Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

40 метрийн стандартыг дөрөв болгосны балаг

Л.Ганчимэг
2015 оны 4 сарын 24
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Барилгын салбарын “сезон” эхлэнгүүт балаг нь ямар байх бол гэх айдас Монгол хүн бүрт төрдөг болсон гэхэд хилсдэхгүй. Уламжлал ёсоор энэ жилийн “сезон” ч нэлээд жинтэйхэн орж байна. Социализмын үеэс л “Хорооллын хоёр өрөө” гэдэг яриа гарч, өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа III, IV хорооллын байрууд энэ удаагийн ээлжит дайрлагад өртлөө.

Нууц ноёнтон эзэнтэй “Би Жи Би Жи” хэмээх компанийн балгаар Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байрны 250 шахам оршин суугч орон гэрээсээ “дүрвэн”, өдгөө зочид буудалд толгой хоргодож буй.

Тус компани дүн өвлийн цагаар эл байрнаас ердөө 4-6 метрийн зайд барилгын суурийн маш том нүх ухуулж, ойролцоох хөрс нь нурах эхлэлийг тавьжээ.

Энэ нь 16 дугаар байрны даацын суурьт ч мөн нөлөөлж, улмаар хазайж эхэлсэн учраас уржигдар дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж, уг асуудлыг нийслэлийн Онцгой комисст танилцуулснаар тэр үдэштээ багтаан айлуудыг нүүлгэн шилжүүлсэн юм.

ЖИГТЭЙ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ

Тус байрны зүүн талд “Би Жи Би Жи” компани 2008 оны эхээр гарааш, үйлчилгээний зориулалтаар 3000 ам метр газар авч, өнгөрсөн жил түүнийхээ зөвшөөрлийг сунгуулжээ. Гэхдээ анх авсан газар нь 3000 ам метрээс бага байсан, хожим бага багаар нэмсээр ийм болгосон гэх яриа ч дуулдав. Ямартай ч тэд өнгөрсөн жилийн долдугаар сарын 22-нд Барилга, хот байгуулалтын яамнаас тус газарт худалдаа, үйлчилгээний танхимтай 18 давхар орон сууц барих зөвшөөрөл авсан аж.

Тухайн үед БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба гэдэг хүн ажиллаж байжээ зөвшөөрлийг эсэргүүцэн, цуцлуулахын төлөө 16 дугаар байрны иргэд, оршин суугчид хөлөө хүрэх газар явж заргалдсан боловч тусыг эс олж, эцэст нь өөрсдөө байрнаасаа “хөөгдөхөд хүрсэн нь энэ.

Харин Баянгол дүүргийн Өмчийн харилцаа, газрын албаныхан барилгын ажлыг эхлүүлэхгүй, зөвшөөр нь цуцлуулахын төлөө БХБЯ, нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг холбогдох байгууллагад удаа дараа албан хүсэлт хүргүүлсэн ч шийдтэй хариу сонсоогүй гэдгээ Засаг дарга Д.Оросоо хэлэв.

Дүрэм журмаараа бол барилга хоорондын зай 40-45 метр байх ёстой гэсэн хууль манайд үйлчилдэггүй нь үнэн.

Хамгийн жигтэй нь 2014 оны есдүгээр сард тэдний явуулсан албан хүсэлтийн нийслэлийн Өмчийн харилцааны газар “Бид тийм газарт 18 давхар орон сууц барих зөвшөөрөл олгоогүй.

Наад зөвшөөрөл чинь Сүхбаатар дүүргийн XI хороонд “Эн Эн ЖИ Ю” гэдэг компанийн барих орон сууцных гэсэн хариу ирүүлсэн байх юм. Ямар компанийн, яачихсан зөвшөөрөл гэхээрээ хоёр дүүргийн нутаг дэвсгэр дамжин, зүсээ хувилгаж, даргын ширээ “чимж” явдгийг нууц ноёд нь л мэдэх биз.

БХБЯ-ны Барилгын чанар,аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбатаас энэ талаар тодруулахад “Тэр газарт барилга барих зөвшөөрөл олгосон үйл явц намайг ирэхээс өмнө болсон. Харин намайг ирснээс хойш буюу хоёрдугаар сарын 24-нд дүүргийн Засаг даргаас албан бичиг ирсний дагуу манайх гуравдугаар сард МХЕГ-ынхнаар тухайн газарт байдал ямар байгаа тухай дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулсан. Бас тэр дүгнэлт гартал энэ компанийн барилгын ажлыг зогсоон шүү дээ” хэмээв.

