Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: УИХ үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас гарах хэрэгтэй

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. 

Гишүүдийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийг тааруу гэсэн дүгнэлтийг өгөв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ийм хариуцлагагүй байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ярьж болохгүй. Манайхан ажил ярих болохоор бүгд алга болдог. Засгийн газрыг төлөөлөөд энд сууж байгаа хүмүүс гишүүдийн асуултад хариулж чадна гэдэгт эргэлзэж байна.

С.Баярцогтод би “Сонгууль болоогүй байхад ядаж төрийн нарийн бичгийн дарга нараа байлгаарай” гээд хэлээд байхад төрийн албан хаагчдаа солиод тавьчихсан. Ийм зүйл хийчихээд өнгөрсөн хоёр жилд юу хийснээ ярина гэж байхгүй. Хуучин сайд нарыг оруулж ирээд ямар ажил төлөвлөөд алийг нь хийсэн, хийгээгүй, заавал хийх ёстой ямар ажил байна, мөнгө төгрөгөө яаж хуваарилах талаар яримаар байгаа юм.

Хүний асуудал их чухал. Хүнээ орхиж болохгүй

Ийм үхээнц, хэлбэрдсэн, цаг нөхцөөсөн байдлаас УИХ гарах хэрэгтэй. Засгийн газар бол тас, няс гээд асуудлаа ярьчихдаг юм. Гэтэл энд хуралдаа цугласан ч юм алга. Тэгээд жижүүрийн юм яриад сууж байдаг. Мөрийн хөтөлбөрийг УИХ дээр тусгайлан ярих ёстой. 

Би АН-ын дарга, Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр бол маш сайн боловсрогдсон, ард иргэдээр хэлэлцүүлсэн хөтөлбөр. Мөн Засгийн газарт хамтарсан намуудын мөрийн хөтөлбөрийн гол зүйлүүдийг тусгасан амьдралд хэрэгжихүйц хөтөлбөр юм. Тиймээс өнгөрсөн хоёр жил уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд чардайж ажилласан.

Энэ мөрийн хөтөлбөр АН-ын ард түмнээрээ хэлэлцүүлсэн санааг суурь болгоод “Шударга ёс” эвслийн Эрдэс баялагтай холбоотой санаануудыг шингээсэн, ИЗНН-ын байгаль хамгааллын нарийн бодлогуудыг тусгасан юм.

Өнөөдөр Д.Оюунхорол сайд ямар бодлого хэрэгжүүлэх гээд сууж байгаа юм. МАН-ын амлалтаас энд нэг их ороогүй биз дээ. Одоо жил хүрэхгүй хугацаанд үүнийг цааш нь яаж үргэлжлүүлж ажиллах юм. Би ойлгохгүй байна. Ер нь бодлогоо ойлгож байна уу гэдэгт эргэлзэж байна. Сэтгэл тавьж хийж чадна гэдэгт ч итгэлгүй байна. Хоёр жил хүмүүсийн хийсэн ажлыг нөхнө гэдэг хэцүү.

Ч.Сайханбилэг гарч ирээд “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж хэлсэн. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Хүнээ хаяж болохгүй биз дээ.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусах ёстой. Эсвэл хамтарсан юм бол мөрийн хөтөлбөрөө боловсруулаад оруулж ир. Хүний асуудал их чухал. Хүнээ орхиж болохгүй” гэсэн юм.   

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Сэтгэл дундуур байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр хэлэлцсэн болоод, оромдоод хаяжээ. Өнөөдрийн байнгын хорооны байдал, хэлэлцэж байгаа царай гээд харахад.  

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 300 гаруй зүйл заалт, том зорилт тавьснаас 200-гаад нь 50 хувь хүрэхтэй үгүйтэй явж байна. 100 гаруй зорилт нь 50 хувиас дээш биелэлтэй. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны 3 жил нь ард хоцорсон. Одоо нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Үлдсэн 50 хувийг нь жил хүрэхгүй хугацаанд гүйцэлдүүлэх гэж байгаа юм шиг ойлгогдож байна.

Эдийн засгийн хүндрэлээс болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэх байх л даа. Шалтгааныг нь сонсмоор байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс олон зорилт хэрэгжээгүй байна. Тиймээс мэдэгдэл хийх хэрэгтэй. Бид сүүлийн үед Таван толгой зэрэг том, том төсөл хөтөлбөр яриад хүмүүсийн амьжиргаатай холбоотой асуудал орхигдоход хүрчээ. Үүнийг хайнга байдлаар хэлэлцүүлж болохгүй. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нээлттэй орхиод шаардлагатай бол УИХ-д оруулах хэрэгтэй. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариулахдаа “Эдийн засгийн хувьд байдал хүндхэн байгаа. Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирэхэд та бүхэн илүү тодорхой мэдэх байх. Удахгүй хэлэлцэнэ. Засгийн газрын түвшинд дахин тодотгол хийх шаардлага үүснэ” гэсэн юм.