Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Аянга: Гадаадынханд заах хэмжээний гээд хэлчихвэл онгирсон болох вий

О.Бат-Ундрах
2015 оны 4 сарын 25
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Амьдралынхаа туршид өөрийгөө нийгмээс тусгаарлаж, бусдын харцнаас дальдчиж явах ямар хэцүүг өвдөж зовсон хүн сайн мэднэ. Тэр тусмаа уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой төрсөн хүүхдүүдийг эцэг эх нь багад нь эмчлүүлээгүйгээс олон хүн өөртөө сэтгэл дундуур амьдарсаар байна. Зарим аав ээж Монгол эмч нартаа итгэдэггүй, энэ эмгэгийг Монголд эмчилдэг гэж мэддэггүйгээс харь орныг зорих, хугацаа алдах тохиолдол бишгүй гардаг.

Тэгвэл улсын хэмжээнд ийм сэтэрхийтэй төрсөн хүүхдүүдийг бүрэн эмчилдэг мэргэжлийн ганцхан баг нь ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт бий. Тус тасгийн эрхлэгч, Монголын уруул, тагнайн эмгэг судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Г.Аянга 1993-2007 онд ЭХЭМҮТ-д эрүү, нүүрний мэс заслын их эмчээр, 2007 оноос одоо хүртэл тасгийнхаа эрхлэгчээр ажиллаж буй.

Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийг цогц оношлох, эмчлэх, мэс заслын шинэ арга технологийн талаар бичсэн түүний эрдэм шинжилгээний 15 өгүүллийг гадаадын нэр хүндтэй томоохон сэтгүүлүүд нийтэлжээ. Мөн олон улсын чуулган, хурал семинарт тэрбээр зургаан удаа илтгэл тавьсан байна. Г.Аянга доктор эрүүл мэндийн салбарт эрүү, нүүрний мэс заслын эмчилгээний олон арга нэвтрүүлсний 11 нь оюуны өмчөөр баталгаажиж, гэрчилгээ авсан аж.

Сүүлийн гурван жилд тэрбээр олон улсын мэс заслын эмч нарын багт багтаж, хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд хагалгаа хийн, Монголынхоо нэрийг гадаадад сурталчилж буй чадвартай эмч нарын нэг юм. Энэ дагуу өнгөрсөн ням гаригт тэрбээр Индонез руу явсан. Түүний салбартаа оруулсан хувь нэмрийг төрөөс үнэлж, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, “Алтангадас” одонгоор шагнасан бол хамгийн сүүлд (2011 онд) “Алтан чагнуур” зүүжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Тасгийнхаа үйл ажиллагааг товчхон танилцуулаач. Манайд уруул, тагнайн эмгэгтэй хүүхэд хэр олон төрдөг юм бол оо?

-Манай тасаг 1992 онд байгуулагдсан. Шинэ тасаг байхад нь л би энд ирж байлаа. Жилд 1,800 орчим хүүхэд хэвтүүлэн эмчилдэг. Тэдний 97-98 хувьд нь мэс засал хийдэг. Эдгээрээс яаралтай нь 60 хувь, үлдсэнийг нь төлөвлөгөөт хагалгаа эзэлдэг.

Яаралтай хагалгаануудад шүд цоорох өвчин, түүний хүндрэлээс үүдсэн эрүү, нүүрний орчмын идээт үрэвслүүд ордог. Хүүхдүүдийн шүд маш их хорхойтож байна. Энэ нь хүндэрч, эмнэлгийн хэлээр бол нэвчээс болчихдог.

Яаралтай хагалгаануудад шүд цоорох өвчин, түүний хүндрэлээс үүдсэн эрүү, нүүрний орчмын идээт үрэвслүүд ордог.

Үүнээс шалтгаалсан яаралтай хагалгааг өдөр тутам тасралтгүй хийж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг хорхойтсон, үрэвссэн байхад нь тоохгүй яваад л байдаг.

