ухаарч ойлгох талд илүү боловсорно

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Философийн нийгмийн үүрэг юунд орших вэ. Философи юу судалдаг, философич гэж хэн бэ? зэрэг асуудлаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Соёлмаатай ярилцав.

-Хүмүүс философичдыг бодитой зүйл бүтээдэггүй бясалгагч гэсэн байр сууринаас хандах явдал бий. Философийн нийгмийн үүрэг юунд оршдог вэ? 

-Философичдыг байгаль, техникийн шинжлэх ухааны судлаачидтай харьцуулаад үзэхээр жишээлбэл, химич байхгүй бол бид бензин ашиглаж орон зай, цаг хугацааг товчлох машин техник ашиглаж чадахгүй, физикчид байхгүй бол хөдөлгөөний энгийн хуулийг мэдэхгүйн улмаас нисэж чадахгүй, ер нь орчин үеийн амьдралын хэв маяг ийм төрхтэй байхгүй нь ойлгомжтой.

Харин философичид үгүй байсан бол бид юуг алдах байсан юм бэ? Философичид байснаар бид юуг олж авсан бэ? Ерөөсөө тэд амьдралын утга учрын талаар эргэцүүлээд шийдлийг нь олохгүй, хий дэмий цэцэрхэгчид юм биш үү? гэсэн асуултаас философиос ямар ч ашигтай зүйл хүлээх хэрэггүй гэсэн үзэл бодолтой хүн ч байдаг.

Математикч хүнээс математик гэж юу вэ? Физикч хүнээс физик гэж юу вэ? гэвэл боловсролгүй хүний асуулт гэх байх. Харин философич хүнээс философи гэж юу вэ? гэж асуух нь элбэг тохиолддог. Математик тооны хуулийг, физик хөдөлгөөний хуулийг судалдаг ухаан, харин философи нь хүний оюун бодол, ойлголтыг судалдаг ухаан. Бид философийг судалснаар өөрийгөө болон бусдыг эргэцүүлж, ухаарч ойлгох талд илүү боловсорно

Дээрх асуултад сциентист-материалист хүн бол философи байхгүй гээд нийгэм юугаар ч дутахгүй, бидэнд инженер, эдийн засагч, хуульч, эмч, цагдаа, үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгч, менежерүүд байхад хангалттай гэж хариулах байх. Өлсөж даарахгүй эрүүл амьдрахад эдгээр мэргэжлийнхэн зайлшгүй хэрэгтэй. Харин философич хүнийг мэргэжлийн хувьд “багш” гэж үзэхэд болно. Энэ багш юу хийдэг вэ? Хүнийг хүн болгож төлөвшүүлдэг, хүмүүжүүлдэг философийн салбар ухааныг заадаг.

Одоо манай дунд сургуулийн сурагчдад бага ангиас нь ёс зүйн хичээл зааж байгаа нь сайн хэрэг, гэхдээ цаашид боловсронгуй болгох шаардлага бий. Мэдээж математик, физик, хими, газар зүй, биологи зэрэг бодит материаллаг ертөнцийг судалдаг шинжлэх ухааны мэдлэг чухал. 

-Хүнийг философийн гол судлагдахуун гэдэг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?   

-Хүн бол физиологийн биеэс бүтдэг. Хүний физиологийн биеийг нь анагаах ухаан, анатоми, хими, сэтгэл, зан чанарыг сэтгэл судлал, ой санамжийг нь археологи, антропологи, түүх гээд олон талаас нь судалдаг.

Хүний дээд мэдрэлийн үйл ажиллагааг тархи судлалын салбар, сэтгэх хуулийг философийн салбар логик судалдаг. Хүн зөвхөн өнгөрсөнд физиологийн биедээ амьдардаггүй, итгэл үнэмшил, найдвар найдлага, зорилго чиглэл, хүсэл мөрөөдөлтэй. Энэ бүхний ургуулан бодох талыг нь яруу найрагч, зохиолч, зураач, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч зэрэг урлагийн зүтгэлтнүүд нөхдөг гэж болно.  

Философи бол хүн, байгалийг, ер нь юмсыг объект байдлаар судалдаггүй. Философи бусад шинжлэх ухаан шиг объектив судлагдахуунгүй гэсэн үг. Тэгвэл философи чинь судлагдахуунгүй юм бол утгагүй гэх нь ердийн ухамсрын нэг алдаа. Философийг танин мэднэ гэдэг нь бид өөрийгөө авч үзнэ гэсэн үг.

Бидний оршихуйд шууд хамааралтай зүйлийг ярьж, биднийг өөрийгөө олоход, өөрийгөө нээхэд тусалж байдагт философийн чухал чанар оршдог. 

-Өөрийгөө олох гэдгийг тодруулна уу?  

