Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

open.parliament.mn
2015 оны 4 сарын 24
open.parliament.mn
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүсчээ. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 6 зүйлтэй хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болох ч хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй гэдгийг хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулав.