Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Глоб"-ын Ж.Мэндбаяраас айх эрх мэдэлтнүүд

Р.Саруул
2015 оны 5 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг / today.mn /

“Глоб кредит” ХЗХ-г үүсгэн байгуулсан Ж.Мэндбаяр төрөөс алдсан хөрөнгөө шаардлаа. Өөрөөр хэлбэл, түүнийг иргэдээс их хэмжээний мөнгө залилсан, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн хэмээн 2007 онд 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг ногдуулж байсан.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн сарын 30-ны өдөр Багануур дахь хорих ангиас бүр мөсөн суллагдаж төрөөс алдсан эд хөрөнгөө нэхэмжилж эхэллээ гэсэн үг. Анх түүнийг нийт 1,233 хохирогчдод 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг юм. Гэтэл хохирогчид зөвхөн хохирлынхоо 50 хувийг л аваад байгаа юм

Уг нь Ж. Мэндбаярын нэр дээр байсан 27 тэрбум төгрөгийн хөрөнгийн төр хурааж авсан мөртлөө түүний 17 тэрбум төгрөг хаачив гэдэг асуулт гарч ирж буй юм.

Ямартай ч одоо Ж.Мэндбаяр шоронгоос суллагдлаа. Түүнийг гарч ирсэнтэй холбогдуулан хохирогчдын зүгээс “Одоо л жинхэнэ бидний алдсан энэ их хөрөнгө мөнгөний учир нь тайлагдана.

 Битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. 

Тухайн үед шийдвэр гаргаж байсан нөлөө бүхий эрхмүүдийн талаарх хөшигний цаадах цөөнгүй баримтыг Ж.Мэндбаяр ил гаргаж тавих болно гэж хэлж байсан.

Товчхондоо бол 10 жил шоронд амьдын там үзэж амьдралаа орвонгоор нь эргүүлсэн Ж.Мэндбаяр тухайн үед шийдвэр гаргаж байсан, мөн түүнийг хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх нөхдүүдтэй холбоот олон баримтыг хөшигний цаана наймаалцахгүйгээр болгохоор шийдсэн байна.  Түүний энэхүү асуудлаас болж тус ХЗХ-ны хөрөнгө/ үнэгүйдүүлсэн гэх эрхмүүд хаана орохоо ч мэдэхгүй их далдчиж яваа талаар ч сурвалж өгүүлж байсан.

Хэдийгээр буруутай этгээдүүд зохих шийтгэлээ амссан ч иргэд хохирогч хэвээрээ байсаар байгаа нь харамсалтай.

Ж.Мэндбаяр: Битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой

Ингээд энэ талаар Ж.Мэндбаяр өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 02:00 цаг орчимд УМБГ-аас ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэргүйгээр намайг баривчилсан.

Баривчилгааны дараа надтай холбоотой гэсэн бүх хүний гэрээс хөргөгч, хивснээс эхлээд байшин, барилга, газар гээд бүх хөрөнгийг хураан авч, битүүмжилж улсын хөрөнгө болгосон. Дээрх хөрөнгүүд нийтдээ 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байсан ч хоёрхон тэрбум болгон үрэгдүүлсэн. Яг үнэндээ манай хадгаламж зээлийн хоршоог төрөөс албадан дампууруулахад нийт 8,000 орчим хүн хохирсон байдаг.

Төр ч гэсэн өөрөө хохирсон шүү дээ. Учир нь ХЗХ-ны хохирогчдод хохирлын 50 хувийг буцаан олгосон байдаг. Гэвч төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Төрийн мөнгө энэ ард түмний мөнгө шүү дээ. Би юу гэх гээд байна вэ гэвэл иргэдэд өгөх 10 тэрбум төгрөгийг шамшигдуулсан этгээдүүд төлөх ёстой. Яаж гэхээр, битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үргэдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, идэж уусан хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид Төрөөс мөнгө нэхэхгүй. Миний хөрөнгийг буцаагаад өгчих, бид нарын хөрөнгийг өгчих” гэсэн юм.

Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл ХЗХ-доос хурааж авсан хөрөнгийг ШШГЕГ- аас худалдаж, иргэд-ийн хохирлыг барагдуулах ёстой байсан ч зориудаар үнэгүйдүүлсэн гэсэн үг.

Тухайлбал, Ж.Мэндбаяраас битүүмжилсэн хөрөнгийг ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба жинхэнэ утгаар нь завшсаныг хохирогчид баримттайгаар ил болгож байсан юм. Нотлох баримтаас нь харвал «Глоб кредит» ХЗХ-г үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяраас 8.6 тэрбум төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарчээ. Ингээд шүүхийн шийтгэх тогтоолын дагуу цагдаагийн байгууллагаас 23 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 9 ширхэг хөдлөх хөрөнгө нийтдээ 9,060 ширхэг хөрөнгийг ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хүлээлгэн өгчээ.

