Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байна”

open.parliament.mn
2015 оны 4 сарын 24
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09:50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм.

Олон улсын нийтлэг жишиг хандлага, өөрийн орны өвөрмөц нөхцөл, онцлогийг харгалзан тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар үе үеийн Засгийн газраас анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, УИХ-аас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

Энэ хуулийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодоr нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход чиглэсэн. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8.8 их наяд төгрөг болсон байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 30 дугаар тогтоолоор 22.5 жилээр тогтоосон.

2015 онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл бий болж, 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэврээс харьцангуй буурах төлөвтэй байгаа аж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулгадаа нэгэн баримтыг жишээ татаж хэллээ. Түүний хэлснээр тооцоо, судалгаанаас үзэхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2015 онд тэтгэврээ тогтоолгох 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313,556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213,226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага байх нөхцөл үүсээд байгаа юм байна.

Энэ нь адил хугацаанд, ижил хэмжээний цалин хөлснөөс шимтгэл төлсөн ойролцоо насны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ илт зөрүүтэй тогтоогдож, нийгмийн шударга бус хуваарилалтыг бий болгох нөхцөлийг үүсгэж байгаа учраас Монгол Улсын нийт ахмад настанд тэгш хандаж, төлсөн шимтгэлийн хэмжээтэйгээ уялдаатай, амьжиргааг хангахуйц хэмжээний тэтгэвэр авах ижил бололцоогоор хангах шаардлагыг иш үндэс болгон энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй агаад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон тэтгэврийн аль өндөр хэмжээтэйг буюу өөрт илүү таатай, ашигтай нөхцөлийг сонгох боломжийг олгосон харилцааг нэмж оруулахаар тусгажээ.

Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төсвийн байнгын хороодод шилжүүлсэн байна.