Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн II дайн: МОРЬТ ЦЭРЭГ оролцсон сүүлчийн дайн

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Морьтнууд фашистуудтай хийсэн тулаанд чухал үүрэгтэй байлаа

1945 оны дөрөвдүгээр сарын 26-нд 7 дугаар гвардын морьт корпусын дайчид Германы нийслэлээс баруун зүгт 40 км-т орших Бранденбург хотыг эзлэх довтолгоогоо эхэлжээ.

Ингэснээр морьтон дайчид Хоёрдугаар дайны сүүлийн шатанд Берлин хотыг бүхэлд нь бүслэн хааж чадсан юм.

Берлинийг эзлэх ажиллагаанд нийтдээ 12 морин дивиз, 100,000 орчим морьт цэрэг оролцжээ.

Үнэндээ морьтонгууд нь дайны эхний өдрөөс сүүлчийн өдөр хүртэл чухал үнэ цэнэтэй оролцогч байсан юм.

 

Улаан морьт цэрэг буюу Зөвлөлтийн казакууд

Дайны өмнө Зөвлөлтийн удирдлага хуягт техникийн зэвсэглэлээ сайжруулахын хажуугаар үүн дээр хүч нэмж “Улаан морьт цэрэг” нэртэй морин ангиудыг зохион байгуулж байлаа. Олны дунд энэ бол Будённыйгийн хийж байгаа лобби гэсэн яриа өргөн тархжээ.

Зөвлөлтийн морьт цэргийн тоо 1937-1941 онд хоёр дахин нэмэгдсэн юм.

Гэвч дайн эхлэж Дорнод Европын хязгааргүй урт замыг туулах үеэр дайны өмнөх морьт цэргийн тухай ойлголтыг эргэн харах шаардлагатай болов.

1941 оны долдугаар сарын 15-нд маршал Жуков дайны эхний гурван долоо хоногийн явцыг дүгнээд Дээд Командлалд бичсэн зөвлөмжиндөө: “Манай арми морин цэргийн ач холбогдлыг хэд дахин бага үнэлж байжээ. Одоогийн нөхцөл байдалд буюу дайсан ойн бүсэд хэдэн зуун километр нэвтэрсэн байгаа үед манай морин цэргүүд дайсны ар талд тэднийг удирдлагаас нь салгах, хангамжийг нь таслах зэргээр чухал шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой нь харагдлаа…” гэжээ.

1941 оны зун Смоленскийг хамгаалах тулаанд морин цэргийн таван дивиз ар талд ажиллагаа явуулснаар Зөвлөлтийн дайчдад томоохон дэмжлэг үзүүлж байлаа.

1941 оны 11, 12 дугаар саруудад Москваг хамгаалах үеэр Зөвлөлтийн дивизүүдийн дөрөвний нэг нь морьтнууд байв. Энэ үед Москва хавьд байсан хоёр морин корпус Зөвлөлтийн сөрөг довтолгоонд стратегийн чухал үүрэг гүйцэтгэжээ. Морьт цэргүүд Москва хавийн цасанд хучигдсан ойгоор эрчимтэй довтолж дайснуудын ар тал, нөөцийг нь сүйтгэж байлаа.

Энэ туршлага нь морьт цэргийн тоог нэмэгдүүлэхэд хүргэж 1941 оны зургаадугаар сарын 22-нд 13 дивиз, 116,000 цэрэгтэй байснаа 1943 онд 26 дивиз, 250,000 цэрэгтэй болсон байна.

1942-1944 оны гол томоохон тулаануудад Зөвлөлтийм морин цэрэг тун амжилттай оролцжээ. Морин цэргүүдийн дотор Дон болон Кубаниас ирсэн Зөвлөлтийн казакууд байлаа.

Дайны үед хоёр морин корпусыг албан ёсоор “Казакууд” хэмээн нэрлэж байв.

1945 онд Доны казакуудын корпус Вена хүрсэн бол Кубаний казакуудын корпус Прагыг чөлөөлсөн түүхтэй.

 

Адууны дайн

Эх орны дайнд зөвхөн морин цэргүүд оролцоогүй, бас агт морьд оролцсон гэж үзэж болно. 1941 оны зургаадугаар сарын 22-нд дайн эхлэхэд Улаан армийн адууны тоо 526.4 мянга байсан бол есдүгээр сарын нэгэн гэхэд 1,3 саяд хүрсэн байлаа.

