Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл, оюунаар халгиж яваа найруулагч Халтарын Дамдин

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

-Сэтгэлд мөнхөрсөн Монгол кино-

1975 он... Монголын нэртэй кино найруулагчдын нэг болох Халтарын Дамдингийн “Мартагдашгүй намар” хэмээх кино дэлгэцнээ гарч хүүхэд залуучуудаар зогсохгүй нийт үзэгчдийг “байлдан дагууллаа”. Энэ кинонд тэр үеийн залуусын оргилсон ариун тунгалаг хүсэл тэмүүлэл, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага боловч эрч хүч, нэмэр хандиваа өргөх гэсэн чин шударга сэтгэл, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, гомдол цөхрөл гээд олон асуудлыг хөндсөн нь олон түмний анхаарлыг татаж тухайн үедээ шуугиан тарьж билээ.

Энд зөвхөн нэг Сангийн аж ахуйн үтрэмд ажиллаж буй оюутнуудын ахуй амьдрал, хүсэл тэмүүлэл харагдавч, уг киноны утга санаа, агуулга өргөжин тэлж, амьдрал, хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн өргөн санаагаар халгиж буй нь найруулагч X.Дамдин жижиг зүйлээр том утга санааг ургуулан харуулах гэсэн чин эрмэлзэл, зорилготой ажилладаг уран бүтээлч болохыг бэлхнээ үзүүлдэг юм.

Х.Дамдин найруулагч угаасаа зураглаач мэргэжилтэй уран бүтээлч учраас бүтээлийнхээ дүрслэлийн хэлийг их анхаардаг билээ. Тэгэхдээ зүгээр нэг гоё сайхан зураг авалт, хоосон хөндий чимэглэсэн дүрслэлд шимтэлгүй уг зохиолынхоо драматургийн цаад утга санааг голлон анхаардгаараа илүү их оносон байдаг.

Тухайлбал, “Мартагдашгүй намар” киноны гол дүр болох Сарнайн сэтгэлийн хямрал, гуниг гутралыг дүрслэлийн аргаар тодруулахын тулд тэр охин нийтийн бүжгэн дунд хайртай залуу нь өөр бүсгүйтэй дотно бүжиглэн эрхэлж буйг хараад бүхнийг ойлгон гутарч бүжгийг орхин гараад өнчин ганц модны дэргэд уйлан зогсож буй хэсгийн зургийг авахын тулд тэр модыг зориуд олж, авчруулан дахин суулгаж зургаа авсан байдаг. Энэ хэсэг бол уг киноны драматургийн нэг оргил хэсэг байснаар барахгүй хойно гарах үйл явдлын нэг зангилаа нь болж буй учраас найруулагч X. Дамдин нарийн бодож шийдсэн байна.

Түүний үрээр уг киноны хэсэг болгон нь маш нарийн сэтгэсний үр дүн болсон нь мэдрэгддэг. Зөвхөн энэ хэсэгт уйтгар гунигт автан ганцаардсан Сарнай, өнчирч ганцаардсан мод хоёрыг адилтган зүйрлүүлсэн уран дүрслэл буюу “шигтгээ” тод харагддаг. X. Дамдингийн хийсэн олон кинонд ийм уран сайхны эрч хүч шингэсэн “шигтгээ” бүтээлийнх нь уран сайхныг өргөсөн тохиолдол их харагддаг. Кино урлагт уг бүтээлийн баатруудын байрлал буюу өрөлт маш нарийн утга учиртай байдаг. Найруулагч Х.Дамдин тухайн бүтээлдээ дүрүүдийнхээ сэтгэл санааны зөрчил, хувирал өөрчлөлтийг өрөлтөөр илэрхийлэхийг эрмэлздэг байсан нь түүний уран бүтээлийн аргын нэг онцлог гэлтэй.

Жишээ татвал, “Мартагдашгүй намар” /зураглаач Д.Баттулга/ кинонд сэтгэл санаа нь хоёрдсон хос залуусын сэтгэлийн “ параллель шугамыг” дүрсээр, өрөлтөөр илэрхийлэхдээ усан бороо асгарч буй байгалийн үзэгдлээр дэвсгэрлэж, уртаас урт саравчны доторх уртаас урт модон ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан сууж буй хоёр болжмор шиг дүрслэлээр үзүүлсэн байдаг нь уран сайхны нэг сонин шийдэл болсон билээ. Түүнчлэн “Эргэж бодох бодол” кинонд гол гурван дүрийнхээ бодол сэтгэл, зан төлөв, үзэл санааг өрөлтөөр илэрхийлсэн нь анхаарал татдаг.

