Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Ус, сүүг зориулалтын бус саванд хадгалах нь хавтгайрсан үзэгдэл болоод байна"

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

МХЕГ, НМХГ-ын хамтарсан хүнсний аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт Ялалтын талбайд боллоо.
 Уг арга хэмжээнд  дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсүүд, явуулын лаборатори, үндэсний үйлдвэрлэгчид,  хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна.

 

НМХГ-ын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Б.Энхбат “Аяны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүд, хүнс импортлогчид, худалдаа, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт явуулах ажлыг хийнэ. 

Эхний ээлжинд хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгын зөрчлийг арилгахад чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Дараагийн дугаарт сав баглаа боодлын асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Өнөөдрийн нөхцөлд манай ард иргэд ус, сүү цагаан идээг зориулалтын бус саванд хадгалах нь хавтгайрсан үзэгдэл болоод байна. 

Мөн хүүхдийг хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үдийн цай хөтөлбөр болон хүүхдийн баярын бэлэгт ордог гол нэрийн бүтээгдэхүүнүүдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна” гэлээ.

"Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны хүрээнд 30 гаруй ажлыг хийхээр төлөвлөснөөс дийлэнх нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг эрсдэлээс сэргийлэх чиглэлийн хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах, сургалт, сурталчилгааны ажил байх юм байна.

Үндэсний хэмжээний томоохон хүнс үйлдвэрлэгчид байрлан үйл ажиллагаагаа явуулдаг нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс аяны хүрээнд голлон хийх  ажил нь Эмээлт, Баруун туруу гэсэн хоёр товчоогоор тээвэрлэгдэн орж ирж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийн, дүгнэлт гаргах юм байна.

СХД-ийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл мэнд боловсролын тасгийн ахлах Ч.Одонгэрэл “Дүүргийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ний 600 гаруй аж ахуйн нэгж байдаг. 

Бусад дүүрэгтэй харьцуулахад манай дүүрэгт томоохон үйлдвэрүүд олон байгаа. Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр “Милко”, “Тесо”, “Сүү” ХК, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр “Монгол мах экспо”, “Мах импекс”, бусад чиглэлээр “Талх чихэр” зэрэг томоохон үндэсний  үйлдвэрлэгчид  байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн арга хэмжээнд 50 гаруй үйлдвэрлэгчид маань оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж байна” гэлээ.

Мөн аяны хүрээнд мал эмнэлэг, үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, ургамал хамгаалал гэсэн таван чиглэлээр хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн талаар Хүнсний чанар аюулгүй байдлын улсын ахлах байцаагч Д.Сарантуяа хэлсэн юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд Мэргэжлийн хяналтын байгууллага, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, хэрэглэгчид буюу хүнсний сүлжээнд оролцогч бүх талуудын үүрэг оролцоотойгоор хэрэгжих боломжтой. 

Өнөөдрийн арга хэмжээнд оролцож бараа бүтээгдэхүүнээ худалдаалж буй  үндэсний үйлдвэрлэгчид,  хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч буй иргэд тухайн бүтээгдэхүүнээ газар дээр нь явуулын лабораторид шинжлүүлж эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг нь мэдэх боломжоор хангажээ.

Хүнсний чанар, аюулгүй байдлын асуудлыг зөвхөн ганцхан сарын хугацаатай аянаар шийдэхгүй. Тиймээс зөвхөн хүнс үйлдвэрлэгч, импортлогчиддоо хяналт тавихаас гадна иргэд өөрсдөө алхам тутамдаа аюулгүй хүнсийг хэрхэн таньж хэрэглэх талаар суралцах шаардлагатай юм.