Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гарамгайбаатар: “Монроуд” компанийг өөр хүнд шилжүүлээд 10-аад жил болж байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн банкнаас  Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатарын “Монроуд” компани Хөгжлийн банкнаас  30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас тодрууллаа. 

-Хөгжлийн банкнаас  “Монроуд” компанид 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. “Монроуд” компани энэ мөнгийг авсан уу?

-Энэ асуудал эрт яригдсан. АТГ-аас мэдээлэл өгөхдөө ийм асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Ер нь 30 гаруй тэрбум төгрөгийг “Монроуд” компани авсан гэж ярьж байснаа, сүүлийн үед үүнийгээ надтай холбож яриад байгаа юм. “Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг.

Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ хэлсэн учраас би үүнийг мэдэхгүй байна.

Ер нь тендерт ялсан үнийн дүн нь 30 гаруй тэрбум болсон юм. Гэхдээ үнийн дүнгээ бүгдийг нь авдаг аж ахуйн нэгж байхгүй. Замын ажил гүйцэтгэл тутмаар нь санхүүждэг. Үүнийг хүмүүс зориуд мушгиж яриад байгаа юм. МАН-ын ажлын албаны ажилтан Цогоо гэдэг залуу яриад байгаа

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг Эдийн засгийн Байнгын хорооноос байгуулсан. Ахлагч нь Л.Энх-Амгалан гишүүн. Ажлын хэсгийг томилохдоо Байнгын хорооны даргын тогтоол тушаалаар шийдвэрлэдэг. Манай намын бүлгээс ажлын хэсэгт орсон  нэг ч хүн байхгүй.

Л.Энх-Амгалан гишүүн Хөгжлийн банкан дээр очихдоо намынхаа бүлгийн гурав, дөрвөн хүнтэй очиж, ажилтнуудыг янз бүрээр дайрч давшилж байсан. Үүнийг би Байнгын хороон дээр шүүмжилж ярьсан. Мөн ажлын хэсэг хуралдаж байхад ажлын хэсэгт байгаагүй хүмүүс шалгалтын дундуур орж мэдээлэл авах, гадагш нь цацах эрх зүйн үндэс байхгүй. Энэ бүхнийг шүүмжилсний төлөө намайг ийм зүйлээр гүтгэж байна. 

-Чингис, Самуурай бондын зарцуулалт нь хууль бус байсан, зарим зарцуулалтын баримт байхгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүнээс ав. Яагаад гэвэл ажлын хэсэг хуралдаад шалгалтынхаа дүнг нэгтгэх болоогүй байна. Тиймээс сонин хэвлэлээр цацагдаад байгаа мэдээлэл хаанаас гараад байгааг мэдэхгүй. Ер нь АТГ-аас Хөгжлийн банканд шалгалт оруулсан. Тиймээс  АТГ-аас тодруулах хэрэгтэй.

Хөгжлийн банкийг Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан. Нэг үгээр гадна, дотны хөрөнгө оруулалт олоод түүнийгээ Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх юм.

Би Эдийн засгийн Байнгын хорооны дарга байхдаа Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан бондын мөнгийг хянах ажлын хэсэгт ажиллаж байсан. Тэр  үед бондын зарцуулалтыг салбар тус бүрээр нь Ерөнхий сайд ахлаад оруулдаг байсан. Түүнд ямар нэгэн хууль бус зарцуулалт огт байгаагүй. Зарцуулах ёстой зүйлдээ зарцуулагдаад явж байсан. Одоо ч тийм байгаа гэж хэлмээр байна.