Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Төмөрбаатар: Соробан бол хүүхэд төлөвшүүлэх том соёл

Б.Төгс
2015 оны 4 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед дэлгэрээд байгаа соробангийн сургалтын талаар Монголын соробангийн холбооны тэргүүн, япон судлаач Д.Төмөрбаатартай ярилцахаар “Соён гэгээрлийн цуврал” буландаа урьсан юм.

-Таван зуу гаруй жилийн түүхтэй Японы соробангийн талаар энэ удаагийн ярилцлагыг бэлтгэхийг зорилоо. Таныг энэ талаар хамгийн сайн ярьж өгөх хүн гэж бодож байна?

-Сампин гэхээр монголчууд ерөнхийд нь ойлгож төсөөлж байгаа байх. Соробан бол сампин гэж ерөнхийлөн ойлгож болох боловч арай өөр юм. Товчхон хэлбэл, соробан бол япончуудын бий болгосон тоо бодох хэрэгсэл.

Соробан бол сампин гэж ерөнхийлөн ойлгож болох боловч арай өөр юм. 

Өргөн утгаар нь хэлбэл соробан нь тоо бодох хэрэгслээр зогсохгүй хүн хөгжүүлэх соёл, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх арга юм л даа. Хятадын суаньпан, Оросын шёты хэмээх сампингууд байдаг.

Харин Японы соробангийн хувьд, өөрийн гэсэн тодорхой дүрэмтэй, тоо бодож байгаа хүн өөрөө оюун ухаандаа төсөөлөн, тоо бодох үйл явцын бараг талаас илүү хувийг өөрөө гүйцэтгэх шаардлагатай байдаг.

-Эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх зорилгоор соробангийн сургалтыг сонирхох болж. Соробангаар хичээллэснээр хүүхдэд ямар зан төлөвшиж, ямар ач холбогдол үзүүлдэг вэ?

-Дээр би хэлсэн дээ, соробан бол япончуудын бий болгосон хүн хөгжүүлэх, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх том соёл, арга юм гэж. Соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд тоондоо сайн болоод зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болно, хүүхэд удаан хугацаагаар яг Япон стандартаар хичээллэх юм бол яваандаа оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг, ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх “хөрс” бий болдог.

-Япончууд нэг хэсэг соробангаасаа татгалзсан тухай мэдээлэл байдаг. Одоо сургуулийн хөтөлбөрт нь албан ёсоор орсон гэж сонссон. Энэ талаар?

-Япончууд соробангаасаа татгалзаагүй. Цагийн эрхээр л соробан хэрэглэхээ больсон. Үүнтэй холбоотойгоор сургалт багассан. Одоо сургуулийн хөтөлбөрт байдаг ч тун бага хугацаагаар ордог. Харин мэргэжлийн олон сургалтын төв, дамжаануудад соробан зааж байгаа. 

-Монгол хүүхдүүдэд заахад хэр хурдан сурч байна. Япон хүүхдүүдээс ялгаатай байна уу?

-Монголын соробангийн холбоо гэж байгууллага бий. Тэргүүнээр нь би ажилладаг. Манай холбооны дэргэд “Монгол соробан” гээд сургалтын төв ажиллаж байна. Маш өндөр зэрэглэлийн, туршлагатай япон зөвлөх багштай, чадварлаг монгол багш нартай. Япон багш нарын удирдлагын доор соробан Монгол хүүхдүүдэд заах хөтөлбөр, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол хүүхдүүд сайн сурч байна.

Гэхдээ Монгол хүүхдүүд хурдан ойлгож, хурдан мартаж, тууштай хичээллэхгүй байна. Соробангаар тууштай, зөв хичээллэсэн япон хүүхэд соробангаар олж авсан мэдлэгээ насан туршдаа өөрийнхөө амьдралд хэрэг болгож чаддаг. Тэгэхээр юуны тулд соробангаар хичээллэх вэ, гэсэн асуулт урган гарч ирж байгаа биз. Харин манай аав ээж нар энэ талаар арай л хожуу ойлгодог юм. Зөвхөн тоонд нь л сайн болгох гээд байдаг.  

-Бидний нэрлэж заншсанаар сампингаар түргэн хугацаанд тоо бодох энэхүү хичээлийг олон сургалтын төв явуулдаг болжээ. Таны бодлоор эдгээр төвүүд чанартай сургалт явуулж чадаж байгаа юу?

-Энэ одоо асуудал болоод байна. Хаана, яаж соробан сурсан нь мэдэгдэхгүй багш нар нэг жижиг өрөө олж аваад  сургалт явуулаад байна. Монголын соробангийн холбооны ажилд оролцохгүй, тэгсэн хэрнээ манай холбооны нэрийг, бүр миний нэрийг бариад байгаа газрууд байгаа гэсэн. Ийм төвүүд миний яриад байгаа япон стандарт, соробангийн сургалтаар хүүхэд төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдлын талаар хэр зэрэг мэдэж байгаа нь эргэлзээтэй.

