Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

4.8 сая га бэлчээрийн талбай шатжээ

БОНХАЖЯ
2015 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖЯ, МУИС-ийн дэргэдэх Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв хамтран Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалтыг өнөөдөр тус яаман дээр зохион байгууллаа.  

БОНХАЖЯ-ын дэд сайд, Ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга М.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү уулзалтыг  хаврын хуурайшилт эхэлж, манай орны эко системд гал түймрийн аюул нүүрлээд байгаа энэ үед зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

Ой хээрийн түймэрт олон мянган га ойн баялаг, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутаг  өртөж байгаль, экологийн асар их хохирол учруулсаар байна.

Түймэр нь зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээний асуудал болсон. 

Цаашлаад түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байна. Түймэр нь зөвхөн Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээний асуудал болсон. Иймд олон улсын байгууллагууд анхаарал хандуулж  уулзалтад оролцож байгаад талархаж байна” гэлээ. 

Энэ удаагийн хурлаар Ой хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн  гишүүн байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдалтай танилцаж, харилцан мэдээлэл туршлага солилцсон юм. 

Манай оронд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн ой хээрийн түймэр гарч өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 124 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Энэ нь 16 аймгийн 71 сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийн тоо юм. Түймрээс гарсан хохирлыг   урьдчилсан байдлаар тооцоход  нийт 4.9 сая гаруй га ой, хээр бэлчээрийн талбай, үүнээс 146.5 мянган га ой, 4.8 сая га бэлчээрийн талбай шатжээ. 
ОХУ-аас манай улс руу нийт долоон удаа, Монгол Улсаас БНХАУ-ын хил давж хоёр удаа хээрийн түймэр орж ирсэн байна. 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалт бүхий ажлын хүрээнд салбар яамнаас түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдээлэх талуудын оролцоог зохицуулах үүрэг бүхий Шуурхай зохицуулалтын жижүүрийн албыг түймрийн хугацаанд ажиллуулж байгаа юм.

Мөн сансрын хиймэл дагуулын мэдээгээр ой, хээрийн түймрийг илрүүлэх, түймрийн голомт тархалтыг урьдчилан мэдээлэх, түймэр ихтэй аймгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах зэрэг арга хэмжээг авч байгаа гэдгийг албаны хүн дуулгалаа.

Харин цаашид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, бодлого боловсруулах, улсын хил дамнан гарсан ой хээрийн түймрийн хохирлыг тодорхойлох аргачлал, эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэх мэт  олон саналыг уулзалтад оролцогчид дэвшүүлсэн юм.

Ой хээрийн түймэртэй тэмцдэг олон төрийн байгууллагууд бий. Эдгээр байгууллагын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа, холбоог давхцуулалгүйгээр  сайжруулах шаардлагатай байгаа талаар ярилцсан нь өнөөдрийн уулзалтын гол сэдвүүдийн нэг байлаа. 

Энэ удаагийн уулзалтад БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын түймрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Чулуунбаатар,  Дэлхийн түймрийн мониторингийн төвийн захирал Ёханн Георг-Голдаммер, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын зохицуулагч хатагтай Буттанри, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгч н.Эрдэнэсайхан зэрэг албаны хүмүүс оролцлоо.