Жишээ нь явган цэргийн хороо бүрт их буу, нүүдлийн гал тогоог тээвэрлэхэд зориулагдсан 350 адуу ноогдож байв. Бүр явган цэргийн дивиз бүрт 3,039 адуу ноогдож байсныг мартаж болохгүй.

 

Харин Германы арми түүнээс ч илүү дөрвөн хөлтэй дайчидтай буюу явган цэргийн нэг дивизэд 6,000 адуу ноогдож байжээ.

Германы арми тэр үед бүх ЗХУ-ынхаас ч илүү тооны машин техниктэй байсан учраас тэднийг нь тээвэрлэхэд нэг сая адуу илүү шаардагдаж байсан нь тодорхой. Эдгээрийн 88 хувь нь явган цэргийн дивизүүдэд үйлчилж байв.

Нийтдээ Германчууд дорнод фронт дээр гурван сая гаруй агт морьд ашиглажээ.

Тиймээс Хоёрдугаар дайн бол дэлхийн анхны моторын дайн гэдгээс гадна сүүлчийн агт морьдын хүчийг ашигласан дайн байлаа.

Агт морьд фронтын хоёр талд хоёуланд нь чухал үүрэг гүйцэтгэж дайныг нуруун дээрээ үүрч гарсан юм.

Автомашинаас ялгарах ялгаа нь морьд ямар ч зам голохгүй, түлш шатахуун шаардахгүй, бэлчээрээр тэжээл хийж удаан хугацаанд явах боломжтой, заримдаа хүнс ч болдог байлаа. 1942 оны хавар бүслэлтэд орсон морин дивизүүд агт морьдоо хүнс болгон хэрэглэж байжээ.

Партизануудын хувьд морь бол юугаар ч сольшгүй хэрэгсэл байлаа.

Украйн дахь партизаны хөдөлгөөний тэргүүн Сидор Артемьевич Ковпак энэ тухай: “Явган партизан өөрийн отрядын төвөөс холдож чаддагүй байлаа. 1942 оны өвөл партизанууд морьтой болсноор дайсанд хүчтэй цохилт өгч чадахаар болсон. Өвлийн шөнө 80-100 км шуурхай марш хийж үүр цайхад амгалан нойрсож байгаа дайсны гарнизонд хүрч чаддаг байлаа. Партизаны дайнд морьдыг ямар ч машинаар орлуулшгүй. Нэгдүгээрт машинд шатахуун хэрэгтэй бол морь хаанаас ч тэжээлээ олно. Хоёрт хамгийн орчин үеийн машин ч моторын дуу заавал гаргадаг бол бид морьтойгоор дайсандаа ямар ч чимээгүйгээр 50-100 метр ойртож чадна. Гуравт машинд зам хэрэгтэй, харин морьтой бол ямар ч байгаль, цаг уурын нөхцөлд, бүр онгоц нисэхийн аргагүй манантай нөхцөлд шөнийн дотор 50-60 км зам туулж чаддаг байв” гэж дурсчээ.

Туршлагатай Семён Михайлович Будённыйгийн зөв байж, дайны үеэр морьд өөрсдийгөө харуулж чадаж байлаа.

Зарим хүмүүсийн шүүмжилж байсан шиг танкны эсрэг сэлэмтэй морин цэрэг довтлоогүй ч явган цэргийн хурдыг эрс нэмэгдүүлж ямар ч зам гололгүйгээр зэвсэг техникийг хоногт 100 км тээвэрлэж байлаа.

Гэхдээ л Эх орны дайны үеэр хэд хэдэн сонгодог морин цэргийн тулаан явагдсаныг энд дурдах хэрэгтэй.

1942 оны наймдугаар сарын 2-ны өглөө Кубаний 13 дугаар морин дивиз өндөр ургасан өвсөн дунд нуугдан урагшилсаар Кушевска тосгоны дэргэд Германы явган цэрэгт гэнэтийн цохилт өгөн ялалт байгуулж чадсан юм.

Германы командлал дайны дундуур морин цэргийн ач холбогдлыг ойлгож 1944 оны сүүлээр герман, унгарын хоёр морин дивиз байгуулжээ. Энэ нь ЭсЭсийн анхны морин дивизүүд байлаа. Гэвч 1945 оны эхээр Будапештын дэргэд тэднийг Улаан арми бут цохисон гэдэг.

