Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнгөнтулга: Гандангийн дахин төлөвлөлтийн ажил одоохондоо гацаанд орчихоод байна

Н.Пунцагболд
2015 оны 4 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын бурхан шашинтны төв  Гандантэгчинлэн хийд байрлах Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр өнөөдрийг хүртэл төвийн шугамд холбогдоогүй, хөрсний бохирдолдоо дарлуулсаар байгаа билээ. Хэдийгээр Гандангийн дэнжийг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох зураг төсөл нь гараад, батлагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй л байгаа. Тэгвэл энэ ажил ямар шатандаа яваа талаар Баянгол дүүргийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтулгаас тодрууллаа.

-Гандангийн дэнжийг төвийн шугамд холбох асуудал өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй л байгаа. Энэ асуудал хаана гацаад байна вэ?

-Уг нь бол Гандан орчмыг төвийн шугамд холбох, дахин төлөвлөх асуудлыг яриад, зураг төслийг нь гаргаад, баталчихсан шүү дээ. Өнгөрсөн жил хоёр гудамжийг засч, янзалсан. “Гудамж төсөл”-өөс хийж хэрэгжүүлсэн ажил.

Харин энэ жил “Гудамж” төслийг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаад байгаа юм билээ. 

Гандан орчмыг засч, тохижуулж, сайжруулахгүй бол болохгүй байна. 

Хэрвээ ажлаа үргэлжлүүлнэ гэвэл хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдээд, Гандан орчмыг дахин төлөвлөхөөр яригдаж байсан.

Бүр долоон хэсэгт хуваагаад, тэр дагуу дахин төлөвлөж, тохижуулна гэж өнгөрсөн хавар хоёрдугаар сард ярьж байсан ч удаатай. Гэтэл Засгийн газар огцорч, өөр сайдтай болсноос хойш “Гудамж” төсөл ч гацаанд орчихоод байна. Хаа хаанаа гацалтын байдалд орчихсон байна. Би ийм л ойлголттой байгаа.

-Дүүргээс Гандан орчмыг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох асуудалд ямар байдлаар анхаарал хандуулж ажилладаг юм бол?

-Мэдээж бидэнд ямар боломж бололцоо байна, тэр хэмжээндээ л ажиллаж байгаа. Гандан орчмыг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох анхны саналыг дүүргээс тавьсан. “Гудамж төсөл” анх байгуулагдаад, Чингис бондын мөнгөөр бүтээн байгуулалт хийнэ гэж яригдаж байх үед л бид холбогдох бүх санал, иргэдийн гомдол гээд бүхий л асуудлаа шийдвэр гаргах төвшний хүмүүст хүргэсэн. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй байна гэж хэлж, хөөцөлдөж байж ажлыг нь эхлүүлсэн. 

Түүнээс зүгээр л нэг гудамжинд явж байсан хүн танайхыг тохижуулъя, шийдээд өгье гэж гүйж ирээгүй нь л лавтай. Манай дүүргийн бүх шатны дарга нар “Гудамж” төслийн холбогдох бүх дарга нартай нь уулзаж, зөвшилцөж, хурал зөвлөгөөн хийсэн. Гандан орчмыг засч, тохижуулж, сайжруулахгүй бол болохгүй байна. 

Та нар Чингис бондын мөнгөнөөс хөрөнгө оруулалт авчих. Хэрвээ манай энэ хавийг дахин төлөвлөх, төсөл хэрэгжүүлэх боломжтой бол анхааралдаа аваач гэх мэтээр удаа дараа гуйсны эцэст ажил эхэлсэн. Гэвч одоохондоо гацаанд орчихоод байна. 

-Хэрвээ “Гудамж” төсөл цаашаа үргэлжлэхгүй бол Гандангийн дэнжийг дахин төлөвлөх, төвийн шугамд холбох ажил орхигдоно гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй.  “Гудамж” төсөл зогсдог л юм байгаа биз. Зогслоо гэхэд бэлэн болчихсон зураг төсөл гэж байгаа. Түүнийг зохих байгууллагад нь  хүлээлгэж өгөх байх. Хаячихгүй нь лавтай. Тийм болохоор, хэрвээ “Гудамж” төсөл цаашид үргэлжлэхгүй бол бэлэн зураг төслөө татаж  аваад, нийслэл рүү өгөөд, бүх удирдлагын төвшинд нь санал хүсэлтээ хүргүүлнэ.

“Гудамж” төсөл ингэлээ, одоо манай асуудлыг яах вэ гээд санал хүсэлтээ өгнө. Гэх мэтээр дараа дараагийн асуудлууд яригдаад явна гэж бодож байгаа. 

-Зөвхөн Гандан орчимд 52 нийтийн байр байна. Энэ нь Баянгол дүүргийн 16 дугаар хороонд хамгийн их тулгамдаж байгаа асуудал юм билээ. Энэ тал дээр дүүргээс ямар нэг арга хэмжээ авч болдоггүй юм уу?

-Ер нь Гандан орчмын хөрсний бохирдол нь дээд цэгтээ хүрчихсэн газар шүү дээ. Үүнийг надаар хэлүүлэлгүй бүх хүн мэдэж байгаа. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа боловч яг ажил хэрэг болгоод, шийдвэрлэх гээд явж байгаа хүн байхгүй.

Үүнийг шийдэх ганц гарц нь Ганданг дахин төлөвлөлтөд оруулж, төвийн шугамд холбох л байна. Тиймдээ ч энэ асуудлыг ажил хэрэг болгох гээд шаардлагатай бүх арга хэмжээг авч, шийдвэр гаргах төвшинд ажиллаж байгаа хүмүүстэй уулзаад л явж байна. Түүнээс биш бид иргэдийг яах юм. Та нар бохир байна гээд гэрт нь ороод торгоод байж чадахгүй шүү дээ.

Зураг