Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажлаас халагдсан албан хаагчдын шүүхийн шийдвэрийг хангаж ажиллана"

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан талаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан гэх асуудлаар анх удаа нээлттэй сонсголыг тус Байнгын хорооноос зохион байгууллаа. Тус сонсголд холбогдох байгууллага, албан тушаалтан, мөн 3 иргэнийг оролцуулж, талуудын байр суурийг сонслоо. Нээлттэй сонсголоос улбаалж эхний ээлжинд тухайн асуудлаар Засгийн газар, Төрийн Албаны Зөвлөл, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байр суурийг нь бичгээр авна.

Ингэснээр сонсголын хүрээнд яригдсан асуудлыг албажуулж байгаа юм. Үүний дараа Байнгын хороог хуралдуулж, хэд хэдэн чиглэлээр санал дүгнэлт гаргана. Эхний ээлжинд шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөг хүртэл ажилд нь буцаан томилохгүй байгаа албан хаагчдад дээр шүүхийн шийдвэр биелэлтийг хангуулна. Хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бол дараагийн шатны арга хэмжээ авна" гэлээ. 

Дашрамд дурдахад өнгөрсөн сарын 1-нээс энэ сарын 1-ний хооронд иргэдээс Өргөдлийн Байнгын хороонд 491 өргөдөл ирүүлжээ. Үүний 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа аж. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал байсан байна. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.