Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Х.НАРАНЖАРГАЛ: Хэвлэлийн дуу хоолойг боомилж байгаа нь түгшүүр төрүүлж байна

Э.Туул
2015 оны 5 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

-Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх нь нэмэгдэж байгаа-

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхий нийтээр “Албан ёсоор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах” өдөр болгон тэмдэглэдэг. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр 22 жил болж байна. Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө  төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ удаагийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг зохион байгуулсан бол Глоб Интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, МСНЭ хамтран өчигдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа. 

Ярилцлагад “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн Сайд нарын V бага хуралд оролцохоор ирсэн зарим төлөөлөгчид, төрийн байгууллагуудын төлөөлөл, хуульч өмгөөлөгчид, хүний эрхийн ТББ-ууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, манай улсад ажиллаж буй олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Мөн ЮНЕС­КО-гийн Ерөнхий Захирлын орлогч Гетачю Энгида, Европын аюулгүй бай­дал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Дуня Миятович, УИХ-ын ги­шүүн Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Австри Улсаас Женев дэх НҮБ болон бусад олон ул­сын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, ЭлчинТомас Хайноци нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж, Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жил УИХ-аас олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг тавин хувиар бууруулж, 100 гаруй ажилтан цомхотголд өртлөө. Сэтгүүлчдийн мэргэжпийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, хүчний байгууллага, ялангуяа Тагнуулын Ерөнхий газраас сэтгүүлчдийг байцаах, мэдүүлэг авах, улстөрч, нийтийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд нэр төр гутаахтай холбоотой хуулийн зүйл заалтыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг ашиглах нь нэмэгдэж буйг манай байгууллагаас 2005 оноос хойш хийж буй сэтгүүлчдийн мэргэжпийн эрхийн зөрчлийн мониторингийн дүн харуулж байна” гэж онцлон тэмдэглэв. 

Мөн “2015 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр манай орны хувьд хоёр онцгой үйл явдалтай давх­цаж буйгаараа ач холбогдолтой юм. Тавдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Онлайн эрх чөлөө” эвс­лийн V бага хурал болох гэж байна. Мөн тав­дугаар сарын 5-нд Женев хотноо НҮБ-ын Хү­ний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ. Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форумаас хүний эрхийн 12 сэдвээр тайлан бичиж, илгээсний дотор Глоб Интернэшнл төв “Үзэл бодлын эрх ба түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр тусгайлсан тайлан бэлтгэсэн” хэмээлээ. 

Хэлэлцүүлгийг “Онлайн эрх чөлөө болон нэрээ нууцлах эрх”, “Нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах нь”, “Цензур буюу цагдан хяналт” сэдвүүдээр бэлтгэсэн илтгэлүүдээр үргэлжлүүлсэн. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 2014-2015 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 130 гаруй телевиз, 71 радио, 122 сонин, 92 сэтгүүлд нийт 4,400 орчим хүн ажиллаж байгаа гэх дүн гарсан байна. 

Тэгвэл 2012-2014 оны хооронд сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох оролдлого хийх, эх сурвалжаа илчлэхийг албадах, Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдийг олноор байцаах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох, цензур болгон ашиглах зөрчил өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь түгшүүр төрүүлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.

Дашрамд дурьдахад, хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн хүмүүсийн үгийг англиар дамжуулж байсан нь учир дутагдалтай байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм. Ингээд хэлэлцүүлгийн үеэр зарим хүний сэтгэгдлийг сонслоо. 

Гетачю Энгида: Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье

/ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч/

-Хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Энэ нь улс орнууд шинэ дэлхий, бүх нийтийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлж байгаа цаг үетэйгзэ зэрэгцэн тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн уриа юм. 

Тогтвортой хөгжиж, энхтайван оршихийн тулд эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдлэг, мэдээллийг бүтээн туурвих, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх ёстой. 

Хэвлэл мэдээлэл сайтар хөгжсөний ачаар иргэд оршин буй нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль шударга ёсыг сахиулах, авлига, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой болдог. Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй нөхцөлд оновчтой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой. Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье.

Л.Болд: Монголын сэтгүүлчид амаргүй нөхцөлд ажиллаж байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

/УИХ-ын гишүүн/

-Юуны өмнө, Дэлхийн хэвлэлийн эрх чө­лөөний өдрийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллагын ажилтнууд болон сэтгүүлчдэд баярын мэнд хүргэе. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол Монголын хувьд харьцангуй шинэ үзэгдэл гэж хэлж болно.

Манай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид энэ эрх чөлөөг бататгахын төлөө ажиллаж, тэмцэж ирсэн нь үнэн. 

Монголын ардчиллын өнгөрсөн 25 жилд хэв­лэлийн эрх чөлөөний салбарт том ололт амжилт олсон.

Монголын ардчиллын өнгөрсөн 25 жилд хэв­лэлийн эрх чөлөөний салбарт том ололт амжилт олсон. Гэхдээ бүх зүйл сайхан болоогүй байна. Хаана дарангуйлал байна, хаана ардчиллаас ухарч байна тэнд хэвлэлийн эрх чөлөөг боомилох хэрэгцээ шаардлага бий болдог. Дэлхий дахинд төдийгүй Европд, Монголд ч энэ эрх чөлөөнөөс хумслах байдал тасралтгүй гарсаар байгаа. 

