Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс бол бидний Еврази дахь дотны нөхөр, итгэлтэй хамтын ажиллагааны түнш юм"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Дэлхийн түүхэнд тод тэмдэглэгдсэн Дарданелийн тулааны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын гуравдагч хөрш БНТУ-ын ард түмэн энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Монгол, Туркын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, соёл аялал жуулчлал, түүх гээд өргөн хүрээний сэдвээр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтэй ярилцлаа. 


-Түүхийн гүн хэлхээ холбоо, нийтлэг өв уламжлалтай БНТУ-Монгол Улсын хамтын ажиллагаа, хоёр улсын харилцаа өнөө үед ямар түвшинд явж байгаа гэж та хардаг вэ?

-Турк, Монголын нөхөрлөл 1,300 жилийн тэртээгээс улбаатай. Түүх, соёлын хэлхээ, эх хэл зэрэг нь биднийг улам бүр ойртуулдаг. Турк-Монголын найрамдалт харилцаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх ёс, чөлөөт эдийн засаг зэрэг ардчилсан нийгмийн нийтлэг зарчмын хүрээнд хэлбэржин иржээ.

Монгол Улс нь Турк Улсыг өөрийн “гуравдагч хөрш” орноор тодорхойлсон бол Турк Улс нь Монгол Улсыг Евразийн өргөн уудам нутаг дахь дотны нөхөр, итгэлтэй хамтын ажиллагааны түнш орон хэмээн үздэг юм. 

-Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд 46 жилийн дараа манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр манай улсын зүгээс Хархорины нисэх буудлыг шинэчлэн засварлах, Орхоны хөндийн аялал, жуулчлалын цогцолбор байгуулахад Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр саналаа илэрхийлсэн. Танай улсын зүгээс энэ яриаг ажил хэрэг болгох тал дээр ямар алхмууд хийж байгаа вэ?

-Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэмсэг ноён Мевлүт Чавушоглугийн 2015 оны дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлал нь түүхэн ач холбогдолтой юм. Хоёр Улсын дипломат харилцааны түүхэнд Туркийн Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн анхны айлчлал боллоо. 

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн яамдын Дипломатын академиудын хооронд Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурагдаж, хоёр улсын харилцааг олон талт хамтын ажиллагааны түвшнээс стратегийн хамтын ажиллагаанд хүргэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, өөрсдөдөө буй механизмуудыг сайн ашиглаж эдийн засаг, худалдааны харилцааг хүчирхэгжүүлэх асуудлыг шийдвэрлэн, ТИКА-гийн тусламжийг үргэлжлүүлэх чиглэлээр хүсэл зоригоо нотолж, аялал жуулчлалын салбарт Турк Улсын мэдлэг, туршлагаас хуваалцахаар тохиролцлоо.

Сүүлд тэмдэглэсэн асуудлын хувьд гэвэл бидэнд түүхийн хувьд чухал ач холбогдолтой газар болох Хархорин хотын дэд бүтцийг шинэчлэх, аялал жуулчлалын нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлийн олон төрлийн хамтын ажиллагааны төслүүдийг хэлэлцлээ.

Ирэх намар Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Эдийн засаг худалдааны хамтарсан хорооны VIII хуралдаан”-аар энэ салбарт хийгдэх бодит ажлыг нэг мөр шийдвэрлэх боломж гарч ирэх юм.

- “Дипломатын сургалт, баримт бичиг болон мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр орны гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хоёр улсын Гадаад хэргийн сайд нар байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд дипломатын сургалт, мэдээлэл солилцооны чиглэлээр ямар дэвшилтэт зорилт тавин ажиллахаар тусгасан бэ. Мөн манай улсаас 16 дипломатч залуу БНТУ-д суралцаж байгаа гэсэн. Энэ тоо цаашид нэмэгдэх үү?