Будапештын дэргэд болсон энэ тулаан түүхийн сүүлчийн сонгодог морин цэргийн тулаан ч байж магадгүй. 5 дугаар гвардийн Доний морин корпус мөн ижил морьтой дайснуудтай сэлмээр тулалдаж ЭсЭсийн 150 морьтныг цавчин устгаж, эмээл хэрэглэлтэй 100 гаруй морьдыг олзолсон юм.

 

Үнээгээр газар хагалсан нь

1942-1945 оны хооронд Зөвлөлтийн арми тогтмол хоёр сая адуутай байлаа. Дайны туршид нийт гурван сая адууг ашигласан байдаг. Тэд хүн шиг  шархтаж, үрэгддэг байлаа. Тэд хэт ачааллаас, өлсгөлөнгөөс, өвчнөөс болж үхэж үрэгддэг байв. Хоёр сая гаруй адуу армийн эмнэлгээр эмчлүүлсэн гэсэн тоо бий.

Хэрвээ дайнд үрэгдсэн адууны тоог үрэгдсэн хүний тоотой дүйцүүлж буулгавал адууны хохирол илүү их. 1941-1945 онд ЗХУ-ын армийн болон эзлэгдсэн газар нутаг дахь адууны хохирол найман саяд хүрнэ. Эдгээрээс хоёр саяыг эзлэн түрэмгийлэгчид булаан авсан. Харьков, Ворошиловград, Запорожск зэрэг бусад Украйны газар нутгийг чөлөөлөхөд үлдсэн адууны тоо дайны өмнөх үеийн тоо хэмжээнийхээ 10 хувьд хүрч байлаа.

 

Ийм нөхцөлд адууны гол ханган нийлүүлэгчид нь Оросын тосгонууд байв. Адуу нь тосгодын амьдралын гол хэрэгсэл болж байсан тул энэ нь газар тариалангийн аж ахуйд том цохилт болов.

Дайн эхэлж байхад хөдөөний аж ахуй тэр бүр механикжуулагдаж чадаагүй байлаа. 1942 онд Арми хөдөө аж ахуйн тракторын 70 хувь, ачааны машины 80 хувийг фронтод дайчлаад байжээ. Аж ахуйн ажлын гол хэсэг адууны нуруун дээр ирэв. Адуугүйгээр дайтахад бэрх байсан бол бас адуугүйгээр армийг талхаар хангаж чадахгүй байлаа.

Хаа сайгүй агт морьд дутагдаж, сайныг нь армид дайчилж, тааруу нэг нь ажлын ачаалал даалгүй өвчнөөр үрэгдэж байлаа.

Тиймээс ЗХУ-ын ар талын бүс нутгуудад ч дайны сүүлээр маш цөөн тооны адуу үлдсэн байжээ.

1944 оны зун, сүүлд Хөдөлмөрийн баатар болсон, Чкаловский мужийн Илекскийн районы Кировын нэрэмжит хамтралын дарга Усман Камалеевич Хисамутдинов бусад төрлийн малыг газар хагалахад ашиглах санаачилга гаргаж 204 бух, 13 тэмээ, 20 үнээ, үлдсэн 6 адуугаа ашиглаж эхэлжээ.

Эндээс адуу ямар ховор амьтан байсныг харж болно.

ЗХУ 1944 онд үнээг хэрхэн анжисанд зөв хөллөх тухай зурагт хуудас хэвлэж байсан нь санамсаргүй хэрэг биш байлаа.

 

Монголын тусламж

Дайны эхний жилээс ЗХУ адууныхаа талыг дайсанд алдаад байв. Германчуудыг довтлохоос өмнө 1941 оны зургаадугаар сард ЗХУ 17.5 сая адуутай байсан бол 1942 оны намар дайсанд эзлэгдээгүй нутаг дэвсгэр дээр 9 сая адуу үлдсэн байлаа. Энэ нь нялх унаганы тоог ч оруулсан дүн.

Бас нэг хэцүү нь адууны тоо толгойг огцом нэмэгдүүлж үйлдвэрлэх боломжгүй. Машин техникийг олноор үйлдвэрлэж болох бол унагыг бие гүйцэх хүртэл заавал хугацаа шаарддаг, ямар ч технологи нэмэргүй байлаа.