-Оросын философич, орчуулагч В.В.Бибихин «Философийн хэл» хэмээх бүтээлдээ “Хэрэв философи нь бидний юу мэдэж байгаа, юу мэдэрч байгааг өгүүлж, бидэнд өөрийг маань нээж байгаа бол юуны өмнө түүний гол сэдвийг сайн сонсох хэрэгтэй. Философийн хэл бол судлагдахуун, судалгааны сэдэв бус, энэ бол бид гадаад чимээ шуугианаас тусгаарлагдсан төрөлх хэлээ юунаас сонсохыг хүсэж байгааг хэлнэ” гэсэн байдаг.

Гадаад чимээ шуугианаас тусгаарлагдсан төрөлх хэл гэдэг нь хүний төрөлх эргэцүүлэх мөн чанар юм. Хүн үхнэ гэдгээ мэддэг амьтан шүү дээ. Зарим философич хүнийг байгалийн алдаа гэж нэрлэдэг.

Энэ утгаараа хүний төрөлх мөн чанар бол өөрийн амьдралын утга учрыг өөрөөсөө асуух чадвар. Хүн бол өөрийнхөө оршихуйн тухай асууж, эргэцүүлэх чадвар. Энэ бол хүний эрх чөлөө. Тиймээс философийн хамгийн чухал салбар ухаан бол онтологи буюу оршин ахуйн философи.

Хүний төрөлх мөн чанар бол өөрийн амьдралын утга учрыг өөрөөсөө асуух чадвар

Дараа нь үнэн гэж юу вэ? Бид үнэнийг танин мэдэх боломжтой юу? зэргийг авч үздэг танин мэдэхүйн философи, түүнчлэн сайн муу, сайхан муухайн тухай үнэлэмжийн асуудал байна.

Энэ гурван асуудлын хүрээнд хүн өөртөө ямар нэг байдлаар шийдлийг олох тусам хүнийхээ хувьд төлөвшинө. Ерөөс философи бол ой санамж, оюун ухаан, ургуулан бодохуй гурвын үр дүнд бий болсон ойлгохуйн үйл явц гэж хэлж болох юм.  

-Их, дээд сургуульд үздэг философийн хичээлийн онцлог юу вэ? 

-Философийн хэл бол математикийн хэл шиг суралцах шаардлагатай хэл. Философи нь өөрийн гэсэн категорийн аппараттай, түүгээрээ сэтгэж байдаг ихээхэн нарийн мэргэшил шаардсан, өнгөрснийг эргэцүүлж бясалгадаг, одоог шинжилдэг, ирээдүйг төсөөлдөг ухаан.

Философич мэргэжилтэй хүмүүс бол гэрэлт дэнлүү бариад хүн төрөлхтний философи сэтгэлгээний түүх рүү өнгийн сургамжилж, сургаж, бас цугтаа эргэцүүлж, бодож, сэтгэж буй сэтгэлгээний сурган хүмүүжүүлэгч. Ингэхээр оюутнууд философийн хэл бүхий сургалтын орчинд философийн багштайгаа хамтарч эргэцүүлж хэлэлцэх шаардлагатай байдаг.

Гэхдээ философийг бие даан судалж болохгүй гэсэн үг биш. Ялангуяа залуу оюун ухаанд философич багш нар нэн шаардлагатай байдаг.

Залуу хүмүүс гадаад хүсэл тэмүүлэл их байдаг учир дотоод хүн рүүгээ чиглэж анхаарал төвлөрүүлэхгүй байх нь элбэг. Ялангуяа орчин үеийн техникжсэн нийгэмд энэ бол эмгэнэлийн хэжээнд хүрээд байгаа асуудал. Философийн хичээлийг тэнхимд заахын гол ач холбогдол нь ерөөсөө сурагч, оюутан залуусыг өөр лүүгээ анхаарч төвлөрөхөд, аливаад нухацтай хандах чадварт сургахад л оршино.

Орчин үед философийн хичээлийг зааж буй арга барилын хувьд оюутан сурагчдад дуугүй байх сонголт өгөхгүй, бодох цагийн боломж олгохгүй, заавал яриулах гээд байдаг нь өрөөсгөл талтай.

Хичээл дээр сурагчид эргэцүүлж байж дараа нь тухай сэдвийн талаар ярилцах нь илүү үр дүнтэй. Тэгэхээр философич мэргэжилтэй хүн бол философийн түүхийг маш сайн мэдэх хэрэгтэй бөгөөд номлогч бус, харин хариуцлагатай сурган хүмүүжүүлэгч байхыг шаарддаг. 

Одоо манайд их дээд сургуульд «Сэтгэлгээний түүх, соёл» хичээл заавал үзэх хичээл болсон нь сайшаалтай хэрэг. Энэ хичээлийн үндсэн агуулга нь философийн мэдлэг. Сэтгэлгээ гэдэг нь их өргөн ойлголт учраас нэг хичээлээр хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжил, түүхийг бүрэн заах боломжгүй.