-Дээр дурдсан Харилцан ойлголцолын санамж бичгийн дагуу хоёр улсын Гадаад хэргийн яамд сургалт, дипломат харилцаа, улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай олон улсын эрх зүй, дипломатын эрх зүй болон бусад эрдмийн дэд салбаруудад мэдээлэл солилцох юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны харьяа Дипломатын академид Монгол Улсаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 16 залуу дипломатч суралцсан байна. Ирээдүйд энэ тоог ахиулах боломжтой гэж харж байна.

-БНТУ-ын Гадаад хэргийн сайд хоёр улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улс төрийн түншлэлээ бодвол харьцангуй тааруухан байгааг дурдсан. Тиймээс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ямар зорилт тавьсан бэ. Гадаад хэргийн сайд  Мевлүт Чавушоглугийн хэлснээр хоёр улсын худалдааны хэмжээг 250 сая долларт хүргэх ямар боломжууд байна?

-Турк Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэмсэг ноён М.Чавушоглу Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэмсэг ноён Л.Пүрэвсүрэнтэй уулзаж хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг бодит нөөц бололцооноос доогуур байна гэдэгт санал нэгдсэн байна. Талууд хоёр жилийн өмнө гадаад худалдааны нийт эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилгоо дахин нотолсон.

Монгол Улсын Засгийн газар Туркийн бизнес хүрээллийнхэнд хандан Монголын зах зээлд илүү их хөрөнгө оруулалт хийхийг уриалсан юм.

Уулзалт, хэлэлцээрийн үеэр талууд мал аж ахуй, барилга, арьс шир, уул уурхай болон аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар онцолсон юм. Мөн Эдийн засаг худалдааны хамтарсан хороо болон ажлын дэд хэсгүүдийн уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах чиглэлээр санал нэгдсэн.

-БНТУ 2015 онд Их-20-ийн уулзалтыг даргалж байгаа. Дэлхийн томоохон орнуудын уулзалтыг даргалж, зохион байгуулах нь ямар ач холбогдол, үр өгөөжтэй вэ?

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

-Их-20 нь дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэгдсэн бүлэг бөгөөд Турк Улс 2014 оны арванхоёрдугаар сард Их-20-ийг түр хугацаагаар даргалахаар болсон билээ. Дараагийн дээд хэмжээний уулзалт нь 2015 оны арваннэгдүгээр сард Туркийн Анталья хотод болох юм.

Их-20-ийн орнууд нь дэлхийн хүн амын гуравны хоёрыг, дэлхийн эдийн засгийн 85 хувийг, олон улсын худалдааны 75 хувийг төлөөлдөг.

Тус бүлэг нь эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг үндсэн зорилгоо болгодог. Энэ зорилгынхоо хүрээнд олон төрлийн дэд зорилтыг дэвшүүлэн ажилладаг билээ.

Турк Улс Их-20-ийг түр даргалах хугацаандаа дараах хоёр үндсэн зорилтод тэргүүлэх ач холбогдлыг өгч ажиллаж байна. Нэгдүгээрт Их-20-ийн Бага орлоготой хөгжиж буй орнуудад /LIDC/ чиглэсэн хэтийн төлөвийг бататгах, хоёрдугаарт жижиг, дунд үйлдвэрлэлийг /SME/ дэлхийн эдийн засагт интеграцичлах юм. Энд дурдсан хоёр тэргүүлэх зорилт нь Монгол Улсад шууд хамааралтай.

-Турк улсын иргэд Монголд ирж, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх сонирхолтой байдаг гэсэн. Хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг сайжруулах, БНТУ-аас Монгол Улсад зочлон ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд бид ямар алхмуудыг хийх ёстой вэ?

-Ах дүүгийн, нөхөрсөг харилцаатай Турк, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, цэрэг, соёлын харилцааг хөгжүүлэхийн сацуу иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь тэргүүн ач холбогдолтой юм.

Сүүлийн үед энэ чиглэлээр хийгдсэн нэрлэж болох хамгийн том алхамууд гэвэл хоёр улсын хооронд визгүй зорчих дэглэм хэрэгжиж эхэлсэн болон Истанбул – Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн явдлыг дурдаж болох юм. Улмаар хоёр улсын хооронд аялал жуулчлалын хөдөлгөөн харьцангуй нэмэгдсэн боловч хүссэн хэмжээнд хараахан хүрээгүй байна. Өнгөрсөн жилд Монгол Улс 450 мянга, Турк Улс 38 сая гадаадын жуулчин хүлээн авсан.

