Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд ганцхан байдаг цус шүүх аппарат "зэвэрч" хэвтэнэ

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг

Монголд өнөөдөр юу олон бэ? Амьгүй зүйлсээс хөл дор хөглөрөх хог хаягдал. Амьтай зүйлсээс хүн амынхаа тооноос хэдэн арав дахин давсан мал сүрэг. Хүн зоноос автобусны буудал, нийтийн унаа, гудамж талбай гээд бараг л алхам тутамд нүдэнд торох архинд донтогсод.
Ямар сайндаа эрүүлжүүлэх байр нь хүрэлцэхгүй болж, архичдыг эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэвч угаас орны хүрэлцээ муу эмнэлгийн байгууллагын өрөөнүүдийг архичид дүүргэснээс болж, хүнд өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрэн, анагаах ухааны салбарынхныг бухимдуулж байх вэ дээ.

Судалгаанаас харахад эрүүлжүүлэгдэх шаардлагатай хэмээн зохих байгууллагад хүргэгдсэн 10 хүн тутмын нэг нь архины хордлого тайлах эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай нэгэн байдаг гэнэ.

Уг нь архинд ухаан санаагаа эзэмдүүлэгсдийг “эмчилж анагаадаг” газрууд олон л байдаг гэх. Гэвч тэдгээр газарт очиж эмчлүүлэхээс лам хуврага, бөө удганаар “аргалуулах”-ыг илүүд үздэг нь олон.

Нэгэнт архи хэмээх хоронд тархиа “мэрүүлсэн” хүмүүст тэрхүү арга чарга нь насан туршид үйлчилгээ үйлчлүүлж чаддаггүй. Нэг ёсондоо хордлого тайлна, архинаас гаргана гэдэг нь ашиг сонирхол хайсан нэгний бизнес төдий зүйл болчихоод байна.

Хордлого тайлах эмчилгээг ном журмын дагуу хийдэг, албан ёсны лицензтэй эмч нь Монголд ганцхан.

Шинжлэх ухаанаар бол аливаа зүйлд донтогсдын цусан дахь хорыг тусгай аппаратаар шүүж, хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээ л хамгийн сайн үр нөлөө үзүүлдэг. Гэтэл Хордлого тайлах эмчилгээг ном журмын дагуу хийдэг, албан ёсны лицензтэй эмч нь Монголд ганцхан.

Тодруулбал, төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Б.Эрдэнэ л энэхүү эмчилгээг жинхэнэ утгаар нь хийж чаддаг. Тэрбээр анх 2000-аад онд энэхүү эмчилгээг эх орондоо нэвтрүүлснээр төрийн соёрхолт цол хүртсэн. Сэхээн амьдруулах, хордлого тайлах эмчилгээний гол тоног төхөөрөмж болох цус шүүх аппаратыг Монгол Улс худалдаж авах учиртай ч Б.Эрдэнэ эмч “14 хоногийн хугацаанд буцааж төлөх” нөхцөлтэйгөөр улсаас мөнгө зээлэн байж, эх орондоо оруулж ирсэн гэдэг.

2006 онд Багануур дүүрэгт гарсан “Азийн чоно” архинд хордсон хүмүүсийн амийг аврах үеэр энэхүү аппарат анх удаа Монголд ид шидээ үзүүлсэн. Тодруулбал, уг хуурамч архи олон арван хүний амийг аваад байсан тэр үед Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулахын тасгийн хамт олон Багануурыг зорьсон байна. Тэд тус дүүрэгт ажиллах дөрөвхөн хоногийн дотор архинд хордсон бүх хүний хордлогыг тайлж, амийг нь аварсан түүхтэй.

Түүнээс хойш уг аппаратаар 10 хүрэхгүй жилийн дотор 8,600 хүнд хордлого тайлах эмчилгээ хийж, бүрэн эдгээсэн байна. Гэвч Б.Эрдэнэ эмчийг гавьяаны амралтандаа суухад Монголд ганцхан байдаг Хордлого тайлах аппарат нь ч бас эзэнтэйгээ хамт “тэтгэвэртээ гарчээ”. Учир нь, уг аппаратыг ажиллуулж чаддаг хүн нь ч Монголд ганцхан.