Гэтэл жилд дунджаар 3-4 хүүхэд шүд цоорох өвчний хүндрэлээс болоод эрүүгээ тайруулж, эсвэл бүтнээр нь авахуулж байна. Аав ээжүүд хүүхдээ эрүүл саруул төрүүлчихээд ганц шүднээс болоод тахир дутуу болгож байгаад үнэхээр харамсдаг. Түүнээс гадна бусад эрүү, нүүрний гэмтэл яаралтай мэс засалд хамаарна. Төлөвлөгөөт хагалгааны дийлэнхийг нь эрүү, нүүрний төрөлхийн гажиг эзэлж байна. Монголд 1,000 хүүхэд тутмын нэг нь ийм эмгэгтэй төрдөг гэсэн судалгааг 2012 онд хийсэн байдаг.

Мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс “Уруул, тагнай нь сэтэрхий төрөх хүүхэд олширлоо. Аюулын хэмжээнд хүрлээ” гэж ярьж байна. Би үүнтэй бүрэн санал нийлдэггүй. Бидний хийсэн судалгаагаар 1,000 хүүхэд тутамд тохиолдох гажгийн тоо нэмэгдээгүй. Төрөлт нэмэгдсэнтэй холбоотойгоор л эрүү, нүүрний эмгэгтэй хүүхдүүд олон оношлогдож байгаа хэрэг.

Тиймээс мэргэжлийн хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гажигтай төрж буй хүүхдүүдийн талаар судалгаа, нотолгоотой ярих хэрэгтэй. Тэгээгүйгээс хүн амын дунд айдас бий болж байна. Энэ нь шинээр гэр бүл болж буй залуу хос, жирэмсэн ээжүүдэд хэрхэн нөлөөлөх вэ. Сэтгэл зүйн дарамт болон цочрол, стресс нь жирэмсэн эхэд сөргөөр нөлөөлж, гажигтай хүүхэд төрүүлэх бас нэг шалтгаан болдгийг судлаачид тогтоосон. Тиймээс эмч нар үүн дээр болгоомжтой хандаасай гэж боддог.

-Яагаад зүрхний гажигтай хүүхэд төрөөд байгааг шинжлэх ухаан олж чадаагүй байна. Тэгвэл уруул, тагнай яагаад сэтэрчихсэн төрдөг юм бэ?

-Өнөөгийн анагаах ухаанд төрөлхийн гажгуудын шалтгааныг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Олон судалгаа хийсээр л байгаа. Заримыг нь үгүйсгэж, цөөн хэд нь батлагдаж байна. Эрүү, нүүрний эмгэгийн хувьд хүний уруул, тагнай ургийн хөгжлийнхөө тодорхой шатанд сэтэрхий байдаг.

Тодруулбал, 4-6 долоо хоногтойд нь уруул, 8-12 долоо хоногт тагнайн сэтэрхий нь 2-3 талаасаа нийлж, ургадаг. Энэ үед нь жирэмсэн эх гадаад, дотоод ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөнд өртсөний улмаас ургийн зарим эрхтний хөгжил тэр шатандаа зогсдог. Үүнээс шалтгаалаад энэ гажиг үүсэж байна гэж дэлхийн олон эрдэмтэн санал нэгдэж байгаа. Бид гажиг үүсгэж болох гадаад, дотоод хүчин зүйлд маш олон шалтгааныг хамаатуулж судалсан.

Архи, тамхины дам хэрэглээ, ажлын хортой нөхцөл, вирусийн гаралтай халдвар, эм, тариа, орчны нөлөө, хосын насны байдлыг хүртэл хамаатуулсан. Гадаадын олон орны эрдэмтэд ч шалтгаануудыг нь судалсан байдаг. Эдгээрээс тамхичин эхчүүдийн талаарх олон судалгаа бий.

Хөл хүнд эмэгтэй өдөрт 10-аас олон ширхэг тамхи татахад хүүхдийнх нь уруул, тагнай сэтэрхий, бусад эд эрхтэнд гажиг үүсгэх магадлал 50 хувь ихэсдэг. 20, түүнээс дээш бол энэ тоо 70-75 хувьд хүрнэ. Америк эмч нар уг судалгааг хийхдээ өргөн хүрээг хамруулсан байдаг.

-Улсын хэмжээнд танайх эрүү, нүүрний эмгэгийг бүрэн эмчилж байгаа. Уруул, тагнай сэтэрхий хүүхдүүдийн амьдрах чадвар ямар байдаг вэ?

-ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт мэс заслын долоон тасаг бий. Ерөнхий, нүдний, чих, хамар, хоолойн гэх мэтчилэн. Мэс засалчдын хамгийн гол ажиллах талбар нь хүүхдийн төрөлхийн гажгийг засах байдаг. Нялх “амьтдад” юуных нь архаг хууч өвчин байх вэ дээ. Төрөлхийн ямар ч гажгийг хүүхэд насанд нь л эмчлэх стандарттай. Манай тасаг 2000-аад онд хөгжлийн шатандаа байсан. Тиймээс бид мэргэжлийн боловсон хүчнүүд мэдлэг, ур чадварын хувьд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, хүн ардад эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ аль болох ойртуулах зорилго өвөртөлсөн.

Үүний хүрээнд гадаад харилцаагаа хөгжүүлж, өндөр хөгжилтэй орнуудын эмч нартай хамтарч ажиллах болсон. Алслагдсан аймаг, орон нутагт амьдарч буй хүмүүс мөнгөний боломжгүйгээс хот руу ирж, эмчилгээ, үйлчилгээ тэр бүр авч чадахгүй байсан учраас 1999 оноос гадаадын байгууллага, хувь хүмүүсийн ивээн тэтгэлгээр жилдээ 3-4 удаа орон нутагт мэргэжлийн баг гарган, одоо хүртэл хагалгаа хийж байна.

Бид өнгөрсөн хугацаанд орон нутаг руу 60-аад удаагийн аялал зохион байгуулж, 2,000 орчим хүүхдэд мэс заслын болон бусад шаардлагатай эмчилгээ хийсэн. Манай эмч нар эрүү, нүүрний хүнд, хөнгөн гажиг засах мэс ажилбарыг бүгдийг нь хийж чадах хэмжээнд хүрсэн. ДЭМБ хүний биед төрөлхийн 2,000 орчим гажиг тохиолдож болохыг тогтоосон байдаг.

Эдгээрийг ил болон далд гэж ангилдаг. Ил хэлбэрийн гажиг нь хүний нүдэнд харагдахуйц уруул, тагнайн сэтэрхий, илүү хуруу буюу мөчдийн гаж хөгжил багтдаг. Далд хэлбэрт нь хоол боловсруулах эрхтэний буюу улаан хоолой, хошного битүү, зүрхний болон тархины мэдрэлийн системийн гажгууд ордог. Эдгээрээс зүрхний гажиг хамгийн их тохиолддог бол уруул, тагнайн сэтэрхий 3-4 дүгээр байрт жагсдаг. Элбэг тохиолддог гэсэн үг л дээ.

Гэхдээ бусад гажгаа бодвол уруул, тагнайн сэтэрхийтэй 100 хүүхэд тутмын 80 гаруй хувь нь биеэ даасан, бусад эрхтэн тогтолцоотойгоо хавсраагүй байдаг. Өөрөөр хэлбэл, амьдрах чадвар сайтай гэж хэлж болно. Үлдсэн бага хувь нь зүрхний, дээд мөчдийн болон мэдрэлийн гажигтай хавсарсан байдаг. Энэ нь цөөхөн ч тухайн хүүхэд амьдрахад түвэгтэй.

-Ийм хүүхдүүдийн олонх нь амьдрах чадвар сайтай байдаг юм байна. Тэгвэл гоо сайхны хувьд хүнээс ичихээргүй, сорвигүй эдгэрэх боломжтой юу?

-Уруул нь сэтэрхий хүүхдэд нэг удаа мэс засал хийгээд “гоё” болгочихгүй л дээ. Тохирох наснуудад нь үе шаттай хагалгаа хийдэг. Мөн хэл яриа болон гажиг засах эмчилгээнүүд давхар хийдэг. Тагнай нь цоорхой хүүхдүүдийн 90 гаруй хувь нь чихний үрэвсэлтэй байдаг.

Тиймээс чих, хамар, хоолойн, шүдний гажгийн, удам зүйч, сэтгэл зүйч эмч нар нийлж цогцоор нь эмчилнэ.

 Тагнай нь цоорхой хүүхдүүдийн 90 гаруй хувь нь чихний үрэвсэлтэй байдаг. 

Уруул, тагнайн сэтэрхий нь олон хэлбэрээр тохиолддог. Дангаараа, эсвэл хавсарч болно. Уруулын нэг, эсвэл хоёр тал нь сэтэрхий байж болно. Үүнээс хамаараад эмчилгээгээ сонгодог.

Стандартаараа уруулын сэтэрхийг засах анхны мэс заслыг гурван сартайд, тагнайн хагалгааг 1-1.3 настайд нь хийдэг. Ийм гажигтай хүүхдүүд оношлогдсон цагаасаа 16-18 нас хүртлээ манай эмнэлгийн хяналтад байдаг. Эмчилгээгээ таслахгүй хийлгэвэл бие эрхтэн, оюун санааны хувьд эрүүл хүнтэй адилхан амьдарч чадна. Жишээ нь, Монголын алдартай хүмүүс, “Холливуд”-ын жүжигчдийн заримынх нь уруул сэтэрхий байсан нь надад харагддаг. Мэргэжлийн онцлог гэх үү дээ.

-Олон улсын эмч нарын багт хэрхэн багтав. Тухайн байгууллага хүмүүсээ ямар шалгуураар сонгодог юм бол?

-Манайх хоёр жил гаруйн өмнөөс “Operation smile” олон улсын байгууллагатай хамтарч ажиллах болсон. Тус байгууллага нь АНУ-д төвтэй, Азийн хэсэг хариуцсан салбар төв нь Сингапурт байдаг. Тэд гадаад орнуудаас эмч нар сонгон, хөгжиж буй орнууд руу илгээн, өвчтэй хүүхдүүдэд эрүү, нүүрний мэс заслын тусламж үзүүлдэг хүмүүнлэгийн байгууллага юм. Эмч нарыг сонгохдоо мэдээж хэрэг өндөр шалгуур тавьдаг. Тухайн эмч жилд хэчнээн хагалгаа хийдэг, мэс засал хийх чадвар, хугацаа хүртэл хамаатай. Үүнээс гадна тестээр шалгалт авдаг.

Эрүү, нүүрний эмгэгийн хувьд хүний уруул, тагнай ургийн хөгжлийнхөө тодорхой шатанд сэтэрхий байдаг. Тодруулбал, 4-6 долоо хоногтойд нь уруул, 8-12 долоо хоногт тагнайн сэтэрхий нь 2-3 талаасаа нийлж, ургадаг. Энэ үед нь жирэмсэн эх гадаад, дотоод ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөнд өртсөний улмаас ургийн зарим эрхтний хөгжил тэр шатандаа зогсдог.

2013 онд би, 2014 онд манай тасгийн хоёр эмч Мьянмар явсан. Энэ жил Индонезд ажиллахаар болсон. Унтуулгын эмчтэйгээ явна. Эхний өдөр үзлэг, оношилгоогоо хийгээд үлдсэн зургаан хоногт нь 2-3 эмчтэй хамтарч, хүүхдүүдэд мэс засал хийх юм. 60-70 өвчтөн хүлээж байгаа гэсэн. Мьянмар өвчтөн олонтой улс. 60 саяулаа болохоор арга ч үгүй биз. 2013 онд бидний 50-иад хүний бүрэлдэхүүнтэй баг 130-аад мьянмар хүүхдэд хагалгаа хийсэн. Мэс заслын дөрвөн ширээ зэрэг ажиллуулж, америк, канад, сингапур, монгол дөрвөн эмч өдөрт 6-7 хагалгаа хийж байлаа.

-Хүмүүнлэгийн үйлст гар бие оролцож, улсаа сурталчилж яваа таниар бахархаж байна. Гадаадад монгол эмч нарын чадвар ямар түвшинд байна вэ?

-Тодорхой шалгуурыг нь даваад олон улсын эмч нартай ажиллаж байгаа маань олзуурхууштай. Манай эрүү, нүүрний мэс заслын эмч нар гадаадынханд заах хэмжээний гээд хэлчихвэл онгирсон болох вий. Бид энэ багт багтсанаараа цалин авахгүй ч сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж, хүүхдүүдэд тусалж байгаа нь өөрөө нэр төрийн хэрэг шүү дээ. Нэг үгээр хэлбэл, хамтран ажиллах, туршлага солилцох, өөрсдийгөө хөгжүүлэх нэг боломж нь энэ багт орж ажиллах явдал.

-Таныг эрүү, нүүрний мэс заслын эмчилгээний олон арга нэвтрүүлсэн гэж дуулсан. Аль аргаа түлхүү хэрэглэдэг вэ?

-Уруул, тагнайн сэтэрхийг эмчилдэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн гурван арга бий. Гэтэл энэ арга нь монгол хүүхдүүдэд тохиромжгүй байгаа нь 2000-аад оны үед ажиглагдсан юм. Ийм эмгэгтэй хүүхдүүд багадаа хагалгаа хийлгэх хэрэгтэй. Гэтэл манай эцэг эхчүүд хугацаа алдсанаас болоод уруул, тагнайн сэтэрхийн хоорондох зай холдчихсон байхад эмчид ханддаг. Тиймээс дэлхийд зөвшөөрөгдсөн аргаар мэс засал хийхээр хагалгааны дараа шарх нь задарч, хүндэрдэг. 100 хагалгааны дараа 30-ынх нь шарх задардаг байсан. Тиймээс бид Монгол хүүхдэд тохиромжтой хэд хэдэн арга бодож олсон. Эдгээрийн нэг аргаар нь хагалгаа хийж турштал 96 хувь нь амжилттай болж, дөрвийнх нь оёдол задарсан. Үүнийгээ бид “Монгол арга” хэмээн нэрлэн, үр дүнг нь гадаадын сэтгүүлд нийтлүүлсэн. Бусад аргаа ч хэрэглэсээр л байна.

Нэг үеэ бодвол манай эмнэлгийн байгууллагуудын тусламж, үйлчилгээ өдөр, шөнө шиг ялгаатай болсон шүү дээ. 1990-ээд оны дундуур мэс засалд хэрэглэдэг утас байгаагүй. Манай тасгийнхан л гэхэд хүүхдийн уруулыг эхийнх нь үсээр, адууны сүүлны хялгасаар оёдог байсан. Спиртээр ариутгаад л хэрэглэдэг байлаа. Одоо эмч нарт яривал итгэхгүй. “Битгий худлаа яриад бай” гэх байх.

-Эрүү, нүүрний мэс заслын чиг хандлага ямархуу түвшинд явна вэ?

-Олон улсын эрүү, нүүрний мэс засалчдын нийгэмлэг гэж бий. Жилд нэг удаа хуралдахдаа дэлхийн өнцөг булан бүрээс эрүү, нүүрний 1,200-1,500 мэс засалчийг цуглуулдаг. Өнөө жил Австралид болно. Уг байгууллага нь дэлхийн эрүү, нүүрний мэс заслын чиг хандлагыг тодорхойлдог.

Сүүлийн 10-20 жил ортогнатик мэс засал руу түлхүү явж байна. Ясны мэс засал гэсэн үг. Эрүүний гажиг, шаймий, хацрын ясны товгорыг засаж байгаа. Бид ч үүнээс хоцрохгүйн тулд гадаадад эмч нараа энэ чиглэлээр сургаж, мэргэжил дээшлүүлсэн. Гэхдээ ясны хагалгааг зөвхөн мэс заслын эмч ганцаараа хийчихгүй. Нүүрний согог заслын эмч тухайн өвчтөний нүүрний хэмжээ, шүдний хэвийг авч, зуултыг нь үзсэний дараа модел, цаасан зурган дээр мэс засал “хийнэ”.

Эрүүг аль талаас нь хэдэн мм ухраах, дээш, доош сунгах, тайрах гэх зэргээр заавар өгнө. Түүний дагуу эмч нар хагалгаа хийдэг. Унтуулга нь хүртэл онцлогтой. Хүний цусны даралтыг 65-70-ын хооронд хэтрүүлэхгүй барих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, манай тасгийнхан ийм мэс заслыг онолын түвшинд хийх бүрэн боломжтой. Гэхдээ хүүхдэд эрүүний шаймий засах хагалгааг тэр бүр хийх боломжгүй. Хүүхдийн өсөлт бойжилт, ясны ургалт зогссоны дараа хийдэг.

Зураг