Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Самурай бондоос 50 сая доллар дутуу орж ирсэн байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн Байнгын хорооноос Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан билээ. 
Ажлын хэсэг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, Чингис, Самурай бондын зарцуулалт зэргийг шалгаж байгаа юм. Шалгалт хийсэн Аудитын Ерөнхий Газрын дүгнэлт гарч, шалгалтын дүнг танилцуулахад бэлэн болсон байна. 

Хөгжлийн банк үйл ажиллагаанаас гадна байгууллагын бүтэц орон тоо, цалин хангамж, гадаад дотоод томилолтын зардалд багагүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат сарын зургаан сая төгрөгийн цалинтай бөгөөд улиралд зургаан сая төгрөгийн урамшуулал авдгаас гадна Ерөнхий сайдаас дөрөв дахин өндөр томилолтын зардалтай байжээ.

Мөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани 30 гаруй тэрбум төгрөг авч, нэг ч км зам тавиагүй гэх мэт зөрчил илэрсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа.

Энэ талаар Эдийн засгийн Байнгын хорооны байгуулсан шалгалтын ажлын хэсэгт багтсан Ч.Хүрэлбаатар гишүүнээс тодрууллаа.  

-Хөгжлийн банканд шалгалт хийж байгаа ажлын хэсгийн ажил ямар шатандаа явж байна вэ. Шалгалтын дүнг олон нийтэд хэзээ танилцуулах вэ?

-Ажлын хэсэг дөрөв, таван удаа хуралдсан. Орж ирж байгаа материалууд дунд сэтгэл зовоосон олон асуудал байсан. Ажлын хэсэг дээр тэр бүгдийг эцэслэн гаргана гэсэн байр суурьтай байгаа. Гаргасан хөрөнгүүдийг үр ашиггүй, сонгон шалгаруулалтгүй, зарим мөнгө нь хаачсан бэ гэмээр олон асуудал байгаа. Ажлын хэсэг дээр эцэслэн хуралдаж, гарын үсэг зурсны дараа мэдээлэл хийнэ. Зарим асуудал дээр баримт, материалыг бүрэн гаргаж өгөхгүй байгаа. Ажлын хэсэг авч чадахгүй байна. 

-Дэд захирал нь зургаан сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Шалгалтын явцад үнэхээр тийм зүйл илэрсэн үү?

-Үүнээс ч илүү олон асуудал бий. Тухайн үед 1.5 тэрбум долларын бонд гаргасан. Үүнтэй холбоотой бичиг баримт одоо болтол бидний гар дээр ирээгүй байна. Мөн Самурай бондын зуучлалын гэрээний нэлээн хэдэн төгрөг дутсан. Зуучлалын гэрээг одоо болтол нэхээд бидэнд өгөхгүй байгаа. 

-Ойролцоогоор хэдэн төгрөг вэ?

-30 тэрбум иенийн бонд босгосноос үүний 5.7 тэрбум нь орж ирээгүй. Үүнийг долларт шилжүүлбэл 280 сая долларын бонд гаргасан юм. Үүнээс 50-иад сая доллар орчим дутуу орж ирсэн гэсэн үг. 280 сая долларын зээл авах гээд 50 сая доллар нь алга болчихоод байвал хэцүү биз дээ.

-Аудит нь хоёр янзын дүгнэлт гаргаад байна гэсэн. Байнгын хорооны гишүүдэд өөр тайлан өгсөн гэсэн?

-Аудитын тайланг үзэхээр Самурай бондын хоёр хувь буюу 5.7 тэрбум иенийг суутгасан гэж бичсэн байсан. Гэтэл бодоод үзэхээр цэвэр 19 хувь нь байгаа юм. 

-“Монроуд” компанид 30 тэрбум төгрөг шилжүүлсэн боловч нэг ч км зам тавиагүй гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбоотой зөрчил шалгалтын явцад илэрсэн үү?

-“Монроуд”-тай холбоотой мэдээллийг дараа өгье.