Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Худаг гаргахаар өрөмдсөнөөс хотын зүүн хэсгийн усан хангамжийг тасалжээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газартаа гүний худаг гаргаж, төр болон хувийн хэвшлийн хөрөнгөд хохирол учруулах зөрчил гарсаар байна.

Энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Мөнхболд дур мэдэн хашаандаа гүний худаг гаргахаар өрөмдлөг хийснээс ф800 мм-ийн ус дамжуулах шугамыг гэмтээсэн байна. Ингэснээр нийслэлийн зүүн талын хэрэглэгчдийн усан хангамж тасрах нөхцөл үүссэн аж.

Энэхүү гэмтлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн ахмад Н.Отгонбаатар  “Баянзүрх дүүргийн товчооны баруун талд маш их хэмжээний ус оргилж байна” гэж НОБГ, УСУГ-т утсаар мэдэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу УСУГ-аас аваарийн бригад очиж шалгахад ф800 мм-ийн дамжуулах шугамыг иргэн Мөнхболд гүний худаг гаргах зорилгоор Ф125 голчтой өрөмөөр цоолж гэмтээсэн байжээ.

Гэмтлийн улмаас тухайн хэсэг усанд автаж, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах ангийн нийт 12 албан хаагч  ажилласан байна. Мөн УСУГ-аас Ус хангамж ашиглалтын албаны дарга Амарсанаа, Техник хяналтын хэлтсийн дарга Батхишиг, Шуурхай зохицуулалтын албаны дарга Давгасүрэн нараар ахлуулсан аваарийн бригад 3 техник, 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж засварлажээ.

Засварыг 4 дүгээр сарын 24-ны өглөө 05 цаг 10 минутанд хийж дуусган, горим тохиргооны ажлыг хийсэн байна. Тухайн нөхцөл байдлаас үүдэж иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учраагүй ч 7 айлын хашаа усанд автсан байсныг соруулж хэвийн болгосон байна.

Тиймээс цаашид иргэд болон аж ахуйн нэгжүүд дур мэдэн эзэмшил газраа гүний худаг гаргаж нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчихгүй байхыг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс анхааруулж байна.