Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд гэр хорооллыг барилгажуулах төслийн явцтай танилцлаа

open.parliament.mn
2015 оны 5 сарын 5
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү болон дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Баянзүрх дүүргийн дахин төлөвлөлт хийгдэж байгаа бүсэд ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй барилгын ажлын явц байдалтай танилцав. Энэ орчимд “Баганат өргөө”, “Гангар Инвест” компаниуд хамтран 6,000 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй аж. Эхний ээлжинд 1,000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгааг компанийн удирдлагууд танилцуулсан юм. Одоогийн байдлаар нийт талбайн 23 хувийг чөлөөлсөн байна. Эхний ээлжийн барилгууд зургадугаар сард ашиглалтанд орох юм байна.

УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийн гишүүд гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл гарч байгааг тодруулаад, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлд тусгах саналыг сонслоо.

Барилгын компаниудын зүгээс газар эзэмшлийн асуудал, татварын зохицуулалт, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар олгохгүй байх, газар чөлөөлөлтийн бүсэд орсон айл өрхийн хэдэн хувь нь газраа чөлөөлсөн тохиолдолд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хуульчилж, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байгааг хэлж байсан юм.

Гүйцэтгэгч компаниудын зүгээс гарч байгаа саналыг ажлын хэсгийн гишүүд судлан үзээд, бусад хуультай зөрчилдөж байгаа асуудлыг судлах, зарим саналыг хуулийн төсөлд тусгах юм.

Мөн Баянзүрх дүүргийн 13,14 дүгээр хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажилтай танилцав. Дээрх хороодод “6 талт”, “Monnis Urban Development” болон “Бүрд констракшн” компаниуд дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. 13 дугаар хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтөд 88 айлын газрыг чөлөөлж, 1,200 айлын орон сууц барих юм.

Одоогийн байдлаар 30 гаруй айлын газрыг чөлөөлж 330 гаруй өрхийг орон сууцанд оруулсан байна. 14 дүгээр хорооны барилга баригдаж байгаа газарт 7 айл газраа чөлөөлөөгүй байна.

Айл өрхүүд өндөр үнэ нэхэх эсвэл газар дээрээ барилга барина гэх мэт шалтгаанаар газраа чөлөөлөхгүй байгаа хүндрэл үүсч байгааг компанийн удирдлагууд хэлээд үүнийг хуулиар зохицуулдаг болох санал гаргасан байна.