Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ГХЯ
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Чехийн парламентын Төлөөлөгчдийн Танхим болон "Монголын анд нөхдийн нийгэмлэг" ТББ-тай хамтран Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 

Элчин сайд Д.Зүмбэрэллхам тус хурлыг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг үл харгалзан уг харилцаа хадгалагдаж ирснийг цохон тэмдэглэхийн сацуу 2015 оны нэгдүгээр сарын 18-20-ний өдөр БНЧУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрэгжүүлсэн төрийн айлчлал нь Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хоёр орны харилцааг батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, соёл, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт монголын тал эргэлзэхгүй байгаа” хэмээн онцоллоо. 

Чехийн парламентын Төлөөлөгчдийн Танхим дахь Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга хатагтай Зузка Бебарова-Руйбрево хэлсэн товч үгэндээ Монгол, Чехийн парламентуудад найрамдлын бүлгүүд олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг онцолж хоёр орны парламент хоорондын болон тамгын газруудын уламжлалт хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж байгааг онцолсон бол Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал М.Либржицкий БНЧУ-ын нээлттэй гадаад бодлого, тухайлбал Азийн чиглэлд идэвхтэй харилцах орнуудад Монгол Улсыг хамруулж, хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө тэргүүлэн анхаарах орны тоонд оруулж ирсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд эерэг үүрэг гүйцэтгэж байгааг дурьдаж Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдэж байгаагийн илрэл нь 2016 онд Монгол Улс “АСЕМ”-ын дээд хэмжээний ээлжит чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр хүндтэй үүргийг хүлээн авсныг онцолсон байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд Чехийн их, дээд сургуулийн төлөөлөл төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд оролцож БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, Карлын Их сургууль дахь Монгол судлалын түүх цаашдын хандлага, хоёр улсын шинжлэх ухааны академи болон их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, Чех-Монголын геологийн судалгааны түүх, цар хүрээг хэрхэн үргэлжлүүлэн хадгалах зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавигджээ.