Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Андерграунд Кино Наадмын шүүгчид

ikon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Төв Азидаа анхдагч бөгөөд цорын ганц авангард кинонд зориулсан кино наадам болох Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам 3 дахь жилдээ зургадугаар сарын 6, 7-нд зохион байгуулагдах гэж байгааг өмнө мэдээлсэн билээ. Гадаадаас кино бүтээлүүд хүлээж авах хугацаа тавдугаар сарын 15-ныг дуустал бол Монголоос бүтээлүүд хүлээж авах хугацаа тавдугаар сарын 23-ныг дуустал байх юм байна.

Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар оржээ.

Мөн энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд орж, наадмын үеэр киногоо толилуулахаар орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар Алтан хальс холбооны урилгаар ирнэ.

Философийн ухааны доктор Петер Черкасски “Огт оргүй” (2000),  “Дуу дүрсний төхөөрөмжид өгөх заавар” (2006) зэрэг эксперименталь киногоороо амьд домог болоод буй гэхэд хилсдэхгүй. Түүний “Кино сурталчилгаа” (2010) бүтээл нь 67 дахь удаагийн Венецийн кино наадмын “Шинэ хаяа” (Nuovo Orizzonti) хэсгийн дээд шагналыг хүртэж байсан юм.

Ив Хеллер бол орчин цагийн Америк болон Австрид чамгүй нэр хүндийг олоод буй бөгөөд түүний уран бүтээл кино наадмуудаас олон шагнал аваад зогсохгүй Уитни музей, Лувр, Австрийн кино музейд гарч байжээ.

Черкасски, Хеллер хоёр энэ жилийн кино наадамд киногоо толилуулж, уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдийг шүүхээс гадна кино наадмын үеэр семинар зохион байгуулах ажээ.