Үүнээс харахад энэ салбарт цаашид хийх ажил маш их байна гэж дүгнэж байна. Энэ тал дээр хоёр улсын Засгийн газарт, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудад, хэвлэл мэдээллийн байгууллагуудад, иргэний нийгмийн төлөөлөл болон ард иргэдэд чухал хариуцлага ногдож байгаа юм.

-Иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” хоёр улсын хооронд шууд нислэг хийж байгаа. Гэхдээ нислэгийн тоо хангалтгүй байна гэсэн мэдээлэл бий. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх боломж бий юу?

-Монгол Улсаас хэрэгжүүлж буй хязгаарлалтын улмаас Туркиш Эйрлайнз Истанбулаас Улаанбаатар руу долоо хоногт зөвхөн гурван удаа нислэг үйлдэж байна.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монголын талыг иргэний нисэхийн салбарт шаардлагатай чөлөөлөлтийг хийнэ гэж хүлээж байна.

Монгол Улсад хөгжих ирээдүйтэй аялал жуулчлалыг өөрийн чансаанд хүргэх нь гагцхүү зарим хязгаарлалтыг цуцалснаар биелэх боломжтой юм.

-Ромын пап Франциск өнгөрсөн өдрүүдэд Турк Улсыг геноцитоор буруушаасан мэдэгдэл хийсэн, мөн энэ талаар Европын парламентийн гаргасан шийдвэрт Туркийн Засгийн газар хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн. Турк Улс энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Османы эзэнт гүрний харьяанд үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч энх тайван, ах дүүгийн ёсоор хаяа дэрлэн аж төрж байсан олон үндэстэн Дэлхийн нэгдүгээр дайны сүүдэрт их зовлон амссан юм. 

Хэдийгээр үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч Дэлхийн нэгдүгээр дайны тэр зовлонг амссан ард иргэдийн үр хойчийн хувиар амь эрсэдсэн гэм зэмгүй Османы эзэнт гүрний харьяат Армян иргэдийг хүндэтгэлтэйгээр дурсаж төрөл төрөгсдөд нь гүнээ харамслаа илэрхийлж байна.

Нөгөө талаас 100 жилийн өмнө Османы эзэнт гүрний харьяат мусульман шашинтай турк иргэдийн туулсан цөллөг, хядлагын гүн гүнзгий шархыг бид одоо ч оюун санаандаа тээсээр байдаг юм. Мөн адилаар тэднийг ч дурсан санагалзаж байна.

100 жилийн өмнө болсон энэ харамсалт үйл явдлын хариуцлагыг ерөнхийлөн дүгнэж гэмийг нь турк ард түмэнд тохох нь, түүнчлэн үүнийг үзэн ядалтын үг яриатай нэгтгэх нь хүнлэг ёсонд ч тэр, эрх зүйн хүрээнд ч тэр учир дутагдалтай юм.

Иймд Ромын пап Францискийн хийсэн мэдэгдэл нь түүхэн болон эрх зүйн үндэслэлгүй учир хүлээн авахаас татгалзаж байна. Ромын пап Франциск, хийсэн мэдэгдлээрээ ялгаварлах үзэл гаргаж тухайн үед амиа алдсан мусульман шашинтай турк иргэдийн туулсан зовлонг үл тоомсорлолоо. 

Үүнээс түүхэн үйл явдал хэрхэн улс төржиж байгааг харж болно. Би үүнд маш их харамсаж байна. Нөгөөтэйгүүр геноцит гэдэг нь эрх зүйн тодорхойлолт юм. Энэхүү тулгалтын эрх зүйн үндэслэл бүрэлдээгүй бол  ямар ч үндэслэлээр дэвшүүлсэн байсан гүтгэлгээс цаашгүй юм.

