Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчийн компаниудын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

ikon.mn
2015 оны 4 сарын 28
iKon.MN

Монголд сүүлийн жилүүдэд төрийн өмчийн компаниудыг олноор байгуулах хандлагатай болсон бөгөөд энэ хандлагын нийгэмд үзүүлэх нөлөөг сайтар судалж үзүүштэй. Энэ үүднээс олон улсын хэмжээнд ямар чиг хандлагатай байгааг судалж, зарим сонирхолтой мэдээлэл олсноо үүгээр хуваалцаж байна.


Сүүлийн жилүүдэд олон улсад төрийн өмчийн компаниудыг хувьчилах үйл ажиллагаа эрчимтэй өрнөсөн ч Ази, Зүүн Европ, Латин Америкийн олон улс орнуудын эдийн засагт төрийн өмчийн компаниуд ихээхэн нөлөөтэй хэвээр байна. Дээрхи улсуудын заримд нь төрийн өмчийн компаниудын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 15-50 хувь болж байх юм. Энэхүү төрийн өмчийн компаниуд нь ашигт ажиллагааны хувьд хувийн хэвшилтэй өрсөлдөх чадвар муу байгаа нь хэт том данхар бүтэц, төрийн байгууллагуудын хүнд сурталтай холбоотой. Тэр битгий хэл зарим тохиолдолд, тухайлбал эдийн засгийн нөхцөл байдал доройтсон үед төрийн компаниудыг зардлаа өсгөж, ажлын байраа нэмэгдүүлэхийг Засгийн газраас нь шаардсан тохиолдлууд ч их байдаг.

 

Төрийн өмчит компаниудын нийтлэг дутагдал

Гэвч судлаачдын үзэж байгаагаар төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг сайжруулбал нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах маш их боломж агуулж байдаг аж.

Хэдхэн жилийн өмнө Маккэнзи-гийн хийсэн судалгаанаас үзэхэд төрийн өмчийн компаниудын хөрөнгийн өгөөж хувийн хэвшлийнхээс хоёр дахин доогуур байгааг илрүүлсэн байх юм. Дээрхи нөхцөлийн гол шалтгаан нь төрийн өмчийн компаниуд өрсөлдөөнөөс ангид, төрийн ивээлд байдагт оршиж байгаа хэмээн тус байгууллагын судалгаанд дурджээ. Түүнчлэн ТӨК-иудын эрхэм зорилго нь тодорхойгүй, заримдаа нийгмийн халамжийг хэрэгжүүлэгч болдог нь ч бас нөлөөлдөг. Улс төрийн нөлөө түрэн орж ирснээр тухайн ТӨК-ийн санхүүгийн байдалд шууд аюул занал учирдаг байна. Ийм тохиолдол манай "Эрдэнэс ТаванТолгой" компани дээр гарсныг та бид санаж байгаа. Хүний нөөцийн хувьд мөн л хувийн хэвшилтэй өрсөлдөж чаддаггүйн улмаас хамаг чадалтай, авьяастай ажилтнуудаа тогтоон ажиллуулж чадахгүй байгаа жишээ Монголд хүртэл анзаарагддаг.

Амжилтын жишээ

Тэгэхдээ амжилттай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд бас байна.


Жишээлбэл, Малайзийн алдарт "Петронас" компанийг аваад үзье. Илүү үр дүнтэй ажлын орчинг бүрдүүлэх, үйл ажиллагааны эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх кампанит ажлыг өрнүүлснээс хойш таван жил өнгөрөхөд зардал хэмнэгдэн орлого нэмэгдсэнээр ашиг нь нэг тэрбум гаруй доллараар өссөн.


Үүнээс үзэхэд ТӨК-уудын өрсөлдөх чадварыг сайжруулах нь боломжтой ажээ. Түүгээр ч барахгүй энэ компанийн санаачлан нэвтрүүлсэн нөөцийн ашиглалт, чанар, гүйцэтгэл дээр суурилсан үйл ажиллагааны өгөөжийг бий болгох арга  нь олон улсын газрын тосны салбарын тэргүүлэх загвар болоод байна. Үйл ажиллагааны үр өгөөжтэй арга барилуудыг нэвтрүүлэхийн хажуугаар "Петронас" компани нь эрхэм зорилгоо илүү тодорхой болгож, нэгэнт олгогдсон эрх мэдлийг үр ашигтайгаар хэрэгжүүлж, хүний нөөцийн урт хугацааны бодлого хэрэгжүүлэх болжээ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа болоод улс төр, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой аж.  

 

Зорилгоо тодорхой болгохоос эхэлнэ

Ихэнх тохиолдолд ТӨК-иуд нь өөрсдийнхөө зорилго, ноогдсон  үүрэг хариуцлагын талаар мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй нь алдаа. Энэ нь тэдгээрийн эрхэм зорилго нь тодорхойгүй бөгөөд үндсэн үйл ажиллагаатайгаа уялдаа муу байдгаас болдог. Мөн улс төрийн ашиг сонирхлын үүднээс эсвэл компанийн засаглал сул байгаагаас тухайн компаниудын эрхэм зорилго бүрэн тодорхойлогддоггүй ба хэрэгждэггүй. Гэвч амжилттай ажиллаж ирсэн төрийн өмчийн компаниуд эрхэм зорилгоо ил тод зарлан тунхаглах нь элбэг. Ийм ил тод байдалд санхүүгийн үр дүнгийн хүрэх үзүүлэлтүүдийг оруулах нь амжилтын үндэс болдог байна.


Тухайлбал, Швед улсын төмөр замын төрийн өмчийн компанийн үйл ажиллагааны хүрэх үр дүнг доорх байдлаар тогтоож өгсөн байна.

  • Компанийн өөрийн хөрөнгийн өгөөжийн хэмжээг аж үйлдвэрийн салбарын жишиг болох 13 хувьд хүргэнэ
  • Өр зээл ба өмчийн харьцааг 1:1 хэмжээнд барих гэсэн нь иргэд, хөрөнгө оруулагчдад маш тодорхой бөгөөд удирдлагын багт хариуцлага тооцож болохуйц байна.

Эдийн засгийн ашиг бус нийгмийн хамгаалал, халамжийг нэмэгдүүлэх талаар зарим ТӨК-иуд үүрэг хүлээдэг ч энэ тохиолдолд зорилго, түүнийг санхүүжүүлэх механизм нь тодорхой, ил тод байх шаардлагатай. Жишээ нь: Шинэ Зеландын телевиз нь олон нийтэд зориулсан нэвтрүүлэг бэлдэх, цацах үүрэг хүлээж, түүнийхээ төлөө жил бүр 10.7 сая шинэ зеланд долларын санхүүжилтийг Засгийн газраасаа авдаг байна.

 

Бие даасан хүний нөөцийн бодлого

ТӨК-иудын захирлууд нь төрөөс ногдуулсан тодорхой үүргийг  өөрийн зөв гэж үзсэн арга зам, хэлбэрээр хэрэгжүүлэх эрх чөлөөтэй байхаар барахгүй олон нийтийн хүчтэй дэмжлэгийг авах шаардлагатай байдаг. Зарим уул уурхайн төрийн өмчийн компани өөрийн орны Засгийн газартай урьд өмнө байгаагүй тохиролцоо хийж, түүний дотор бие даасан мэргэжлийн багийг томилох /улс төрийн томилгооны оронд/, шаардлага хангаагүй ажилтнуудыг халах, чухал албан тушаал дээр ажиллаж байгаа ажилтнуудынхаа ажлыг гүйцэтгэлийн үр дүнгээр нь үнэлж шагнаж урамшуулах эрх эдлэхээр болжээ. Хэдийгээр эцсийн үр дүнгийн талаар дүгнэлт хийхэд эрт байгаа ч эхний үр дүнгээс харахад нааштай өөрчлөлт гарч эхэлж байна.

 

Мэдээллийн ил тод байдал

Компанийн үйл ажиллагааны талаарх, мэдээллийг аль болох /арилжааны нууцыг оруулахгүйгээр/ ил тод байлгаснаар дараах гурван зорилгыг хэрэгжүүлэх боломжтой болдог:

  • Ийм ил тод байдал нь ардчилсан нийгэмд засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрөө шуурхай хэрэгжүүлэхэд нэмэр болдог
  • Олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлдэг
  • Дотоод бүтцүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг болдог

Малайзийн төрийн өмчийн авиа компани дээрхи зарчмыг сонин, вэб хуудсаараа дамжуулан хэрэгжүүлж өөрчлөлтийнхөө  нарийвчилсан төлөвлөгөөг олон нийттэй хуваалцсанаар уг төлөвлөгөөний олон асуудлаар үйл ажиллагаанд нь голлон оролцогчдын дунд нэгдсэн ойлголт, дэмжлэг бий болгосон төдийгүй үйл ажиллагаанд нь мэдэгдэхүйц ахиц гарчээ.


Үйл ажиллагаа, төлөвлөгөө, санаачилгаа ил тод байлгаад зогсохгүй, хүрсэн үр дүнгээ бас нийтэд ил тод байлгаж, харилцан хэлэлцэж байхгүй бол улс төрийн нөхцөл байдал таагүй болсон үед ихээхэн эрсдэлтэй учрах нь ойлгомжтой. 

Ил тод үйл ажиллагаа явуулж, улс төрийн сөрөг хандлага, хүнд суртлаас бизнесийн үйл ажиллагаагаа тусгаарлаж чадсанаар


Индонезийн газрын тосны "Пертамина" компани хоёрхон жилийн дотор компанийн орлогыг 285 сая доллараар нэмэгдүүлсэн туршлага байна. Мөн улс төрийн нөлөөллөөс ангид байж, хязгаарлагдмал санхүүгийн нөөцөө эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй салбарт зарцуулж томоохон амжилтад хүрсэн компани бол Бразилийн эрчим хүчний "Петробрас" юм. Энэ компани далайн гүнээс олборлолт явуулах технологи, үйлдвэрлэлийг бий болгоход 20 гаруй тэрбум доллар зарцуулснаар нэг өдрийн олборлолтын хэмжээгээ 0.5 саяас 2.4 сая баррел болгон нэмэгдүүлжээ.


