Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн зэвсгийн эсрэг арга хэмжээнд Монголын төлөөлөл оролцов

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн I дайны эхэн үед буюу 1915 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Бельгийн Ипер хотноо хүн төрөлхтний түүхэнд анх удаа химийн зэвсгийг үй олноор устгах зорилгоор ашиглаж байв.

Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн энэ үйл явдлын 100 жилийн ойг тохиолдуулан Химийн зэвсгийг хориглох байгууллага /ХЗХБ/-аас тус хотноо энэ сарын 21-нд арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд Монгол Улсаас ХЗХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Х.Даваадорж, ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа С.Баяр-Очир нар оролцов.

Дайны үеэр Германы тал Францын цэргүүдийн эсрэг нийт 6,000 бортого буюу 150 тонн хлорийн хийг хэрэглэсэн нь гэнэтийн явдал болсон бөгөөд нийт 10,000 орчим цэрэг амь насаа алдсан энэхүү эмгэнэлт үйл явдлыг санан дурссан.

Хойшид иймэрхүү гамшигт явдлыг дахин гаргуулахгүй байх, химийн зэвсгийг хэн, хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд хэрэглэхгүй байхыг нийт гишүүн болон бусад улсуудад уриалсан Иперийн тунхаглалыг ХЗХБ-аас гаргаснаа олонд танилцуулсан юм.

Түүнээс гадна энэхүү тунхаглалаа  Ипер хотын захирагчид гардуулан өгсөн энэхүү арга хэмжээнд БВУ-ын Батлан хамгаалахын сайд Стивен Вандепут, ХЗХБ-ын Ерөнхий захирал Ахмет Үзүмчи, оролцогч талуудын бага хурлын дарга Весела Мрден Корач, НҮБ-ын ЕНБД-ын тусгай төлөөлөгч Виржиниа Гамба, бага хурлын бүс нутгийн бүлгийн дарга нар болон элчин сайдууд, албаны бусад хүмүүс оролцов. Мөн энэ үеэр зочид тус хотын Менин дурсгалын цогцолборт дэлхийн I дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөн ХЗХБ-аас гаргасан музейг үзэж сонирхлоо. 

Дэлхийн I, II дайны туршид химийн зэвсгийг өргөнөөр хэрэглэж байсан ба хүйтэн дайны үед химийн зэвсгийг хэрэглэх нь багассан ч зэвсэглэлээр хөөцөлдөх явдлын улмаас химийн зэвсгийн асар их нөөц бий болсон байдаг байна. Дэлхийн II дайнаас хойш Иран-Иракын мөргөлдөөн, Цөлийн шуурга ажиллагаа болон Сирид 2013 онд химийн зэвсгийг хэрэглэсэн тохиолдлууд гарч байжээ. 

Химийн зэвсгийн хор хөнөөл нь хүнд хэрхэн хүндээр нөлөөлдгийг  дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ ч үүднээс Химийн зэвсгийг хориглох конвенцийг 1993 онд байгуулж нийт 130 орон гарын үсэг зурсан байна. 1997 онд энэхүү конвенц хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлснээс хойш нийт 190 орон нэгдэн орж, конвенцийг хэрэгжүүлэх байгууллага болох ХЗХБ-ыг Гааг хотноо байгуулсан юм.

Тус байгууллага нь химийн зэвсэггүй ирээдүйн төлөө гэсэн үндсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар конвенцид нэгдээгүй 6 орон (Ангол, Египет, Хойд Солонгос, Өмнөд Судан, Мянмар, Израил) байгаагаас Мьянмар, Израил улсууд нэгдэхээр гарын үсэг зурсан боловч хараахан баталгаажуулаагүй байна. Уг конвенц нь хэрэгжиж эхэлснээсээ хойш хамгийн амжилттай хэрэгжиж буй олон улсын конвенц бөгөөд энэ ч үүднээс 2013 онд ХЗХБ-ыг Нобелийн энх тайвны шагналаар шагнасан байна.