Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвсүрэн: Азид анх удаа манай улсад “Онлайн эрх чөлөө” олон улсын хурал болж байна

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын V  дугаар бага хурал Төрийн ордонд болж байгаа билээ.

Уг бага хурлаар “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм. 

“Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын бага хурлын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс дараах тодруулгыг авлаа. 

-Манай улс анх удаа зохион байгуулж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын бага хурлын ач холбогдол юу байна вэ?

-Өнгөрсөн жил Эстонд болсон дөрөв дэх бага хурлаас хойш манай улс энэ эвслийг тэргүүлж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд нэлээн сайн идэвхтэй ажилласан гэж хэлж болно. Энэ утгаараа тав дахь бага хурал амжилттай болж байна. Энэ хурал анх удаа Азид болж байгаа гэдгээрээ онцлог.

Манай улс 1990 оноос хойш Ази тивд Ардчиллын төлөө, хүний эрхийн төлөө явж байгаа манлайлагч тэргүүлэгч улсуудын нэг, үүнийгээ хадгалж явж чадна гэдэгтээ итгэж байна. Эвсэлд Өнгөрсөн 4-5 жилийн дотор 20 гишүүн шинээр элссэн бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улс гурван шинэ гишүүн орон элсүүлсэн. Гадаад хэргийг сайдын хувиар олон орны сайд нартай уулзаж, яриа хэлэлцээ хийсний үр дүнд Австрали, Норвеги, Литва гэсэн улсууд шинээр элссэн байгаа.

Цаашдаа ч гэсэн бид тодорхой хугацаанд энэ эвслийг даргална. Тийм учраас бид энэ эвслийг өргөн дэлгэр болгож олон орнууд элсүүлэх талаар ажиллана. Өнөөдөр энэ хуралд эвсэлд элсээгүй орны төлөөлөгчид ч мөн ирсэн байгаа тэгэхээр энэ эвслийг ихээр сонирхож байгаа нь харагдаж байгаа юм. 

-Сүүлийн жилүүдэд сошиал ертөнц эрчимтэй хөгжиж байна. Энэ ч утгаараа ямар ч цензур, шүүлтгүй мэдээлэл олон нийтэд очдог. Үүнийг зохицуулах арга зам бий гэж харж байгаа юу?

-Манай улсад сүүлийн хэдэн жил бол цахим хэвлэл мэдээлэл их идэвхтэй хөгжсөн. Дэлхийн аль ч улс энэ цахим хэвлэл мэдээлэлд шууд бэлэн биш байгаа. Эрх чөлөөний хамгийн том бэлгэдэл болсон АНУ-д ч гэсэн контентийн асуудалд анхаарал тавьж байна. Тэгэхээр дэлхийн аль ч улс орнууд энэ асуудалд шийдлээ бүрэн олоогүй байгаа.

Харин энэ хурлын гол зорилго бол энэ асуудлыг яаж зөв чигт нь оруулах вэ гэдэгт байгаа юм. Бүх зүйлийг чөлөөтэй гээд тавиад байхаар түүнийг дагаа цахим ертөнцийн олон сөрөг зүйлүүд илэрч байна. Жишээ нь хүүхдийн хүмүүжлийн эсрэг, хувь хүний нууцад халдаж байгаа асуудлууд байна. Үүний шийдлийг л олох гэж жил болгон мэргэжилтнүүдийн хурал зохион байгуулдаг юм.

Манай энэ жилийн хуралд зөвхөн гишүүн орнуудаас гадна UNESCO зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байгаа. Мөн мэргэжлийн олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд байна. Үүнээс гадна Google, Twitter, Facebook, Mozilla гээд  технологийн салбарын дотоод гадаадын олон төлөөлөгчид ирсэн.