 

Зардлыг ч ашигтай зарцуулах нь буюу аутсорсинг

Төрийн өмчийн компаниудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд өргөнөөр хэрэглэгдэж байгаа нэг арга зам бол эдийн засгийн үр ашиггүй, эсвэл туслах маягийн аж ахуйн нэгжүүдийг хаах, худалдах, гадны төрөлжсөн байгууллагад шилжүүлэх явдал юм. Бохир ус цэвэршүүлэх, хог боловсруулах, барилга байгууламжуудын үйлчилгээ, хот тохижилтын ажлуудыг заавал өндөр өртөгтэй төрийн өмчийн компани хийж байхын оронд гадаадын эсвэл дотоодын туршлагатай, төрөлжсөн хувийн компанид хариуцуулбал хийгдэх ажлын чанар сайжрахын зэрэгцээ зардал ч буурах боломжтой.

Ийм аутсорсинг үйлчилгээг хийгч үндэстэн дамнасан компаниуд ч олон болж, үйлчлүүлэгч төр засгууд ч олширсоор байна. Үнэхээр төлбөрийн чадвартай төр засгууд батлан хамгаалах салбараа хүртэл оутсорсинг аргаар шийдэж байгаа нь өнөөгийн олон улсын эдийн засгийн харилцаа шинэ төвшинд хүрснийг илэрхийлэх ба түүнийг ашиглахын давуу болон сул талуудыг ч судлах шаардлагатай болжээ.

 

Боловсон хүчин бол чухал хөрөнгө

ТӨК-иудын үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөж муу байдгийн бас нэг шалтгаан нь өндөр ур чадвартай, авьяаслаг хүмүүсийг татан ажиллуулахад ихээхэн хүндрэлүүд учирдагтай холбоотой. Ихэнх ТӨК-иудын дотоод уур амьсгал нь өөрчлөлтийг хүлээн авдаггүй, захиргаадалтын хатуу зарчимтай, улстөрчдөөс шууд хамааралтай, үйл ажиллагааны эрхэм зорилго нь тодорхой бус байдгаас тэнд ажиллаж байгаа авьяаслаг хүмүүс ч нэг их санаачилга гаргаж ажиллах сонирхолгүй байдаг ажээ. Тэдний хувьд хийсэн ажлынх нь үр дүн чухал биш, харин томилгооны хугацаа, томилгооны зорилгод нийцэж байх нь цаашид өсөж дэвжих гол шалгуур болдог.

Иймд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлье, сайжруулъя гэвэл нэгэнт байгаа авьяаслаг, ур чадвартай хүмүүсээ тогтоон барих, тэдний идэвх сонирхлыг өдөөх цалин хөлс, урамшууллын багцыг бий болгож  ажиллах хэрэгтэй. Түүгээр ч барахгүй, ТӨК-иуд нь нэгэнт л ихэнх хувийн хэвшлийн компаниудын бизнесээс цар хүрээ, ач холбогдлоороо ихээхэн ялгаатай, том байдгаас шалтгаалан чанартай боловсон хүчинтэй болохын тулд бусад компанитай өрсөлдөх шаардлага гардаг.  Дээр дурдсан сул талаа давуу тал болгож чадсан төрийн өмчийн компанийн жишээ ч байна.


Тухайлбал, хөрөнгө оруулалтын нэг томоохон төрийн өмчит компанийн захирал  хөрөнгө оруулалтаар дагнаж мэргэшсэн 100 гаруй залуучуудтай биечлэн уулзаж тухайн хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан улс орныхоо ирээдүйг өөрчлөх хэтийн төлөвлөгөөгөө танилцуулсны үр дүнд тэдгээр залуусаас олон нь өндөр цалинтай өмнөх ажлаасаа гарч тэр хөрөнгө оруулалтын компанид ажилд орсон байх жишээтэй.

Хятад улсын “Төрийн цахилгаан түгээх сүлжээ” компани, “Чайна мобайл“ зэрэг компани нь хувийн хэвшлийнхтэй өрсөлдөхүйц цалин хөлсний багцыг боловсруулан мөрдүүлснээр хүний нөөцийн бодлогодоо огцом эргэлт хийсэн туршлагууд ч байна.


Эдийн засагч миний бие дээрх саналуудыг бичихдээ Монгол Улсын төрийн өмчийн компаниуд болон түүнд ажилладаг мянга мянган шилдэг мэргэжилтнүүд болон ажилтнуудын хийсэн бүтээснийг үгүйсгэхийг зорьсонгүй, зөвхөн дэлхийн бусад улс оронд байдаг нийтлэг алдаа болон бүтцийн гажуудлаас жишээ авч, мөн гарах гарцуудыг эрэлхийлэхийг зорилоо.

 

Уул уурхайн эдийн засагч Ду.Жаргалсайхан