Гэмтлийн эмнэлгийн хүлээлгийн танхимд Бат, Цэвэлмаа, Эрдэнэ гурав байна. Урт сандлын үзүүрт том цэцгийн дэргэд Эрдэнэ сууна. Тэрбээр цэцгийг байн байн барилж үзэх нь түүний хүнлэг сэтгэл, аливааг хайрладаг уян зөөлөн зан төлөвийг илэрхийлдэг. Цэвэлмаа урт сандлын дунд суугаа шигээ нас болон амьдралын хувь тавилангийн дунд төөрч будилж явааг илтгэсэн мэт санагддаг. Гэтэл найруулагч Х.Дамдин Батыг харанхуй цонх руу харуулан зогсоосноор түүний үзэл бодол тэрхүү гүн харанхуй шөнө шиг юм гэдгийг илэрхийлсэн хэрэг байлаа.

Найруулагч Х.Дамдин 1939 оны тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод мэндэлжээ. 1947-1957 онд дунд сургууль, 1957-1962 онд Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг зураглаачийн мэргэжлээр төгсчээ. Аз заяа гэдэг өргөн утгатай ойлголт. Хүн болгонд аз завшаан тохиолддог ч тэр болгонд тохиолдохгүй байх ч учир бий. Учир нь хүн өөрөө үйлс бүтээлээрээ аз заяагаа дууддаг тэнгэрийн хууль байдаг гэлтэй. Үнэхээр X. Дамдингийн хувьд тийм л аз завшаан тохиолджээ. Х.Дамдин нийслэлийн V дунд сургуулийн 10-ын “Б” ангийг төгсөөд шууд л Москва хотын Киноны дээд сургуульд явсан нь түүний зүүдэнд нь ч ороогүй явдал болсон гэдэг. Хэл бичгийн Долгорсүрэн багш нь 1957 оны гуравдугаар сард сурагчдаараа зохион бичлэг хийлгэхэд Х.Дамдин “Ард түмэнтэйгээ миний харьцах зам бол кино найруулагч болж, тэдэнд намын бодол санаа, аз жаргалыг харуулагч болох юм сан даа” хэмээн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг эрс шууд бичиж байсан
нь түүний тууштай зан чанар, зорилгодоо үнэнч шударга болохыг харуулснаар багш нь түүнийг ихэд үнэлдэг байжээ.

Тийм ч учраас сургуулиа төгсөнгүүт нь тэр үеийн үнэн шударга зарчмын дагуу X. Дамдинг сургуулиас нь Соёлын яаманд хуваарилчихжээ. Шалгалтын комисс /Э.Оюун, О.Уртнасан, Р. Доржпалам, С.Гэндэн, Л.Гаваа/ түүнтэй ярилцаж танилцаад ЗХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд найруулагчийн ангиа явуулахаар шууд шийдсэн гэнэ. Гэтэл, аз жаргалд амар хүрдэггүйн хуулиар бас гэнэт саад учирчээ. Юу вэ хэмээвээс тус яамны боловсон хүчин Сосор гээч хүн Х.Дамдин Орос руу биш Чехословак улсад Хүүхэлдэйн киноны найруулагчийн сургуульд явуулна гээд гэдийчихжээ Учир нь өөр хүнийг явуулах байсан ч, Дорнод аймагт найруулагчаар  ажиллаж байсан Хишигтнийг туршлагатай, боломжтой гэж үзсэн хэрэг байж.

