Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олборлогч компаниудын тайланг цахимаар авдаг систем нэвтрүүлжээ

www.mongolianminingjournal.com
2015 оны 4 сарын 28
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д 2006 онд нэгдсэн билээ. Түүнээс хойш жил бүр, нийтдээ 8 удаа олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг гаргаад байна.

Харин энэ жил нэгдүгээр сараас эхлэн тайлангийн цахим систем нэвтрүүлээд байгаа юм. Ингэснээр ашигт малтмал, газрын тосны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 930 гаруй компаниас тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний олборлолт, борлуулалт, бүх төрлийн татвар болон төлбөр, хандив дэмжлэг зэрэгтэй холбоотой бүхий л мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч, олон нийтэд ил тод болгож эхлээд байна.

ОҮИТБС нь олборлох үйлдвэрлэлээс олж байгаа орлогыг ил тод болгож, орлогын зарцуулалтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан түншлэл юм. Уг санаачилгад нэгдсэн 48 орноос Казакстан, Монгол хоёрхон улс тайлангаа цахим хэлбэрээр авдаг аж. Манай улсын хувьд цахим тайлангийн системийг Open Source буюу нээлттэй эхийн лицензтэй болгон боловсруулсан бөгөөд системийг ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй бусад орнууд өөрсдийн онцлогт тохируулан нэвтрүүлэх бүрэн бололцоотой юм. Ийм бололцоог бүрдүүлсэн мөн мэдээллийг Open Data Format-аар түгээж байгаа зэргээрээ манай улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй улс орнууд дунд тэргүүлэх байр суурьтай явж байгаа ажээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын албаны Мэдээлэл технологийн зөвлөх Г.Ганбат: “Зарим улс орон ил тод байдлын санаачилгын хүрээнд олборлогч компаниудын тайланг цахим хэлбэрээр авдаг систем нэвтрүүлэх төсөл эхлүүлээд амжилтгүй болсон жишээнүүд бий. Бидний хувьд дотоодынхоо IT-ийн шилдэг  компани “Интерактив”-тай хамтран энэхүү системийг амжилттай хэрэгжүүлснээр төрийн байгууллагууд болон компаниуд тайлангаа гаргахад хялбар болсноос гадна, иргэд, олон нийтэд шууд ил тодоор мэдээлэх боломж нэмэгдэж байна” хэмээн ач холбогдлыг нь үнэлсэн юм.

Иргэд, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд www.eitimongolia.mn сайт руу хандан, орон нутагт олборлолт явуулж буй компани хэдий хэмжээний ашигт малтмал олборлож байгаа, хэдэн төгрөгөөр борлуулсан, хэдий хэмжээний төлбөрийг төлсөн, нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжид хэр их зардал гаргасан, тухайн компанийн ашиг хүртэгч эзэн хэн болох гээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болох юм байна.

Түүнчлэн уул уурхайн компанийн лицензийн мэдээллийг http://e-reporting.eitimongolia.mn/portalMap/1 линкээр орон Google-ийн газрын зураг дээр харах боломжтой.

 

Зураг