Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн насыг 58, 62 болгох хувилбарыг ДЭМЖИЖ БАЙНА УУ?

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Одоо мөрдөгдөж буй “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд тэтгэврийн насыг эрэгтэй ч, эмэгтэй ч “Даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж зааж өгсөн байдаг.

Гэхдээ эмэгтэйчүүдэд онцгойлон “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд  55 нас хүрсэн эмэгтэй ӨӨРӨӨ ХҮСВЭЛ өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасныг эмэгтэй хүн өөрөө хүсвэл 55-тайдаа тэтгэвэрт гарч болно гэж байдгаас биш Монгол Улсын тэтгэврийн нас 60 гэж ойлгож болно.

2015 оны хоёрдугаар сарын 6-нд Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барьсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигт эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэврийн насны зөрүүг ойртуулах талаар тусгажээ.

Хэдийгээр одоо мөрдөгдөж буй хуульд 60 нас гэж тусгасан байдаг ч эмэгтэйчүүдийн хувьд 55 насандаа өөрөө хүссэн бол тэтгэврээ тогтоолгож болдог. Цаашлаад дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол 50 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгддэг. Тиймээс ч Монголчуудын дунд эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэртээ гардаг гэсэн тогтсон ойлголт бий.

Харин шинээр өргөн баригдсан бодлогоор энэ төөрөгдлийг арилгах буюу эрэгтэй, эмэгтэй хүний насны зөрүүг багасгах талаар тусгаад байна.

Бодлогын төслийн гол санаа нь хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлэх мөн цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар солих зорилготой аж.

Түүнчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэл, насыг шинэчлэх, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг уг бодлогын баримт бичгийн төсөлд тусгажээ.

Түүнээс энэ бодлогын баримт бичгийг УИХ-аар баталснаар тэтгэврийн нас шууд өснө гэсэн утга биш бөгөөд бодлого батлагдаад дараагаар нь хуульд өөрчлөлт хийх юм байна.

С.Эрдэнэ сайдын мэдээлж буйгаар энэхүү бодлогын баримт бичиг нь “Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогын төсөл болохоос тэтгэврийн насны асуудлыг хуулиар зохицуулдаг” гээд “Төсөлд 2030 он хүртэл дундаж наслалт нэмэгдэж байгаатай уялдуулан тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэй 62-нас хүргэх…” бодлого баримталж байгаагаа мэдээлсэн байна.

Хэдийгээр одоо батлагдах бодлогын баримт бичигт тэтгэврийн насыг албан ёсоор тогтоож өгөхгүй ч түүний дараа өөрчлөгдөх холбогдох хуулийн төсөлд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх буюу эрэгтэй 62, эмэгтэй 58 болгох чиглэлийг барьж буйг холбогдох албаныхан тайлбарлаж байна. Энэ нь олон янзын хүчин зүйлээс шалтгаалж байна.

Тухайлбал  55 нас хүрч тэтгэврээ тогтоолгосон ч ажил хөдөлмөр эрхлэнгээ тэтгэврээ давхар авах тохиолдол их байдаг түүнчлэн хүн амын насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголд ч бус олон улсад өндөр насны тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хандлагатай байгаа аж.

Түүнээс гадна тэтгэврийн насыг нэмснээр иргэдийн авах тэтгэвэр ч нэмэгдэх тооцоололтой гэнэ. Учир нь одоо 50, 55 насандаа тэтгэвэр тогтоолгож байгаа хүмүүс нь харьцангуй бага жилээр тогтоолгож байгаа учраас тэтгэвэр харьцангуй бага тогтоогдож байгаа гэнэ.

Ер нь Монгол Улсын хувьд нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувь хүрэх төлөвтэй байгааг хууль боловсруулагчид анхааруулсаар байна.

2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн ам 16.1 хувиар өссөн бол  ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ.

Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна. 

График: 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо

Тиймээс ч Засгийн газрын зүгээс юуны түрүүнд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг өргөн бариад байна.

Олон нийтийн анхаарлыг татаад байгаа тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухайд та өөрийн саналаа доорх санал асуулгад оролцож өгөөрэй. 

САНАЛ АСУУЛГА: