Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан цахилах мэт довтолгоонууд

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
Copyright © http://www.greendragonsociety.com/

-Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь № 5 -

Хан хөвүүн Байдарийн (Цагаадай хааны гутгаар хүү) захирсан 2 түм орчим хүчтэй нэгдүгээр замын цэрэг Владимираас хөдөлж 1240 оны адгаар Бага Польшийн хилийг даван, Люблинийг гэнэт цохиод, цаашлан Сандомирийн бараг хаяанд байх Завихост хүрээд эргэж Галицийн нутагт оров.

Хүйтний эрч чангарахыг хүлээж байгаад ус намаг, голууд бүрэн хөлдөж, морьтонгуудын цувааг даах болмогц 1241 оны нэгдүгээр сарын эхээр Галицийн нутаг, одоогийн Львов орчмоос хөдөлж, Висла мөрний мөсөн дээгүүр гулган гараад Бага Польшийн ван IV Болеславын захиргааны Сандомирийг их мацгаа барьж байсан үед нь хоёрдугаар сарын 13-нд дайрч, цохисон байна.

Сандиморчууд баатарлаг эсэргүүцсэн ч тэр хэрээрээ цусаа урсгажээ. Польшийн цаг тооны бичигт үлдээснээр бол монголчууд Краков чигт цаашлан хөдөлж, Хар голын эрэгт байрлах Поланец хүрч, Турск хэмээх хөдөө газарт урц майхнаа босгоод буудаллаж байх үед Краков мужийн жанжин Владимирийн цэрэг гэнэт довтлон, ачаа хөсгийг нь түйвээж, үймээнээр Сандомирийн олзлогсод бутран зугтаж аврагдсан байна. Гэвч монголчууд ялж, ялсан боловч гэдрэг буцжээ.

Дайсныхаа хүч, байршил, төлөвлөгөөг тандан туршсан эхний энэ хоёр удаагийн довтолгоон нь талдаа 160 орчим км-ын гүн байв.

Ингээд Байдар 3 сарын эхээр дахин баруун зүг мориныхоо жолоог эргүүлж, үндсэн давшилтаа эхлүүлэн Сандомирт хүрээд, цэргийнхээ нэг хэсгийг авч умардад 200 гаруй км холд орших Ленчица, Куявы зүгт, Их Польшийн Мазови, цаашлаад тевтонуудын зүгээс ирэх аюулыг сэрэмжлэхээр давшжээ. Тэд бараг Дорнод Прүссийн Тевтонуудын хил хүрээд эргэсэн байна.

Хайдугийн захирсан нөгөө түмт, Краковын зүгт довтолгов. Бага Польшийн Краковын арми, Сандомирын цэргийн үлдэгдлийг нэгтгэн, Завихост, Хмельник, Вислица хот болон тэр орчмынхноор хүчээ зузаатгаад Хайдуг Сандомироос 80 орчим зайд орших Хмельник хот орчимд тосон саатуулах гэж оролдсон боловч яаж ч чадсангүй, хиар цохиулан, үлдэгдэл нь тал тал тийш сарнин зугтжээ.

Зугтсан бүхэн Польш даяар айдас дагуулж, үймэн сандрааныг тарьж явжээ. Энэ тулалдаан 1241 оны гурван сарын 18-нд болсон байна. Бага Польшийн төв Краков орох зам саадгүй болов. Бага Польшийн нэгдсэн арми Хмельникт хиар цохиулсан тухай мэдээтэй зэрэгцээд ганц өдрийн дотор Хайдугийн түрүүч ангийн морьтнууд Краковын хэрмийн дэргэд гарч ирсэн байна. Хмельникээс Краков хүртэл даруй 80 гаруй км зайтай.

Тэдний бараанаар Бага Польшийн ван Ичимхий хочит IV Болеслав нийслэл хотоо, түүний ард иргэдийг заяанд нь даатгаж орхичхоод Моравиар дамжин Мажар руу хадам эцэг IV Белагийн ивээлийг бараадан шилдэг цэргээ аваад ум хумгүй зугтжээ. Краковын Гэгээн Марийгийн сүмийн гонхон дээр харуулд байсан бүрээч цэрэг жин үдийн цагаар монголын морьтон харваачдыг хотынхоо хэрмийн дэргэд гэнэтхэн давхилдан гарч ирэхийг хараад бүрээгээ татан, хот даяар чимээ өгөхийг оролдсон байна. Гэвч морьтон харваачийн мэргэн сум шунгинан ирж бүрээч цэргийн хоолойг нэвт харван унагажээ.

Хожим XVI зууны үед сэргээн засварласан Гэгээн Марийгийн сүмийн гонхон нь 30 гаруй метр, чамгүй өндөр бөгөөд Монгол харваач мэдээж хэрэг сүмийн оёороос харваагүй, ойрдоо 200, холдоо 500 орчим метрээс харвасан нь тодорхой. Морины давхил дунд харвасан
тэр сум 7-8 орчим давхар байшингийн хэр өндөрт байх сүмийн гонхны босоо нарийн цонхоор нисэн орж, бүрээч цэргийн хоолойг яг оносныг үзэхэд монгол цэргийн харваа хэр хол, цэцэн байсныг илтгэнэ.

Унасан бүрээчийн бүрээг дэргэд нь байсан бас нэг бүрээч авч, үлээн хотоо сэрэмжлүүлэн босгожээ. Өнөөдөр өдөр бүрийн 12 цагт Краков хотын сүлд дуу эгшиглэх бөгөөд, тэгэхдээ гэнэт хагас минут орчим нам жим болж байгаад үргэлжилдэг нь найман зууны тэртээх тэрхүү үйл явдлаас улбаалжээ, Краковынхон гадна дотнын жуулчдад Гэгээн Марийгийн сүмийн гонхоныг үзүүлж, эл түүхийг хуучлах аж.

Бүрээн дуунаар илд жадаа барин боссон ч Краковчууд хотоо хамгаалж хүчирсэнгүй, 3 сарын 21, 22-ны өдрүүдэд цус урссан ширүүн тулааны эцэст хот хүчинд автжээ. Хмельникийн дэргэд цохиулаад ухарсан Краковын жанжин Владимир энэ тулаанд эрэлхэгээр эрсдэв.

Монголчууд энд хэсэг зуур амсхийгээд, дөрөвдүгээр сарын 1-нд хөдлөн, Краковоос 150 орчим км умаршилж, Одер мөрний эрэг дээрх Ополе хүрчээ. Нэг багахан тандуулын анги цэрэг баруун тийш 100 орчим км довтолгож, Чехийн Маровийн гүнлэгийн хилд тулж, Одер мөрний гүүрэн дээр Ратиборын цэрэгтэй жад зөрүүлж үзсэнээ болиод гол хүчнийхээ араас Ополе зүг одсон байна. Хайду Ополег явуут цохиод, Врацлавын зүг дутаасан Ратибор болон Ополегийн эзэн Мичислав (Жанжин Мешко)-ыг мөшгөн хөөжээ.

Энэ зуур Байдарын цэрэг Лечница, Серадзь хотуудыг дайран гарч, Литовын нутагт довтлоод, сөрөн ирсэн литовын рыцарийн армийг Плоцк орчимд Висла мөрний эрэг дээр цохиод цаашлан Дорнод Прүсс хүрчээ. Тэндээсээ баруун урагш эргэж 240 орчим км зам туулаад Хайдугийн цэрэгтэй Врацлав, Ополегийн завсарт нийлсэн байна.

Б.Номинчимэд

Зураг