Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Зуун хүн хүсэлтээ илгээхэд 5-6 хүн л ХАРВАРДАД тэнцдэг"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
 

БСШУЯ-наас дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн иргэдийн сургалтын төлбөрийг Засгийн газраас шийдвэрлэх сонгон шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэнийг бүртгэлд хамруулсан бөгеөд тэдний 65 нь АНУ-ын Harvard, Stanford, UC Berkeley, California-ийн их сургууль зэрэг Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авсан залуус байгаа юм байна. 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн, мөн шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-аас дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ.

Эхний ээлжинд тэнцсэн 35 оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэх бололцоо байгаа бөгөөд  36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүжүүлэхээр БСШУЯ төлөвлөж байна гэж мэдэгдлээ.

Харвардын их сургуульд тэнцсэн сурагч Б.Санчир

 

-Харвардын их сургуулийн шалгалтад хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Есдүгээр ангиасаа бэлдэж эхэлсэн. Гадны их дээд сургуульд суралцах боломж байгаа гэж мэдээд их хичээсэн. Одоогийн байдлаар эдийн засгийн чиглэлээр суралцана гэж төлөвлөөд байгаа.

Сонгон шалгаруулалт хэр шударга байсан гэж үзэж байгаа вэ?

-Шударга байсан гэж бодож байна.

-Харвардын шалгуур их хүнд байдаг гэсэн?

-Статистикаар бол зуун хүн хүсэлтээ илгээхэд 5-6 хүнийг л тэнцүүлдэг. Тэгэхээр маш хүнд.

-Дараа дараагийн шалгаруулалтад орох сурагчдад, бэлдэж байгаа хүүхдүүдэд юу гэж захих вэ?

-Мэдээж хичээлээ сайн хийх хэрэгтэй. Түүнээс гадна их чухал зүйл байдаг. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, мэтгэлцээний мэтцээн, байгаль орчны ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн их сургуульд ороход чухал ач холбогдолтой TOEFL, SAT зэрэг шалгалтуудад эртнээс бэлдсэн нь дээр. 

Калифорнийн их сургуулийн Беркели дэхь салбар сургуульд тэнцсэн сурагч Д.Батцэцэг

 

-Шалгалтандаа хэр удаан бэлдсэн бэ?

-Миний хувьд есдүгээр ангиасаа бэлдсэн. 

-ТOEFL, SAT-ын хэдэн оноотой вэ?

-TOEFL-ийн 105, SAT-ын 2,090 оноотой. 

-Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд ямар ямар шалгууруудыг давав. Хэр хэцүү байсан бэ?

-Есдүгээр ангиасаа эхэлж бэлдсэн учраас тийм ч хэцүү байгаагүй. Гэхдээ мэдээж шилдэг 20 сургуульд орох шалгуур нь маш өндөр байдаг. Тэр дундаа миний элссэн сургууль дэлхийд дөрөвт жагсдаг. 

-Англи хэл сурах гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ. Өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

-Би ном уншиж Англи хэл сурсан. TOEFL-ийн шалгалтанд унших чадвар маш их хэрэгтэй. 

-ЕБС-ийн ямар сургуульд сурдаг вэ. АНУ руу хэзээ явах гэж байна?

-Байгаль Эх лицей сургуульд сурдаг. АНУ руу ирэх есдүгээр сард явна.