Тэрбээр тэтгэвэрт гарахаасаа өмнө дагалдах эмч авч, эмчилгээний арга ухаанаа зааж, аппаратыг ажиллуулах горимыг зааж өгөх санал тавьсан гэнэ.

Гэвч түүний ажиллаж байсан Шастины нэрэмжит III эмнэлэгт “Хордлого тайлах эмчилгээний эмчийн орон тоо ганцхан бий” гэсэн шалтгаанаар татгалзсан хариу сонсчээ.

Хордлого тайлах эмчилгээг зөвхөн архичдад хийдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг. 

Хордлого тайлах эмчилгээг зөвхөн архичдад хийдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг.

Гэвч энэ нь зөвхөн архиар хязгаарлагдахгүй, бүх төрлийн хорт бодисыг хүний биеэс гадагшлуулж, хорыг нь цаашид тархахаас сэргийлдэг үйлчилгээ юм. Энэ ч утгаараа үйлдвэрийн хортой нөхцөлд ажилладаг ажилчдаас эхлээд Хордлого тайлах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс манайд хаа сайгүй байна. Тиймээс ч энэ эмчилгээг хийж чаддаг цорын ганц эмч болох Б.Эрдэнэ профессорт санал тавьдаг, гуйж гувшдаг, болохгүй бол зандарч загнадаг, бүүр айлгаж сүрдүүлдэг хүмүүс хэдэн арван мянгаараа байдаг гэнэ.

Мэргэжилдээ хайртай хүн ашигладаг тоног төхөөрөмжиндөө ч харам ханддаг зангаар Монголд ганцхан байдаг аппаратаа зэвэрч хэвтэхийг харах ч түүнд амаргүй байдаг аж.

Эмч, мэргэжилтнүүд архинд донтогсод, хордлогод орогсдыг хэрхэн эмчлэх талаар удаа дараа салбарын удирдлагууд, яамынхны “чихнээс хонх уясаар” буй. Гэтэл Монголд хамгийн их үгүйлэгдэж энэхүү эмчилгээний аппарат ийнхүү эзэнтэйгээ хамт 3 дугаар хорооллын нэгэн байрны үүдний өрөөнд “уйтгарлаж” хэвтэнэ.

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Хордлого тайлах эмчилгээний арга ухааныг холоос хайж, аргаа барж суухын оронд өөрсдөдөө байгаа боломжоо олж хараасай. Хорвоогийн жам хатуу учир 80 насны босго давсан энэ хөгшнийг дахиад хэдэн жил амьдарна хэмээн горьдох вэ. Хэрэв Б.Эрдэнэ эмч хорвоогоос буцвал цагтаа өндөр үнээр гадаадаас захиалан авч ирүүлж байсан тэрхүү аппарат хаягдал төмрийн бизнес эрхлэгчид тоож авбал дээдийн заяа болно биз ээ.

Хордлого тайлах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нь энд тэндгүй байна. Эмчилгээг нь хийдэг ховор аппарат нь ч манайд байна. Уг тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг цорын ганц мэргэжилтэн нь ч амьд сэрүүн байна. Ажлын байр, нөхцөл боломжийг нь шийдээд өгвөл ажлаа эхлүүлэх чин эрмэлзэл байна. Т

үүнийг ажлаа эхлэхэд эрх баригчдын ашиг орлогын төлөө жилд хэдэн арваар нь босгож буй энэ олон барилгын хоёрхон өрөө л байхад хангалттай. Тиймээс хүмүүсээс эрүүл мэндэд заналхийлж буй химийн хорт бодис, үерийн ус мэт нөмөрч буй архи хэмээх галзуу улаан хорзноос олон арван хүний эрүүл мэнд, амь насыг аврах боломж байна.

Зураг