Монголын сэтгүүлчид амаргүй нөхцөлд ажиллаж байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг талаас зарим нэг эрх мэдэлтнүүд олон янзын аргаар дарамт шахалт үзүүлдэг, нөгөө талаас Монголын зах зээл өөрөө бага учраас сэтгүүлчдийн ажлын хөлс зохих ёсоор үнэлэгддэггүй, санхүүгийн бэрхшээл байнга учирдаг учраас сэтгүүлчид үнэнд биш мөн­гөнд сөхөрдөг бодит үнэн өдийг хүртэл оршсоор байна. Тиймээс сэтгүүлчдийг санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах, сэтгүүлчид ёсзүйн хэм хэмжээгээ ягштал баримтлах нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. 

Х.Батхишиг: Бидэнд цогц хуулийн орчин үнэхээр их дутагдаж байгаа

/МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч/

-Хэвлэлийн эрх чөлөөний төлөө сэтгүүлчид маань тэмцэх ёстой. Гэхдээ хамгийн түрүүнд энэ салбарт Үйлдвэрчний эвлэл байгуулах хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл Үйлдвэрчний эвлэлгүй явж байгаа ганц салбар бол сэтгүүлзүйн салбар.

Бодит байдал дээр сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, ажлын байр баталгаагүй байгаа нь хамгийн эхэнд анхаарах асуудал юм. 

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө сэтгүүлчид маань тэмцэх ёстой.

Тиймээс хамгийн түрүүнд өөрсдийнхөө эрх чөлөөт байдлыг бий болгосны дараа сэтгүүлч нар маань эвлэлдэн нэгдэж, хэвлэлийн эрх чөлөөг бий болгох ёстой. Мөн сэтгүүлчид маань өөртөө тулгараад байгаа асуудлыг хамгаалах ёстой байгууллагад зоригтойгоор тавьж, асуудлаа шийдүүлдэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монголын сэтгүүлзүй хагас эрх чөлөөтэй орны тоонд орж байна. 

Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагын хийсэн дүгнэлтээр Монгол Улс 20 гаруй байраар урагшилж, хагас эрх чөлөөтэй орны нэгдүгээрт бичигдсэн. Одоо бид дахиад жаахан ажиллаж чадвар бүтэн эрх чөлөөтэй орны статус руу орох боломж бий. Энэ бол цэвэр хууль эрхзүйтэй холбоотой. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг энэ парламент баталж чадвал нэлээд том ахиц болно. Бидэнд цогц хуулийн орчин үнэхээр их дутагдаж байгаа. 

Д.Мөнхбүрэн: Гомдол гаргагчдын дийлэнх нь улстөрч, өндөр албан тушаалтнууд байна

/Глоб интернэшнл төвийн хуульч/

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх ч­өлөөг Монгол Улс Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Гэвч харамсалтай нь Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг янз бүрийн аргуудаар хязгаарлах оролдлогуудыг хийж байна. Хамгийн хүнд хэлбэр нь Эрүүгийн хуулиар сэтгүүлчийг яллах. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэхийн хамгийн хатуу хязгаарлалт гэж үзэж байгаа. 

Олон улсын жишгээр үүнийг Эрүүгийн хуулиас хасч, Иргэний хуулиар зохицуулж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг нийтийн албан тушаалтнууд ашиглах нь нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хэрэг өсч байна.

Глоб Интернэшнл төвийн бүртгэснээр 2012-2013 онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг нийт 12 байсан бол зөвхөн 2014 онд улсын хэмжээнд нэр төр гутаахтай холбоотой 9 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Гомдол гаргагчдын дийлэнх нь улстөрч, өндөр албан тушаалтнууд байна. 

Гомдол гаргагчдын дийлэнх нь улстөрч, өндөр албан тушаалтнууд байна. Уг нь 2014 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг хассан байсан боловч Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөний дараа энэ заалтыг буцаан оруулсан нь хамгийн харамсалтай зүйл юм. Тиймээс хуулийн төслөөс энэ зүйл заалтыг хасуулах тал дээр бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нар ч үүнд нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө нэгдэх хэрэгтэй юм.

Хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өд­рийг тохиолдуулан “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шаг­налыг гардууллаа.

Глоб Интернэшнл төв 2009 оноос эхлэн олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гар­гаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн энэхүү шагналыг жил бүр олгож эхэлсэн юм.

Энэ жилийн “Үнэний төлөө” шагналыг “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг хүртлээ. Тэр­бээр 2012 оны арваннэгдүгээр сарын 09-ний сонины дугаартаа “Дугаарын бизнес дундраагүйгээр барахгүй илүү нарийн, илүү цадиггүй болон хөгжиж байна” гарчигтай нийтлэл бичжээ. 

Уг нийтлэлээс улбаалан нэр төрд халдсан, гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан бөгөөд хоёр жилийн турш шүүх, хууль хяналтын байгууллагын үүдийг татаж явсаар эцэстээ Улсын дээд шүүх сэтгүүлч үнэн бодит нийтлэл бичсэн гэсэн дүгнэлт гарснаар Ц.Эрдэнэцэцэг сэтгүүлч ялжээ. Тиймээс энэ жилийн “Үнэний төлөө” шагналыг түүнд олгосон бөгөөд Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал түүнд гардуулсан юм.

Зураг