Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан Пүрэв гарагт Чингисийн талбайд жагсана

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж энэ сарын 30-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, Эрдэнэс-Тавантолгой компаниас эзэмшиж буй 1,072 хувьцааны асуудлаар иргэдийнхээ саналыг сонсоно гэж мэдэгдлээ.

Тэрбээр ““Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2.1 сая иргэн, мөн дээр нь 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Таван толгойн орд нь социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн. 6.3 тэрбум тоннын нөөцтэй, үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь коксжих нүүрс гэдгийг тогтоосон.

Энэхүү орд нь 500-700 метрийн гүнд буюу олборлолт явуулахад хамгийн ойр, хамгийн бололцоотой орд. Гэтэл ийм том баялгийг нэг тонныг нь 30 ам.доллараар Хятадын компанид өгөх гээд Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй компани.

Засгийн газар гэмт хэрэг хийхээр бэлдэж байна. Үүнийгээ явуулахын тулд төрийн өндөрлөгүүдийг авлигадаж авчээ. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь. Дээр нь иргэдийн 1,072 хувьцааг иргэдээс нь асуухгүй Хятадын компанид өгөх гэж байна. Засгийн газар “иргэдийн 1,072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа” гэсэн шийдвэр гаргажээ. Иргэдийн өмчийг гаднынханд бэлэглэх гээд тулгалт хийж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн юм.