Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Түймэрт өртсөн малын сэг зэмийг булах, түүхий эдийг ашиглахгүй байхыг даалгалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хээрийн түймэр Зүүн аймгуудын арав гаруй сумдын нутгийг хамарч байгаа нь эдгээр аймаг, сумдын нутагт оршин суугчид болон голомтод ажиллаж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр байгаа билээ.

Иймд тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай зохицуулах, гэнэтийн өвчлөл, тохиолдлын үед газар дээр нь тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах,зэрэг хэд хэдэн асуудалд чиглэгдсэн Эрүүл Мэнд,

Спортын сайд Г.Шийлэгдамба албан даалгавар гаргалаа. Хэнтийн, Дорнод, Сүхбаатар аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн албан даалгаварт

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр:

  • Түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад сэтгэцийн эмч эсвэл сэтгэл зүйч ажиллуулах 
     
  • Эмийн нөөц сангаас сэтгэл гутралын эсрэг эм бэлдмэлийг түймэрт өртсөн сумдын эрүүл мэндийн төвд хуваарилах
     
  • Гал түймрийн утаанаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог болон архаг хордлогоос урьдчилан сэргийлэх зааврыг олон нийтэд түгээх 
     
  • Гал түймрийн голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтныг хувийн хамгаалах хэрэгсэл болон давхар шүүлтүүртэй зориулалтын маскаар хангах
     
  • Дутуу шатсан эсвэл шатсан малын сэг зэм, үлдэгдлийг зайлуулах, булах, түүхий эдийг хэрэглэхгүй байх талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх 
     
  • Голомтод ажилласан, малын сэг зэмийн устгах ажилд оролцсоны дараа гараа сайтар ариутгах зөвлөмжийг олон нийтэд хүргэх 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр 

  • Хээрийн түймэрт өртөгсөд болон голомтод ажилласан хүмүүст шаардлагатай тохиолдолд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай хангах
     
  • Хээрийн түймрийн улмаас харьяаллын сум, аймгаасаа бусад сум аймагт шилжин очсон иргэдэд харьяалал үл харгалзан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх 

зэргийг даалгасан байна.