Харамсалтай нь Пап лам Франциск дээрх үгээрээ ирээдүй хойч үедээ эв найрамдал, нөхөрлөлийг өвлүүлэн үлдээх бус түүхээс өш хонзон хайсан Армянчуудын нөлөөлөлд орсныг харуулж байна.

Европын парламент ч мөн адил 1915 оны үйл явдлын талаар түүхийг дахин бичихээр оролдож олон улсын эрхзүйд үл нийцсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой алдааг хийлээ. Турк Улс, түүх болон эрх зүйг уландаа гишгэсэн дээрх мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан юм.

Европын парламентийг нэг талыг баримталсан мэдэгдэл гаргасанд гүнээ харамсаж байна.

-Монголд түр болон удаан хугацаагаар амьдардаг Турк иргэдийн хувьд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ. Тэдэнд тулгарч буй ямар бэрхшээлүүд байна?

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

-Нөхөрсөг харилцаатай Монгол Улстай, монголыг ард түмэнтэй бид олон зүйлээрээ төстэй. Өнөөдөр Монгол Улсад 250 гаруй турк иргэн ажиллаж амьдарч байна.

Статистик үзүүлэлтээс харахад өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5,000 гаруй турк иргэн Монгол Улсад айлчилжээ. Би Монгол Улсад айлчилж ирж буй иргэдтэйгээ аль болох уулзахыг хичээдэг.

Тэдэнтэй уулзахад монгол ард түмний нөхөрсөг, дотно сэтгэл, Монгол орны үзэсэгэлэнт байгаль, баялаг уламжлал соёлын тухай магтаалын үгийг сонсоход маш сайхан байдаг.

Монголд жуулчилж ирж байгаа иргэд ихэнхдээ гомдол мэдүүлдэг тээвэр, дэд бүтэц, үйлчилгээний салбарын зарим дутагдлыг хамтын хүсэл зориг, хичээл зүтгэлийн хүчинд давж гарах боломжтой гэж итгэдэг.

-Энэ сарын 24-нд түүхт дайны 100 жилийн ой болох гэж байна. Энэ өдрийг Туркийн ард түмэн ямар үйл ажиллагаа зохион байгуулж, хэрхэн өнгөрүүлэх вэ. Түүхэнд энэ өдрийг янз бүрээр л бичиж тэмдэглэсэн байдаг шүү дээ. БНТУ-ын Засгийн газрын байр суурь ямар байдаг вэ?

-100 жилийн өмнө дэлхийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй их дайн болж байв. Энэ дайн Турк Улс хийгээд дэлхийн олон орны хувь тавиланг өөрчилсөн юм.

Дэлхийн нэгдүгээр дайны олон тулалдаан дундаас 1915 оны Дарданеллийн хойгийн тулалдаан Турк Улс болон энэ фронтод байлдсан бусад орнуудын хувьд онцгой ач холбогдолтой юм.

Дарданелийн хуурай замын байлдаанд дэлхийн хоёр үзүүрт орших нэг нэгнийгээ огт танихгүй Туркийн цэрэг, Австрали, Шинэ Зеландын цэргээс бүрдсэн Анзакын армитай тулалдсан юм. Түүхийн хамгийн эмгэнэлт тулалдаанд асар их цус урссан байдаг.

Турк, Анзакын армиуд эр зориг, өөртөө итгэх итгэл, баатарлаг гавьяаны хамгийн тод жишээг түүхэнд үлдээсэн юм. Гал зогсоосон үеэр нэгэнтэйгээ ойр фронтууд хоорондоо  тамхи, консерв наймаалцаж, амь эрсдэгсдээ хамтдаа оршуулж дараа нь дахин тулалдаанаа үргэлжлүүлдэг байв. Дарданелийн тулалдаан дэлхийн түүхэнд “Эр зоригтнуудын тулалдаан” болон тэмдэглэгдсэн байдаг юм.

Дарданелийн тулалдааны 100 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ, дээд хэмжээний уулзалтанд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа явдалд таатай байна. Мөн энэхүү өдрийг тохиолдуулан манай Элчин сайдын яам олон арга хэмжээг зохион байгуулна.