Мэргэжлийн хяналтынхан болохоор “Бид тус компанийг хууль зөрчсөн байна гэдгийг холбогдох газруудад мэдэгдэж, өөрсдөд нь ч шаардлага хүргүүлж байсан шүү дээ” гэх. Ийнхүү бүгд л өөрийгөө өмгөөлөөд, ухсан нүхэндээ унах хэргийн эзэн олдохгүй бололтой. Дүрэм журмаараа бол барилга хоорондын зай 40-45 метр байх ёстой гэсэн хууль манайд үйлчилдэггүй нь үнэн. Тэглээ гээд ингэж даварч болох уу. Зөвхөн Баянгол дүүрэгт л гэхэд дээрхийн адил ирээдүй хүлээж буй арваад орон сууц бий гэнэ.

“ХҮН СОНИРХООД БАЙХАД НЬ БАЙРАА ЗАРЧИХДАГ Л БАЙЖ”

Брежнев даргын бариулж өгсөн байрууд үнэхээр “чулуу” гэдэг байсан цаг өнгөрч мэдэх нь. Учир нь 16 дугаар байрны 48 айлын оршин суугчид сэтгэл санааны хувьд тун хэцүүхэн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. Байрныхаа ойр орчмын долоон зочид буудалд 1-2 давхраараа хуваагдан орцгоосон тэд гэрээсээ ийм ч юмаа авдаг байж, тэрийгээ ч мартчихаж хэмээн уймарцгаах.

Саяхан л орон гэртээ тохь тухтай аж төрж байсан хүмүүс нэг л өдөр өмссөн хувцастайгаа ум хумгүй тэндээсээ хөөгдөнө чинээ зүүдлээгүй нь ойлгомжтой. Зочид буудал гэдэг нэрийг нь эс тооцвол дотуур байрны хүүхдүүд шиг нэг өрөөнд 2-4-өөрөө байрлаж, нийтээрээ тогтмол цагт цайны газарт хооллож буй тэдний байдал эмзэглэмээр. Харин ах дүү олонтой зарим нь тэдэн рүүгээ явсан гэнэ. “Тааз алт” буудалд байрлаж буй нэгэн залуу “Нээрээ ингээд гэнэт л орон байргүй болчихвол яана аа.

Хэдэн сарын өмнө нэг танил маань хоёр өрөө байраа 110 саяар зарчихаач гээд шалахад нь “Тийм хямд өгөхгүй” гээд халгаагүй юм. Зарчихдаг л байж. Азаар байр маань аюулгүй байгаад, бид буцаж орлоо гэхэд “асуудалтай байр” гээд үнэ нь навс унана даа”гэж халаглав. Ёстой аргаа барсан хүний л үг энэ байхдаа.

Өөр нэг өвөө харин “Бид энэ компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж өчнөөн юм болсон доо. Гэвч шөнө болгон ухсаар байгаад санасандаа хүрсэн. Жирийн ард түмний үгийг хэн ч сонсохгүй байсаар өчнөөн олон хүний өмч хөрөнгө, сэтгэл санаагаар тоглолоо. Тэгээд эцэст нь хэн ч хариуцлага хүлээдэггүй нь харамсалтай” хэмээн шогшров. Мэргэжлийн хяналтынхны урьдчилсан дүгнэлт өнөөдөр хэрхэн гарахаас тэдний ирээдүй шийдэгдэнэ.

“БИ ЖИ БИ ЖИ” ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

16 дугаар байранд гурван өрөө 11, хоёр өрөө 36, нэг өрөө ганц байдаг гэхээр хэдий хэмжээний хөрөнгө энд яригдахыг багцаалж болохоор. Дээрээс нь “Би Жи Би Жи” компанийнхнаас болж тэр олон айлын иргэдийг ийш тийш нь нүүлгэн шилжүүлэхээс эхлээд байрлах буудлын хөлс, хоолны мөнгө гээд багагүй зардал гарсан.

Дээрээс нь 16 дугаар байрны хажуугийн өнөөх том нүхийг яаралтай шороогоор дүүргэх, хөрсийг нь хүчитгэн бэхжүүлэх, суурь ухах явцдаа гэмтээсэн үерийн тунгаагуурыг засах гэхчилэн их хэмжээний мөнгөн дүн энд яригдаж буй. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур өнөөх “Би Жи Би Жи” компани дээрх мөнгийг гаргаж, хохирол барагдуулах боломжгүй гэж менежер Ганбатаараа дамжуулан мэдэгдсэн гэнэ.

