Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдон манай улсын Засгийн газар уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг өөрийн эх орны нийслэл Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Онлайн эрх чөлөө эвслийн 5 дугаар бага хуралд оролцож үг хэлэх бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавина. Мөн хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлыг хааж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхээр төлөвлөж байна.
Ази тивд анх удаа хуралдаж буй “Онлайн эрх чөлөө” эвслийн энэ удаагийн бага хурлыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн Технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус Бага хуралд зориулсан бэлэгдэл, вэб хуудас, “Insider” сэтгүүлийн тусгай дугаар, “Онлайн эрх чөлөө” сэдэвт шуудангийн блок марк, Монгол Улс дахь интернэтийн эрх зүйн орчин сэдэвт судалгааны ажлыг танилцуулах ёслолын ажиллагаа энэ 4 дүгээр сарын 29-ний Лхагва гарагийн 10 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно.
Эх сурвалж: ГХЯ