Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол махны шинэ лангуу

Л.Ганчимэг
2015 оны 4 сарын 28
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамныхан урд хөршөөс ганзага дүүрэн иржээ. Дэд сайд Б.Батзоригоор ахлуулсан тус яамны төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцсан юм.

Хятадууд мах, махан бүтээгдэхүүнээс гадна амьд мал авах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн юмсанж. Ялангуяа дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн худалдаж авахыг ихээхэн сонирхож буйгаа манайханд дуулгажээ. Дулааны аргаар боловсруулсан гэж лаазалсан, нөөшилсөн махыг хэлдэг. Бүр тодруулбал консерв, хиам, утсан, хатаасан мах зэргийг хэлж буй юм.

Манай улсад шүлхий өвчин үе үе дэгддэг учир эрүүл ахуйн хувьд найдваргүйд тооцогддог. Махыг дулааны аргаар боловсруулахад шүлхий үүсгэгч нян устдаг байна. Тиймээс хөршийнхөн ийм төрлийн мах авах сонирхолтой байгаа бололтой Тэгээд ч манай үйлдвэрүүдийн дийлэнх шаардлага хангадаггүй учир явцад мах чанараа алдах магадлалтай гэж болгоомжилдог байж ч мэднэ.

Манай төлөөлөгчид Хятадын хорио цээрийн дэд сайд болон Бүх Хятадын малын эмчтэй уулзан мах, махан бүтээгдэхүүн экспортлох хэтийн зорилготой яваагаа танилцуулжээ. Ингэхийн тулд манай талаас махны үйлдвэрүүдийн эрүүл ахуйн хяналт, шалгалтыг хоёр жилд биш, жил бүр тогтсон хугацаанд хийж байх, экспортын квот олгох, нэвтрэх боомтын тоог нэмэх санал гаргасан байна.

ХХААЯ-ныхан Баянхошуу, Өвдөг, Хатавчийн боомтоор мах экспортлох саналтай байгаа юм.

ХХААЯ-ныхан Баянхошуу, Өвдөг, Хатавчийн боомтоор мах экспортлох саналтай байгаа юм. Хятадын талаас эдгээр боомтод мал эмнэлгийн лаборатори байгуулах талаар судалж үзэхээ амлажээ. Тавьсан саналтай холбогдуулан ирэх сарын дундуур Хятадын хорио цээрийн албаны техникийн ажлын хэсгийнхэн манай улсад ажиллахаар болсон аж.

Манай тавьсан  саналыг зөвшөөрөх эсэхээ шийднэ. Энгийнээр хэлбэл, манайхнаас “шалгалт” авахаар ирж байгаа гэсэн үг. Хэрэв “шалгалтад нь тэнцвэл” долдугаар сард БНХАУ-аас манайд айлчлах хорио цээрийн албаны төлөөлөгч мах экспортлох гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

Саяын ажлын айлчлалыг 40-өөд үйлдвэрлэгч дагалджээ. Тэд Бээжин, Хөх хотод бараа бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн зохион байгуулахаар товлосон байж. Гэтэл Бээжин хавийн үйлдвэрлэгчид манай мах, махан бүтээгдэхүүнийг ихээхэн сонирхсон учир зөвхөн тэнд үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийжээ. Энэ үеэр Хятадын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 60 гаруй төлөөлөл ирж, манай бүтээгдэхүүнийг сонирхсон байна. Манай үйлдвэрлэгчид ирэх сарын дундуур дахин өмнөд хөршийг зорьж, Хөх хотод уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ.

ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Манай боловсруулсан махан бүтээгдэхүүн БНХАУ, ОХУ-ын иргэдийн хэрэглэж заншсанаас өөр амттай байдаг гэнэ. Тиймээс тэдний технологич нарыг урьж авчраад Орос, Хятадын хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Ер нь Монголоос мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах эрэлт хоёр хөршийн аль алинд нь байна” гэж ярив.

 Мал нядалгааныхан хүчин чадлынхаа 28, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд 50 хувийг нь л ашигладаг. 

Мэдээж тэдний хэрэгцээнд тохирсон амт, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь түүхий эд, технологи зэрэг олон зүйлээс хамаарна.

Манай үйлдвэрүүдийн технологи хоцорч яваа нь нууц биш. Мал нядалгааныхан хүчин чадлынхаа 28, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд 50 хувийг нь л ашигладаг. Санхүүгийн эргэлт багатай ийм үйлдвэрүүд технологио шинэчилж чадахгүй нь ойлгомжтой. Шинэ зах зээл үүдээ нээхээр дуншиж буй энэ үед мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийнхээ технологийг сайжруулах хөрөнгө оруулалт хийхэд алдахгүй болов уу. Экспортын орлогыг нэмэх нэг салбараа хөгжүүлэх боломж дүүрэн байна.