 

Тиймээс Эх орны дайны эхнээс ЗХУ-ын өөрийн эх үүсвэрүүдээс гадна цорын ганц адууны нийлүүлэгч нь Монгол улс байв.

1920-оод оны үед большевикууд Чинь гүрний зах хязгаар энэ нутагт социалист улс байгуулсан нь хожим хэрэг болжээ. БНМАУ нь милитарист Японы эсрэг түшиц газар болохын хажуугаар Эх орны дайны үеэр Зөвлөлтийн армид чухал дэмжлэг болсон билээ.

Монгол оронд хүн амаасаа олон тооны хагас зэрлэг агт морьд тал нутагт бэлчиж байдаг. Монголоос адуу авах ажил бүр 1941 оноос эхэлсэн. 1942 оны гуравдугаар сараас Монголын удирдагчид ЗХУ-д төлөвлөгөөтэйгээр адуу нийлүүлж эхлэв. Дайны дөрвөн жилд нийт 500 мянга гаруй агт морьд Монголоос нийлүүлэгдсэн билээ.

1941-1945 онд ЗХУ-д ийм хэмжээний агт морьд авах мөнгө байсангүй. Монголоос өөр ийм тооны адуу нийлүүлж чадах газар тэр үед зөвхөн Хойд ба Өмнөд Америк байлаа. Үнэ өртгийн тухай яриад ч хэрэггүй.

Амьд ачааг далай гатлуулан ЗХУ руу тээвэрлэх нь хамгийн хэцүү ажил байлаа.

Харин Монголоос тусгай нөхцлөөр адууг авч байсан нь хожим улс төр, эдийн засаг, цэрэг техникийн хөрөнгө оруулалт болж ЗХУ-аас төлөгдсөн гэж үздэг.

Өөр ямар ч сонголтгүй бидэнд Монголчууд дайны “техникийн” тусламж үзүүлсэн юм.

Үүнээс гадна тэсвэртэй, хагас зэрлэг Монгол адуу Зүүн фронт дахь хүнд хэцүү байгалийн нөхцөлд Европ адуунаас ч илүү зохицож байлаа.

1941-1945 оны хооронд Смоленскоос Сталинградаар дайрч Будапешт, дараа нь Манжуур хүрсэн морьт механикжуулсан бүлгийг удирдаж байсан генерал Исса Александрович Плиев “Тэсвэртэй монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрч байв” хэмээн дурссан байдаг.

1943-1945 онуудад фронт дахь таван адуу тутмын нэг нь монгол морь байлаа.

Бид Америкийн “лэнд-лиз” тусламж хэрхэн дайны үед хэрэг болж ялалтанд хүргэснийг ярих дуртай. Гэвч үүнээс дутуугүй Монголын тусламжийн талаар мартдах учиргүй.

 

Морьт цэргийн түүхэн төгсгөл

Эх орны дайны төгсгөлд Зөвлөлтийн армид 8 морин корпус байснаас 7 нь гвардийн гэсэн нэрэн дор байлаа.

Тавдугаар сарын 9-ний маргаашаас арми дахь адууны тоо толгой буурч эхлэв. Энэ нь дайны дараах сүйрсэн аж ахуйг сэргээх шаардлагатай холбоотой.

1945 оны зун гурван морин дивиз, түүний дараа жилүүдэд бүгд механикжуулсан анги нэгж болон өөрчлөгдсөн юм.

Цөмийн зэвсэг бий болсноор адуу техникт байраа тавьж өгөөд армийн хэрэглээнээс бүрэн гарав.

Улаан армийн сүүлчийн хоёр морин дивиз 1954 оны намар устаж, 4 дүгээр гвардийн Кубаний морин дивиз татан буугдаж, 5 дугаар гвардийн Донын морин дивиз танкын хороо болон өөрчлөгджээ.

Зөвлөлтийн армийн сүүлийн морин хороо Батлан Хамгаалах Яамны дор 11 дүгээр тусгай хороо нэртэй байж голдуу түүхэн киноны зураг авалтанд ашиглагдаж байжээ.

Харин өнөөдөр цорын ганц морин хороо Кремльд, ерөнхийлөгчийн мэдэлд байдаг билээ.

 

Эх сурвалж: Алексей Волынец /Русская Планета