Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хор болсон хоолоор хүүхдүүд хэдий болтол хооллох юм бэ?

Р.Төгс
2015 оны 4 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн хугацаанд “Үдийн цай” гэсэн сүржин нэртэй, даржин хөтөлбөрийг дунд сургуулиудад хэрэгжүүлээд ч амжилт олохгүй гэдэг нь олон удаагийн шалгалтаар тогтоогдож байна. Уг нь энэхүү хөтөлбөрийн оронд гэр орондоо харах хүнгүй цоожлогдож байгаа хүүхдүүдэд зориулж ядаж ганц ч гэсэн цэцэрлэг баривал түмэнд өгөөжтэй, буянтай ажил болох нь дамжиггүй.

Гэтэл төдийгөөс өдий хүртэл энэ “үдийн цай” гэдэг хөтөлбөрийг хэл ам таталж үлгэн салган явуулсаар байгаа нь үнэхээр хачирхалтай. Бодит үнэн гэвэл үдийн цай хөтөлбөрөөр хүүхдэд хэрэгтэй шим тэжээлтэй амин дэм өгдөггүй гэдгийг эцэг эхчүүд дуу нэгтэй хэлж байсан үе бий.

Тухайлбал, өнгө оруулсан чихэртэй ус, ганц ширхэг боов, хэдий хэрийн хугацаанд яаж хадгалагдсан нь тодорхойгүй бэлэн бүтээгдэхүүнүүд гээд ёстой л хүүхдийн нүд хуурсан юмаар энэхүү “үдийн цайг” хэрэгжүүлсээр өнөөг хүрлээ. 

Уг нь нэгэнт улсаас их хэмжээний мөнгө төсөвлөж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм чинь яагаад сайн чанарын хоол хүнсийг хүүхдүүдэд өгч болохгүй байгаа юм бол. Тиймээс л энэ хөтөлбөрт хяналт шалгалтаа сайжруулж дундаас нь хумсалдаг байдлыг ч таслан зогсоох хэрэгтэй гэдгийг албаныхан хүртэл онцлон хэлж байсан удаатай. Яг үнэндээ хумсалдаг хулгайлдаг нөхдүүд байгаа учраас хүүхдүүдийг чанаргүй, нүд хуурсан бүтээгдэхүүнээр хангаад байгаа юм.

Ямартай ч хэл ам дагуулсан энэхүү “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлээс өчигдөр шалгалт хийсэн юм. Тодруулбал, НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, НМХГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн байцаагчид Нийслэлийн 79 дүгээр сургууль болон нэгдүгээр сургуулийн үдийн цайны хэрэгжилтийг шалгасан байна.

Шалгалтаар нэгдүгээр сургуулийн цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжүүлсэн энергийн ундаа худалдаалж байсан нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн аж. Харин сургуулиуд “үдийн цай” хөтөлбөрийг үдийн хоол болгон хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай гэдгийг албаныхан хэлж байсан. 

Учир нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 200 орчим Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрууд нь зориулалтын бус, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд ажилладаг гэнэ. 

Ийм эрсдэлтэй нөхцөлд бага насны сурагчдад хоол бэлтгэж өгөх нь тохиромжгүй гэдгийг мэргэжлийн байгууллага хэлж байна. Уг нь Засгийн газраас нэг сурагчийн үдийн цайг 600 төгрөгт багтаахаар тооцож олгодог. Гэвч энэ мөнгө нь хүүхдийн авбал зохих илчлэгт хүрэхгүй байгааг сургуулийн удирдлагууд албаны хүмүүст учирлаж байсан. 

Засгийн газраас нэг сурагчийн үдийн цайг 600 төгрөгт багтаахаар тооцож олгодог.

Тухайлбал, нэгдүгээр сургуулийн хувьд энэ мөнгөн дүнгээр нэг хүүхдэд 266,8 ккал илчлэг бүхий хоол өгдөг гэнэ.

Энэ нь авбал зохих илчлэгийн хэмжээнээс бага үзүүлэлт аж. НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд Хүнсний аюулгүй байдлыг хангах дэд хорооны дарга Ж.Амарсанаа “Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульдаа ямар хоол унд идэж байгаад анхаарал тавьдаггүй. Сургуульд нь даатгаад үлдээдэг. Иймээс тухайн сургууль сурагчдын хоол тэжээлээс гадна эрүүл мэндийн байдалд нь үүрэг хариуцлага хүлээн ажиллах ёстой. Хүүхэд өвдөх, хоолны хордлогод орвол яах вэ гэдэг эрсдэлийг үргэлж бодож ажиллах хэрэгтэй.

Тухайлбал, бидний шалгалт хийсэн цайны газрын тогооч нар хоол бэлтгэхдээ зориулалтын бээлийгүй, түргэн мууддаг зарим хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дэглэм зөрчсөн байна. Мөн бага ангийн сурагчдад хэт чихэрлэг бүтээгдэхүүн, энергийн ундаа худалдаалж буй нь Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж байна” гэсэн юм. Ямартай ч бодит байдал дээр ийм байхад энэхүү хөтөлбөр хэр их өгөөжтэй эсэх нь тодорхой. Орон нутагт бол мэргэжлийн хяналтынхныг танил талаараа аятайхан аргалж байгаад зөвшөөрөл авчихдаг гэж байгаа. 

Харин үүнийг яаж таслан зогсоож, “Үдийн цай” хөтөлбөрийг бизнес биш жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх вэ. Энд төрөөс хийх зохицуулалт үгүйлэгдэж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ боловсрол мэдлэгтэй, улс эх орондоо хэрэгтэй хүн болгох гэж сургуульд сургадгаас биш хэн нэгний бизнесийг дэмжиж, эрүүл мэндийг нь хохироох гэж сургуульд явуулдаггүй л байх. 

Тиймээс холбогдох албаны хүмүүс энэхүү “үдийн цайн” хөтөлбөрт анхаарлаа хандуулахгүй бол таны, миний хүүхдүүд хор болсон хоолоор ходоодоо баясгаж өдөр хоногийг өнгөрөөж байна шүү.

Зураг