Дашрамд хэлэхэд энэ хичээлийн нэрийг оноохдоо мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах хэрэгтэй байсан гэж боддог. “Сэтгэлгээний түүх, соёл” хичээлийг судалснаар философийн эх зохиолд анализ шинжилгээ хийж, олж авсан мэдлэгээ цаашид мэргэжил мэдлэг, сонголт, шийдвэр гаргахдаа ашиглах чадварыг эзэмших ач холбогдолтой.    

-Философичид орчуулах ажилд их цаг зарцуулдаг юм шиг санагддаг. Энэ ямар учиртай вэ?   

-Философийн түүхийн ном зохиолуудыг тайлбарлаж, орчуулснаар хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд хувь нэмэр оруулсан тэргүүлэх философичидтой нийгмийг уулзуулж, улмаар хүмүүсийг, нийгмийг сэтгэлгээний хувьд төөрөгдөлд орохоос сэргийлэх ач холбогдолтой.

Мөн өөр нэг чухал үүрэг нь сэтгэлгээний өнгөрснийг тийм ийм байна гэж тайлбарлаж, байсан байдлыг нь таниулахаас гадна сэтгэлгээг хөгжүүлж шинэ ойлголтыг бүтээдэгт оршдог.

Тиймээс ч философич эрдэмтдийн орхигдуулах ёсгүй ажил бол философийн ойлголтуудыг эх хэл дээрээ тайлбарласан толь бичиг, лавлах, нэвтэрхий толь зохиох. Оросын ШУА-ийн Философийн хүрээлэн толь бичиг хийх ажлыг санаачилж байгуулагдаж байсан түүхтэй.

Манай Философийн хүрээлэн 1990-ээд онд толь бичиг зохиох ажил өрнүүлж Философийн толь гаргасан байдаг. Залуу философичид бид энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж би боддог. Орчин үеийн философийн гол гол ойлголтуудыг Монголоор тайлбарласан нэвтэрхий толь хэвлүүлбэл манай нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны (байгалийн ухаанд ч ач холбогдолтой) хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.  

-Та философичид ойлголтын өнгөрсөн утгыг тайлбарлаж, ирээдүйн утгыг нь бүтээдэг гэж хэллээ. Тэгвэл хэл шинжээчид үгийг тайлбарлаж ирээдүйд шинэ үг бүтээх, эх хэлээ хамгаалах зорилготой ажилладаг. Үг, ойлголттой ажиллахын ялгаатай тал нь юунд оршдог вэ?

-Үг, ойлголт хоёр бол ялгаатай. Үг нь нэг талаараа ойлголт байдаг ч үг болгон ойлголт болдоггүй. Ямар нэг эд зүйлийн тухай ойлголт бүрэлдэж тогтох нь урт удаан хугацааны сэтгэлгээний үйл явц, тухайн эд зүйлийн талаарх өмнөх ойлголт, мөн энэ юм ямар байж болох хэтийн санаа зэргийг багтаасан цогц үйл явц юм. 

Үг нь нэг талаараа ойлголт байдаг ч үг болгон ойлголт болдоггүй

Тухайн үг юу зааж байгааг, ямар ерөнхий утгатай болохыг хэл шинжээчид тайлбарлаж болно. Гэхдээ философичид бол үг болгонтой ажиллахгүй, харин утга тээгч ойлголттой ажиллана. Тухайн үгийн утга цаг үеийн байдлаас болж өөрчлөгддөг.

Жишээ нь, хэл шинжлэлийн тайлбар толь бичигт «амьдрал» гэсэн үгийг маш ерөнхий утгаар амь бүхий үе гэж тайлбарлажээ. Гэтэл философид “амьдрал” гэсэн үгийг ойлголт талаас нь сэтгэлгээний түүхэнд хэрхэн өөрчлөгдөж байсныг нарийвчлан авч үзнэ гэсэн үг.

Амьдрал гэсэн ойлголтыг илэрхийлэх ахуй, оршихуй, мөн чанар, шинж чанар гэх зэрэг олон ойлголт байна. Эдгээр ойлголтууд нь философийн түүхийн үе болгонд өөр өөр утга илэрхийлнэ. Жишээ нь дундад зууны философичид мөн чанар анхдагч шинжтэй гэж үздэг бол орчин үеийн феноменологи философид оршихуйн мөн чанарыг онцолж байдаг.

Тэгэхээр хэл шинжээч, философич хоёрын гол ялгаа нь нэг нь нэрлэхүйд дурлагч, нөгөө нь ойлгохуйд дурлагч юм. Философийн ойлголтуудыг тайлбарласан толь бичгүүд магадгүй хэл шинжлэлийн толь бичгээс ч хурдан сэлбэн шинэчлэгдэх хэрэгтэй байж магадгүй.

Ер нь үг анхдагч уу ахуй анхдагч уу гэдэг дээр философичид, хэл шинжээчид их маргалддаг. Би философич хүнийхээ хувьд ахуй анхдагч гэж хэлэх дуртай. Энэ талаар би ч хэлээд байгаа юм биш. Үе үеийн философичид хэлсэн байдаг юм.

-Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.