Х.Дамдин сэтгэлээ унаж яахаа ч мэдэхгүй явж байтугай нэрт зураглаач О.Уртнасан гуай тааралдаж “Чи операторын мэргэжлээр яв. Шалгалтад орохдоо зураг зурдаг, зураг авдаг гэж хэлээрэй. Дараа нь найруулагч болж болно шүү дээ” гэхээр нь Х.Дамдин тэр шалгалтад нь ороод өндөр үнэлэлт авч зураглаач мэргэжлээр БХКУДС-д суралцах боломжтой болжээ. Төгсөж ирээд мэргэжлээрээ амжилттай ажиллаж зогсохгүй санасандаа хүн найруулагч болсон нь түүний том завшаан болжээ. Тэрбээр БХКУДС суралцаж байхдаа ЗХУ-ын нэрт зураглаач, төрийн хошой шагнал Б.И.Болчекийн урланд суралцан бас нэрт зураглаач Т.ГЛобовага хичээл заалгаж байсан нь түүн уран бүтээлд асар их нөлөө үзүүлж: Х.Дамдин “Энэ хүүхнүүд үү” /1963 “Ховдогийн гай” /1964/, “Нөмрөг хадны цуурай” /1966/, Төгс /1967/, “Далайд дусал нэмэр” /196 зэрэг уран сайхны киноны бол олон баримтат киноны зургийг авчээ.

Тэрбээр хэдий уран сайхны цөөхөн киноны зургийг авсан болсон Монголын киноны дүрслэлд хэлийг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан уран бүтээлч  “Энэ хүүхнүүд үү” кино нийслэлийн шөнийн зургийг тус аргаар уянгын өнгө аяс оруулан "Төгсгөл” кинонд Оросын чекист Сомовын дайсантайгаа тул эгзэгтэй үеийг гар дээрээ хөдөлгөөнийг нь дагуулан уран зураглаж, “Ховдгийн гай” кино дүрсийг ухраан дүрслэх ар амжилттай хэрэглэж, “Нөмрөг хадны цуурай” кинонд байгаль зураглалыг үнэмшилтэй дүрс харуулсан зэрэг олон өвөрмөц шийдлүүдийг Монголын кино урлагт оруулж ирсний үнэ цэнэ нь одоо ч алдагдаагүй байна.

Дээрх бүтээлүүдийг туурвихад түүнд олон бэрхшээл тохиолдож байсан боловч тэр бүхнийг уран бүтээлч хүмүүний няцашгүй сэтгэл, зүтгэлээр даван туулжээ. Тухайлбал, “Нөмрөг хадны цуурай” киноны зургийг авахад “АН-2”, “ИЛ-18” болон сургалтын онгоцны сэнсийг эргүүлдүүлэн дүн өвлийн салхи шуургыг үүсгэн утаа тавьж, бас араас нь контр гэрэл тусгаж байж маш хүнд нөхцөлд авсан байдаг. Онгоцны сэнсний салхинд “ЗИЛ” машинаар авчирч буулгасан цас нь хоромхон зуур хийсээд алга болно. Тэр жаахан цасыг байгаа дээр нь эвийг нь олж авна гэдэг хэцүү байсныг Х.Дамдин найруулагч хуучилж билээ.

X. Дамдин 1971 онд хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдоржийн зохиолоор “Улаан дарцаг” киног бүтээсэн нь найруулагчаар ажиллах зам мөрийнх нь эхлэл болжээ. Энэ киноны хэллэг товч тодорхой, үйл явдал нь өрнөлттэй, хэмнэл нь түргэн учраас хүүхдийн сэтгэхүйд таарч тохирсон хүмүүжлийн ач холбогдолтой бүтээл болсон билээ. Киноны гол баатар Бат /П. Ганбаатар/ тулалдаанд шархадсан цэргийг дайсны мөрддөгөөс хамгаалан аврах буюу цагаантны зэвсгийг замд нь булаан булаах зэрэг олон гавьяа байгуулахдаа найз нөхдийнхөө дэмжлэгт тулгуурлаж байгаа нь хамтын хүч гэдэг ямар их эрч хүчтэйг харуулжээ.

Уг киноны бадрангуй аяс Батын зүүдээр тод илэрнэ. Энэ хэсгийн зургийг зориуд өнгөтэйгээр авсан нь тухайн хэсэгт дэвшүүлсэн хүүхдийн хүсэл мөрөөдлийг илтгэсэн утга санааг  улам тодруулжээ. Энд найруулагч Х.Дамдин, зураглаач Б.Балжинням нар уран сайхны өвөрмөц шийдлээр уг хэсгийн утга санааг хурц тод илэрхийлжээ. Гал улаан дарцаг хийсгэн давхиж яваа бяцхан хүүгийн  дүр ардын хувьсгалын галыг дүрэлзүүлэхэд хувь нэмрээ оруулсан эрэлхэг зоригт хөвгүүдийн ариун үйл хэргийн бэлгэ тэмдэг болж байна.

“Улаан дарцаг” кино нь өсвөр үеийнхнийг эх оронч үзэл, хувьсгалт баатарлаг  хүмүүжлээр хүмүүжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулжээ. Ийнхүү 1970-аад оны үед Х.Дамдингийн бүтээсэн хүүхэд, залуучуудын сэдэвт кинонууд олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тэрбээр янз бүрийн сэдэвтэй хориод уран сайхны кино бүтээсэн боловч ихэнх нь хүүхэд, залуучуудын сэдэвт бүтээл байсны дээр энэ чиглэлийн киноны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан учраас Монголын хүүхэд залуучуудын сэдэвт киноны гол төлөөлөгчөөр тодорчээ.

1974 онд Х.Дамдин зохиолыг нь бичиж найруулсан “Нэг ангийн хоёр” кинонд хүүхдүүдийн энхтайван цагт шинэ зүйл сэдэж хийх гэсэн эрмэлзэл, шударга бөгөөд хүнлэг сайхан сэтгэлийг магтан дуулжээ. Уг кино нь тухайн үеийн сургууль, хүүхдийн амьдрал тэдний дэврүүн хүсэл тэмүүлэл, шинийг сэдэж бүтээх гэсэн эрмэлзэл, шинэ дэвшилтэт бодол санааг үнэн зөвөөр нээж, уран сайхны өвөрмөц хэллэгээр харуулж хүүхэд багачуудын сэтгэл зүрхэнд хүрсэн сайн бүтээл хэмээн үнэлэгддэг. Энэ бүтээл нь хожмын уран бүтээлчдэд хүүхдийн дотоод ертөнцийг нээж үзүүлэх талаар томоохон туршлага болсон юм. 1977 онд Х.Дамдин “Зуслангийн найзууд” киногоо нэлээд хөнгөвтөр аяс, уянгын драм хэлбэрээр бүтээжээ.

Тэрбээр энэ кинондоо багачуудын үерхэл нөхөрлөл, ёс суртахууны асуудлыг зөв байр сууринаас тусгаж харуулсан нь сайшаалтай. Энэ киноны нэг онцлог нь хүүхдийн оюун ухаан аажмаар хөгжиж, өөрийн алдаа дутагдлаа томчуудаас илүү мэдэрч, өөрийгөө засч залруулах хэмээн зүтгэж байдгийг харуулснаа уг бүтээлийн үнэ цэнэ өнөө үед ч өндөр юм. 1988 онд Х.Дамдин өөрийнхөө зохиолоор “Амьдралын нахиа” киног бүтээсэн нь нийгмийн дунд нэлээд шуугиан тарьж билээ. Энэ кинонд өнөөдөр бүр том асуудал болоод байгаа архины хор хөнөөлийн тухай сэтгэл зүрхэнд хүртэл харуулж бүтээсэн боловч нийгмийн асуудал, хүний мөн чанар хэрхэн устдаг тухай асуудлыг урьдчилан харж анх удаа дэвшүүлж тавьснаараа ололттой бүтээл болсон юм. Х.Дамдин зөвхөн уран бүтээл туурвиад зогсохгүй нэрт нийтлэлч, кино судлаач, олон арван шавьтай сурган хүмүүжүүлэгч оюун ухаан, сэтгэл зүрхээрээ цэл залуу эрийн шийр зааж яваа уран бүтээлч билээ.

Монголын нэрт кино найруулагчдын нэг Халтарын Дамдины уран бүтээлийг задлан шинжилж бичих аваас энэ мэт нэг өгүүлэлд багтахгүй бөгөөд бүхэл бүтэн номд ч томдох вий. Учир нь Х.Дамдин кино зураглаачийн урлагт ч тод томруун мөртэй, хийсэн бүтээсэн  туурвилаараа дуулиантайгаар барахгүй хүүхэд залуусын сэдэвт киног хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлж, хойч үеийн уран бүтээлчдэд үлэмж их үнэтэй туршлагаа өвлүүлэн үлдээж буй Монголын кино урлагийн төдийгүй, шударга үнэний төлөө өгүүлсэн гал цогтой олон өгүүллээрээ түмэнд танигдсан нийгмийн нэрт зүтгэлтэн уран бүтээлч билээ.

Кино зохиолч, судлаач ДҮЙНХОРЫН МЯГМАРСҮРЭН

Зураг