Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ой хээрийн түймэрт зориулж дахин 600 сая төгрөг гаргана

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар 15 аймгийн 58 суманд 109 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Түймэр байгаль экологи, иргэн, аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл болж байгаа. ОБЕГ-аас өнгөрсөн жил хур тунадас бага орсон, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал гарч буй гэж тайлбарласан. 

Энэ жил гарсан түймэрт давхардсан тоогоор орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын 9,000 орчим хүн, 900 орчим техниктэйгээр ажиллажээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч гал гарч буй аймгуудад ажиллахад ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүсийн хамгаалах хэрэгсэл болон хангамж, техник хэрэгсэл хангалтгүй байсан байна. Тиймээс ОБЕГ-аас зарим бараа материал, хангамж худалдан авах санал Засгийн газрын өчигдрийн хуралдаанд оруулж иржээ. Тиймээс гал түймрээс хамгаалах 500  хучлага, усаар шүршигч аппарат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл худалдаж авахад 600 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байгаа аж.

Хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ. Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болох юм байна.