Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг буруутай эзнээр нөхөн төлүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг өчигдөр орой яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Уг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны талаар өнөөдөр улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэл, Дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 12 давхар 16 дугаар байранд амьдардаг 50 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны 20:00 цагт дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад байгууллагууд оролцон эхлүүлж, 23 цаг 37 минутад дуусгажээ.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газраас 8, дүүргийн онцгой комиссоос 21, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 41, цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 50, мэргэжлийн хяналтын хэлтсээс 40, ус дулаанаар хангах албанаас 4, эрчим хүчээр хангах албанаас 6, 14 дүгээр хорооноос 5, СӨХ-өөс 3, Эрүүл мэндийн нэгдлээс 4, барилгын хөгжлийн төвөөс 3 нийт 187 алба хаагчид оролцож 178 иргэнийг том оврын 3 автобусаар тээвэрлэн 7 зочид буудалд байрлуулан халуун хоол ундаар хангаж ажилласан байна. 

Нүүлгэн шилжүүлэх болон бусад ажиллагааны зардлын Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, тухайн буруутай эзнээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Оршин суугчдын байрыг цагдаа мэргэжлийн хяналттай хамтран гэрийн эздийг байлцуулан лацдаж баримтжуулан хамгаалалтанд авсан бөгөөд одоогийн байдлаар байрны хамгаалалтанд онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хорооны нийт 22 алба хаагч томилогдон ажиллаж байна. 

Мөн нийслэлийн онцгой комиссын хурлаар тухайн газарт барилга барихаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, ухсан газрын нүхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан цутгалт хийж хэвийн байдалд оруулах шийдвэр гаргажээ.

15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 22 дугаар байрны баруун талд “Би Жи Би Жи”  ХХК-ийн эзэмшлийн газарт 18 давхар орон сууц барих зөвшөөрлийн 2014 оны 07 дугаар сарын 22-нд Барилга хот байгуулалтын яамнаас олгосон байна. 

Энэ дагуу Дүүргийн Засаг дарга Д.Оросоо Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа албан бичиг илгээж зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлт тавьж байсан ч тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлээгүй байгаа ажээ.