Тиймээс яаралтай арга хэмжээ авахын тулд нийслэлийн Засаг даргын нөөцөөс мөнгө гарган, дээрх ажлыг хийчихээд дараа нь хуулийн дагуу тэднээр нөхөн төлүүлэх аж. Гэвч хуулийн байгууллага дээр очоод байдал хаашаа эргэхийг хэн ч таашгүй. Учир нь “Би Жи Би Жи” компанийн ард томчууд байгаа гэдэг сураг бий. 

Тус компанийн менежер Ганбатаас тодруулга авах гэсэн боловч “Мэргэжлийн хяналтын дүгнэлт гараагүй байхад бид юм яримааргүй байна. Барилгын газраа анх авснаас томруулсан гээд байгаа асуудал чинь манай туслан гүйцэтгэгчтэй холбоотой. Манай компанийн эзний тухай янз бүрийн худал юм бичиж байж та нар өөрсдөө дараа нь асуудалд оров” сүрдүүлэв.

Удаа дараа хүргүүлсэн шаардлагыг уландаа гишгэсний гай 

Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг томоохон байгууллагынхан эгэл жирийн иргэдийн эрх ашгийг үл хүндэтгэн, эрх мэдэлтэй, мөнгөтэй талд үйлчилсээр байна. Хан-Уул дүүргийн I хорооны нутагт байрлах “Адоре пропертиз” ХХК-ийн барьсан 13 давхар барилга олон хүний нар харах эрхийг хассан.

Энэ нь барилга хоорондын зай талбайг харгалзахгүйгээр газар болон барилгын зөвшөөрөл олгосноос үүдэлтэй. Уг барилгыг нураана, нураахгүй гэсээр одоо гацаанд орчихоод байгаа. Үүний мөн адил Баянгол дүүргийн XIV хороонд “Би Жи Би Жи” ХХК орон сууцны зориулалттай 18 давхар барилга барихаар газар ухаж, далангийн нягтруулсан шороог их хэмжээгээр нурааснаас хөндий үүсэн тухайн барилгын баруун талд байрлах 16 дугаар байрыг цаашид нурах аюулд хүргэлээ.

“Би Жи Би Жи” ХХК нийслэлийн Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 24-ний А/115 тоот захирамжаар тухайн газрыг гарааш, үйлчилгээний зориулалтаар, таван жилийн хугацаатай эзэмших эрхтэй болжээ. Гэвч үүнээс сарын дараахан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлт боловсруулан авч, “Петронастауэр” ХХК -иар орон сууцны 18 давхар барилгын зураг төсөл гаргуулсан байна. Үүнийг нь эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрсөн оны долдугаар сард олгожээ.

Үүгээр барахгүй “Би Жи Би Жи” ХХК-ийнхан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан барилгын гадна талын хэмжээ 17.8x60.8 буюу 1082 ам метр талбай байсныг “Петронас тауэр” гэх зураг төслийн компаниар барилгын хэмжээгээ томруулуулан сууриараа 28.7x73.5 буюу 2109 ам метр болгон хоёр дахин ихэсгэсэн байгаа юм.

Ингэж орон сууцны барилга болгон газрын зориулалтыг өөрчилсөн нь Хот байгуулалтын тухай хуулийн “Олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах” заалтыг зөрчиж буй юм байна. Иймээс МХЕГ-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж, газрын зориулалтын дагуу төлөвлөлт хийн, 2014 оны есдүгээр сарын 29-ний дотор хариу ирүүлэхийг “Би Жи Би Жи” ХХК болон нийслэлийн Засаг даргын тамгын газарт шаарджээ.

Мөн МХЕГ-аас нурсан газрыг хамгаалан бэхэлгээ хийн, аюулгүй болгохыг шаардсан ч хэрэгжүүлэлгүй, “Чих нь дүлий, нүд нь балай" суусаар өдий хүрсэн байна. 16 дугаар байрны оршин суугчид МХЕГ-т удаа дараа гомдол ирүүлснийг тухай бүрт нь шалган “Би Жи Би Жи” ХХК-д зөрчлөө засаж залруулах шаардлага хүргүүлсэн ч биелүүлэхгүй байсаар өнөөдөр 200 гаруй хүнийг хохироогоод байна. Тэд өөрийн гэртээ өрөөлөөс хамаарч орох эрхгүй болчихлоо.

Зураг