Ийм төвүүдэд хүүхдээ сургаад цаг, мөнгөөрөө хохирсон хүмүүс бидэнд гомдол мэдүүлж л байдаг юм. Би аав ээж нарт хэлдэг л дээ “Та бүхэн өөрсдөө хариуцлагатай бай, хэнд ямар газар хүүхдээ сургах гэж өгч байгаагаа сайн шалгаж нягталж бай” гэж. Манайхан ч хууртахдаа амархан юм. Манай “Монгол соробан” сургалтын төв гэхэд л Улаанбаатар хотод баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Спортын ордны дэргэд гээд ердөө гурван салбартай. Цөөхөн салбар байдаг нь сургалтын чанартай холбоотой. Харин яг одоо Эрдэнэт хотын “Их мандал” төвд салбар нээгдэж байгаа. 

-Соробан сампингийн хөгжил зөвхөн Япон оронтой холбоотой юу?

-Соробан бол япончуудын бий болгосон том соёл. Хэрвээ соробанг дэлгэрүүлье, энэ соёл эрдэм ухааны сайн сайхнаас хүртэе гэж байгаа бол япончуудын бий болгосон тэр хэлбэр агуулгаар нь хүлээж авах ёстой. Соробанг олон улс оронд мэддэг ч дэлхийд тэгж их өргөн дэлгэр тархаагүй байна.

Соробан бол япончуудын бий болгосон том соёл. 

Зүүн өмнөд Азийн орнуудад тооны бусад арга төрлүүдтэй хольж сургалт явуулдаг юм байна лээ.

Япончууд үүнд дуртай байдаггүй. Хамгийн чухал нь соробангийн сургалтаар хүүхдэд олгодог төлөвшүүлэх, хүүхдийг тэмүүлэлтэй болгох ач холбогдлыг нь хэрхэвч орхиж болохгүй. Ийм сургалт явуулахын тулд япончуудаас суралцахаас өөр аргагүй. Манай холбоо Японы соробангийн холбоодтой хамтран ажилладаг.

-Хүүхдийг хэдэн наснаас нь хичээллүүлж болох вэ?

-Бид нэлээд хэдэн жил ажилласны дүнд Монголд Японы адилаар хүүхдийг дөрвөн наснаас нь бэлтгэл хийлгэж байгаад таван наснаас нь соробангаа заах хөтөлбөр болон заах аргын боломжтой болж байна. Монгол хүүхдэд дөрвөн нас хүртэл нь Монгол хэл, Монгол ахуй, гэр бүл нийгмийн хамгийн энгийн ойлголтуудыг өгөөд, дөрвөн наснаас нь тусгай эрдэм рүү чиглүүлж эхлэх хэрэгтэй гэж би боддог.  

-Монгол хүүхдүүдийн ерөнхий боловсролын хөтөлбөрт соробанг оруулах боломж бий юу. Манайд боловсон хүчин хэр бэлтгэгдсэн бол. Сургуулийн хөтөлбөрт оруулах талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Соробангийн сургалтыг яг Япон стандартаар нь явуулах тийм амар биш. Соробангийн сургалтаар хүүхдэд олгож болох олон чадварыг бүрэн, зөв олгох хэмжээний сургалтыг зохион байгуулахад өндөр төвшний багшлах боловсон хүчин шаардагдана. Тийм учраас манайд сургуулийн хөтөлбөрт оруулах гэж хавтгайруулаад хэрэггүй.

Харин өндөр төвшний, мэргэжлийн төвүүдэд л сургах хэрэгтэй гэж бодож байна. Соробангийн багш нарын төвшнийг тогтоох, зөв сургалт явуулж байгааг эрх бүхий төрийн байгууллагууд шалгаж нягтлах ёстой. Манай холбоо энэ тал дээр хамтран ажиллахад бэлэн байна.

-Монгол хүүхдүүд өнөөдрийн байдлаар соробангаар ямар амжилт гаргаад байна вэ?

-Монголын соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” сургалтын төвд хичээллэж байгаа хүүхдүүд маш сайн суралцаж байна. Аав ээж нь сэтгэл их хангалуун байдаг. Янз бүрийн уралдаан тэмцээн, аялал зохиогддог. Жил бүрийн намар Японы Элчин сайдын яам, Японы соробангийн холбоодтой хамтран Соробангийн олимпиадыг Улаанбаатар хотод уламжлал болгон зохион байгуулж байна.

Өнгөрсөн жилийн долдугаар сард Токио хотод болсон олон улсын цээж тоолол-анзангийн тэмцээнд манай холбооны 28 сурагч, зургаан багш оролцож, нэг хүүхэд мөнгөн медаль, хоёр хүүхэд хүрэл медаль, хоёр хүүхэд тусгай шагнал хүртсэн. Тун удахгүй буюу ирэх сарын 6-нд Японы Цүкүба хотод болох Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд “Монгол соробан” төвийн дөрвөн сурагч багшийнхаа хамтаар оролцох гэж байна.

Цүкүба хотыг эрдэмтдийн хот гэж нэрлэдэг. Энэ хотод болох тэмцээнд хүүхдүүд маань сайн оролцоно гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа зургаан настай Т.Түвшинбаярт бид их найдвар тавьж байна. Т.Түвшинбаяр маань сургуульд элсэн орж амжаагүй байгаа ч соробангаар хичээллэсний ачаар олон оронтой тоог цээжээр нэмж хасч, үржүүлж хуваадаг болсон.   Энэ тухай “Монгол соробан” гээд манай холбооны фэйсбүүк, мөн mongolsoroban.mn вэб сайтаас мэдээлэл авч болно.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Зураг