Эрэлт үүссэн нь үнэхээр үнэн. Манай махыг хоёр хөршийнхөн төдийгүй, Араб, Зүүн өмнөд Азийн орнууд экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг өнцгөөс харж сонирхдог. Энэ хавар ОХУ-ын Новосибирск мужийн “Мясотрэйдинг” компани манайхаас мах худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн. Красноярск, Калининградад хоёр салбартай “Мясотрэйдинг” түүхий эдгүй болоод ийн манайд ханджээ. Мөн махны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хойд хөршийн “Росрезерв” компанийнхан ирж уулзсан.

Түүнчлэн ОХУ-ын Буриад улсын “Бурятмяспром” компанийн орлогч захирал КЛ.Николаевна жилд 36 сая консерв, 5,000 тонн хиам, 2,000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нь түүхий эдгүйн улмаас ажиллахгүй байгааг учирлаж, мах худалдан авах хүсэлтээ ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдод уламжлаад буцсан билээ.

Тэрбээр манайхтай хамтарч мах боловсруулах үйлдвэр барих сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн юм. Max, махан бүтээгдэхүүн экспортлоход манайд хэд хэдэн бэрхшээл бий. Дэлхийн мал эмнэлгийн байгууллага манайхыг аюултай бүсэд тоолдог. Үе үе шүлхий өвчин гардаг учраас тэр.

Саяхан Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Манай улсын төвийн бүсэд шүлхий өвчин гарч байгаагүй. Гэвч бид үүнийгээ эрүүл бүсээр зарлуулж чадаагүй л байна. Мөн үйлдвэрүүдийн боловсруулах 30 гаруй үйлдвэртэй ч нэг нь л хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. ОХУ-ын мэргэжилтнүүд ирж, 12 үйлдвэрийн үйл ажиллагаа, технологитой танилцаад дөрөвт нь л мах экспортлох зөвшөөрөл олгоод байгаа. Наймынх нь үйл ажиллагааг сайжруулбал зөвшөөрөл олгоно гэсэн.

ХХААЯ-наас ажлын хэсэг гарч, Завхан, Орхон аймаг, Улаанбаатарт байрлаж буй найман үйлдвэрийн үйл ажиллагааг дахин шалгахаар хөдлөх гэж байна. Мөн мах экспортлох, худалдаж авах саналын зөрүү гардаг. Манай улс бод мал цөөтэй. Тиймээс сүргийн бүтцээ хадгалахын тулд хонь, ямааны мах экспортлох сонирхолтой байдаг юм.

Харин ОХУ, БНХАУ-аас бод малын мах худалдаж авах санал гардаг. Манай тал Хятадын нутгаар мах тээвэрлэн өнгөрүүлэх зөвшөөрөл хүссэнийг дээр дурдсан. Хэрвээ Хятадын нутгаар мах дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрвөл Вьетнам болон лалын шашинт орнуудын зах зээлд хонины махаа нийлүүлэх хаалга онгойх юм.

Манай улс 2010 оноос хойш Вьетнам улсад нийт хонь, ямааны 10 тонн мах экспортлоод байгаа. Энэ нь нийт хонь, ямааны махны экспортын 77 хувьтай тэнцдэг юм. Бэрхшээл байгаа бол боломж ч бий. Өөрөөр хэлбэл, нөөц бий гэсэн үг. Монгол Улсын малын тоо толгой өсөж, 50 саяыг давсан нь мах экспортлох боломжийг бүрдүүлж байна. Энэ онд 2.5 сая толгой мал нядалж, 64 мянган тонн мах экспортлох боломжтой.

Ирэх онд 3.5 саяыг төхөөрч, 80 мянга, 2017 онд таван саяыг нядалж, 100 мянган тонн мах экспортлох боломжтой гэж таамаглажээ. Хятадын зах зээлд мах нийлүүлэх яриа хэлцэл эхлүүлсэн нь сайн хэрэг. Урд хөршийн зах зээлд махаа нийлүүлбэл ОХУ-аас илүү өгөөжтэй юм.

Хятадад нэг килограмм үхрийн мах 63.01, хониных 66.3 юанийн үнэтэй байна. Үүнийг төгрөгт хөрвүүлбэл нэг килограмм мах 20 мянган төгрөгтэй дүйнэ. Тэгэхээр боловсруулсан бүтээгдэхүүн үүнээс илүү үнэтэй байх нь дамжиггүй.

Зураг