Тухайн үед хурааж авсан эд хөрөнгийн нийт үнэлгээ 9.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн аж. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоосон хэмжээнээс 1.1 тэрбумаар илүү гарсан байна. Баримтаас харахад Ж.Мэндбаяраас хурааж авсан 23 ширхэг үл хөдлөх хөрөнгөд багтах 12 объект, 8733 ширхэг дагалдах эд хөрөнгийг ердөө хоёр тэрбум төгрөг болгосон учраас Ж.Мэндбаяр өнөөдөр ийнхүү “Битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, идэж уусан хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй” гэж хэлж буй юм. Уг нь яаж ч бодсон дээрх хөрөнгүүд ийм багаар үнэлэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой.

Үүнээс харахад зах зээлийн ханшнаас дэндүү доогуур үнэлгээгээр зарагдсан Ж.Мэндбаярын үл хөдлөх хөрөнгийг хэрхэн борлуулсан тухай тооцоо, тайланд маш их «но» бий хэмээн тэд үзсэн хэрэг. Түүнчлэн зарим нэг хөрөнгийг хурааж авч худалдах явцад зарим нь алга болсон хэмээн хохирогчид хэлж байсан удаатай.

Тухайлбал, нэгдүгээр хороололд байрлалтай доороо гараж, баар, ресторан, дөрвөн давхар зочид буудал бүхий «Глоб центр», 1,532 ширхэг дагалдах эд хөрөнгийн хамт 1.5 тэрбум төгрөгөөр заржээ.

Бүр задалбал, шийдвэр гүйцэтгэгч шинжээч нэг тэрбум 272 сая 900 мянган төгрөгөөр «Глоб центр»-ийн барилгыг үнэлсэн бол 1,532 ширхэг дагалдах эд хөрөнгийг нь 267.5 сая төгрөгөөр борлуулахаар тогтсон байна. Ингээд нийтдээ нэг тэрбум 572 сая 704 мянган төгрөгөөр үнэлэгдсэн «Глоб центр» албадан дуудлага худалдаагаар дамжихдаа нэг тэрбум 574 сая төгрөгөөр зарагдсан аж. Товчхондоо өр барагдуулах ажлын албаны нөхдүүд хоёрхон сая төгрөгийг нэмсэн болоод зарж орхисон гэсэн үг. 

Үүнээс элдэв зардал, татвар, шимтгэл суутгагдсаар төрийн дансанд нэг тэрбум 212 сая 784 мянга 482 төгрөг шилжин орсон аж. Нэг тэрбум 574 саяас дагалдах 267.5 саяыг хасахаар нэг тэрбум 308 сая 455 мянга болж байна. Ингээд 2970 орчим м.кв талбай бүхий « Глоб центр»-ийн нэг м .кв-ыг ердөө 439 мянган төгрөгөөр үнэлэн заржээ. Гэтэл зах зээлийн тойм үнэлгээгээр иймэрхүү объектын м.кв нь дунджаар 1000 ам.доллар буюу тэр үеийн ханшаар 1.4 сая төгрөг байсан.

 Ингээд бодохоор «Глоб центр»-ийн дөрвөн тэрбум төгрөгөөр хангалттай үнэлэгдэж байсан хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс 6-8 дахин бага үнээр зарж, дагалдах хөрөнгө болох, тоног төхөөрөмж, тавилга сэлт, автобус, өндөр үнэтэй автомашин зэргийг ийнхүү үнэгүйдүүлж байсан түүхтэй билээ. 

ШШГЕГ-ынхан Ж.Мэндбаярын хөрөнгийг үнэгүйдүүлсэн жишээ үүгээр дуусахгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон дахь Хар усан тохойн амны «Баяндөхөм»-ийн амралтын газрыг 111 сая 400 мянган төгрөгөөр 2009 онд заржээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, нэгдүгээр хороолол дахь 19 болон 20 дугаар байрны дунд байрлах үйлчилгээний зориулалттай 200 м.кв газрыг 14 сая төгрөгөөр зарсан, Баянгол дүүргийн зургаадугаар хороо, «UB palace »-ын баруун талд байрлах 2568 м.кв талбайг 95.6 сая төгрөгөөр борлуулсан байна.

Нийслэлийн төвд гэж хэлэгдэх эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн мэдрэмжтэй шинжээч хэрвээ үнэлсэн бол хоёр, гурван тэрбум төгрөгөөр ч зарчихаж болох байсныг учир мэдэх хүмүүс одоог хүртэл ярьдаг юм. Хэрвээ дээрх амралтын газар, хотын төв дэх талбайнуудыг зохих үнээр нь зарсан бол өнөөдрийн энэхүү олон мянган хохирогч байхгүй байх боломж байсан гэсэн үг.

Ямартай ч эд хөрөнгө нь үнэгүйдэж, бусдын гараар орж алга болсон мөн өнөөг хүртэл хохирлоо авч чадаагүй байгаа олон мянган хохирогчид Ж.Мэндбаяртай нэгдэж төрийн албаны зарим нэг хүмүүсийн идсэн уусан булхайг нь ил болгохоор боллоо. Тэгэхээр нийтдээ 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байсан эд хөрөнгө хэн гэгчийн гараар орж хэний халаасыг түнтийлгэв гэдэг нь одоо л нэг илрэх бололтой.

Зураг