Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эмх замбараагүй байдлын улмаас Үндэсний гвард бэлэн байдалд шилжжээ

Б.Ууган, iKon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Америкийн Мэриленд мужийн Балтимор хотод өнгөт арьст эр цагдаагийнханд баривчлагдсаныхаа дараа нас барсны улмаас арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж улмаар цагдаагийнхантай мөргөлдсөн юм.

Мөргөлдөөний улмаас цагдаагийн  долоон ажилтан гэмтсэн бол тэдний нэг нь ухаангүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаал ийнхүү эмх замбараагүй байдалд шилжсэний улмаас АНУ-ын Үндэсний гвардыг бэлэн байдалд шилжүүлжээ

Эмх замбараагүй байдал дөрөвдүгээр сарын 27-ны Даваа гарагт эхэлсэн юм. Улмаар хэсэг жагсагчид цагдаагийн ажилтнууд руу халдсан тул жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий ашиглажээ. Энэ үймээний үеэр жагсагчид цонх хагалж, автомашин эвдэлж сүйтгэн, шатаасан байна. Түүнчлэн эмийн сан дэлгүүр дээрэмдэн, шатаасны дээр жагсаал болсон газраас холгүй орших дарсны дэлгүүрүүдийг ч тонон дээрэмджээ.

Хэргийн газар гал унтраах хэсгүүд өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллаж байгаа юм байна. Жагсаал цуглаан эмх замбараагүй байдалд шилжсэний улмаас Мэриленд мужийн захирагч Ларри Хоган онц байдал тогтоох зарлигт гарын үсэг зуржээ. Мөн хотод аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд Үндэсний гвардын анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулсан байна.

Цагдаагийнхан хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, харин автомашин эзэмшигчдийг машинаа унаж явахгүй байхыг зөвлөсөн байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ерөнхий прокурор Лоретта Линчтэй уулзан хотод болж буй эмх замбараагүй байдлын талаар хэлэлцжээ.

Эргэн сануулахад жагсагчид 25 настай өнгөт арьст эр Фрэди Грейгийн оршуулга болсны дараа цагдаагийнхны эсрэг эсэргүүцлээ илэрхийлэн Балтиморын гудамжинд жагссан юм. Фрэди Греэй цагдаагийн газар баривчлагдсаныхаа дараа эмнэлэгт хүргэгдээд, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд тэрбээр баривчлагдах үедээ олон төрлийн гэмтэл авсан байна.

Энэ гэмтлийнхээ улмаас ухаан алдаж, клиник үхэлд орон, сэхээн амьдруулах ажиллагаа хийсэн ч ухаан оролгүй байсаар нас баржээ. Ийнхүү өнгөт арьст эрийг нас барсан өдөр 100 гаруй хүн жагсаж, Грейтэй тохиолдсон явдлын талаар хариу нэхэж, мужийн захиргаа болон цагдаагийн газрынхан энэ хэргийг нарийн мөрдөн шалгана гэж амлаж байв. 

Эх сурвалж: newsru.com