Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдлэгт суурилсан НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ

ikon.mn
2015 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөн мэдлэгт суурилсан эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи давамгайлсан аж үйлдвэржилтийн дараах нийгэм рүү шилжиж, мэдлэгийн үнэ цэнэ чухалчлагдсан эринд иргэд чанартай боловсролыг зөвхөн танхимын уламжлалт аргаар эзэмших нь хангалтгүй.

Сурагчдыг насаар нь ангилан бүлэглэж, нэгэн хэвийн тогтсон хичээлийг бүгдэд нь зааж, сурсан ч, сураагүй нэгэн зэрэг дараагийн хичээлд шилждэг дэлхий нийтийн боловсролын тогтолцоо өнөөгийн эрэлт, хэрэгцээтэй нийцэхгүй болжээ.

 

Бид ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг төрийн бодлогодоо тодорхой тусгаж байж нэгдмэл зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай монгол иргэнийг төлөвшүүлнэ.

Дэлхийн олон орон нээлттэй боловсрол, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтад тулгуурласан боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийг өргөнөөр хэрэгжүүлж байна.

Нээлттэй боловсролын тогтолцоонд “Blended” буюу сургалтын холимог арга хэлбэр ихээхэн дэлгэрч байна.​ 

Энэхүү тогтолцоо нь өнөөгийн манай боловсролын тогтолцоог өөрчлөх бус, шинэ үзэл баримтлал, арга барилаар сэлбэж, орчин үеийн сургалтын технологид суурилсан, бүх нийтийн оролцоотой, төр-хувийн хэвшил-олон нийтийн хамтын ажиллагааны нээлттэй талбар байх юм.

Нээлттэй боловсролын тогтолцоонд “Blended” буюу сургалтын холимог арга хэлбэр ихээхэн дэлгэрч байна. Энэхүү хэлбэр нь заах арга зүйг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын өртгийг бууруулах ач холбогдолтой. Cудлаачдын дүгнэж байгаагаар дээрх холимог хэлбэрийг ашигласнаар уламжлалт аргатай харьцуулахад суралцагчийн бие даах чадвар, хувь хүний зохион байгуулалт, бүтээлч сэтгэлгээ сайжирдаг байна. Энэ нь нээлттэй сургалт суралцагчийг бие дааж ажиллахыг илүү шаарддаг онцлогтой нь холбоотой.

Нээлттэй боловсролын олон арга хэлбэрүүд дотроос хүн бүрт тэгш хүртээмжтэй, дэлхий нийтэд нийтэд асар хурдацтай тархаж, сургалтад өргөнөөр ашиглагдаж байгаа нь АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалт юм. Энэхүү сургалт нь “Арга замыг нь зөв зааж өгвөл сурахгүй сурагч байхгүй” гэсэн энгийн идеологи дээр суурилсан ба суралцагсдад бүтээлч сэтгэлгээ, сайэнсын ойлголтын учир шалтгааныг ойлгож, бүтээлчээр суралцах арга барилыг эзэмшүүлж байна. Суралцахуйн үйл нь суралцагчийн хувьд ая таатай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдсэн орчинд явагдвал илүү үр дүнд хүрдэг онцлогийг харгалзаж үзсэн нь Хан Академийн сургалтын арга зүйгээс тодорхой харагддаг. Хан Академийн хичээлүүд нь суралцагчдад сайэнсын ойлголтыг энгийнээр таниулж, түүний учир шалтгааныг ухаарч ойлгон, бодох, бүтээлчээр суралцах арга барил эзэмших, ойлгосноо амьдралд хэрэглэх бодит ур чадвартай болоход чиглэжээ.

Соён гэгээрлийн үеэс мэдлэггүй байдал, мухар сүсгийн үр дагавар ядууралд хүргэж байгааг ойлгон, иргэдийн ялангуяа хүүхдийн боловсролыг анхаарлын төвд авчирсан байдаг. Энэ үеэс л хүүхэд насны дотоод мөн чанар, энэ насанд өгөх суурь мэдлэг чухалчлагдаж ирсэн хэдий өнөө үед ч энэ асуудал байсаар л. Хан академийнхны тодорхойлсончлон хүүхэд бага ангидаа олж авч чадаагүй, дутуу дулимаг суурь мэдлэг, анги ахих тусам ахисан түвшний мэдлэгийг олж авч чадахгүй, шүүрэн шанаганы нүхнүүд шиг цоорхой мэдлэгийг хүүхдэд өгдөг байна. Тэгэхээр хүүхдэд мэдлэгийг хүүхдийн ухаанд ямар ч албадлага шахалтгүйгээр таниулах ёстой. Ямар нэг шахалтын дор эзэмшсэн мэдлэг хэзээ ч хүүхдийн ухаанд хоногшдоггүй тул хүүхэд насанд нь мэдлэгийг сонирхолтой хөгжөөнт байдлаар хүргэж, хүүхдийн төрөлх чадварыг нээн илрүүлэх боломжтой” гэж Плато хэлсэн нь одоо ч хуучраагүй хэвээр... 

Нээлттэй сургалтын арга зүй нь мэдлэг дамжуулахаас илүүтэйгээр суралцагсдыг бодоход сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэгийг өөрөөр нь бүтээлгэх арга барилыг чухалчилдаг. Э.В.Ильенковын “Сургууль бодоход сургах ёстой” номонд

“Хүнд заяасан хосгүй үнэт баялаг болох ухаан, бодох чадварт хэрхэвч гэмтэл учруулж болохгүй. Хүний ухаан, бодох чадварт гэмтэл учруулдаг зүйл бол сургууль хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх явдал”...

хэмээсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Суралцагсдын бие даан суралцаж, мэдлэгээ баяжуулах, “бодох” од сургахад нээлттэй боловсролын арга зүйг боловсруулахад анхаарсан нь олон жишээнээс харагддаг. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн VII ангийн дэлхийн түүхийн хичээлийн 70 цагт хүүхэд дэлхийн түүхэн үйл явдлын шалтгаан үр дагавар, шинж чанар, харилцан хамаарал зэрэг дэлхийн түүхийн талаар цэгцтэй мэдлэгийг авч, эх сурвалжийг ашиглан өөрийн үнэлэлт өгөхөд суралцдаг хэдий ч шалтгаан үр дагаврыг нь гүнзгийрүүлэн судлах, түүхийн сургамжийг ухаарч, эргэцүүлэхэд баталгаатай эх сурвалж бүхий эргэцүүлж “бодох” боломж олгосон, нээлттэй хичээлүүд л үр нөлөөтэй. Манай улсад нээлттэй боловсрол шинэ тутам хөгжиж байгаа учир үр дүнг нь судлахад эрт байгаа ч, нөлөөллийн судалгааг олон түвшинд явуулж байна.

Нээлттэй боловсролын эрх зүйн орчны хувьд тэдгээрийг ашиглах, эшлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд эрх зүйн шаардлага тавих тохиромжтой хэлбэр нь Оюуны Бүтээлч Хамтын Өмч (CC) бөгөөд энэ нь интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах нэг нөхцөл болж дэлхий нийтэд хэрэглэгдэж байна. Оюуны бүтээлч хамтын өмчийн тогтолцоо (СС) нь боловсрол, сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээх, дахин ашиглахтай холбоотой эрх зүй, техник, нийгмийн шинжтэй нэмэлт ажлыг хөнгөвчилж, үр ашигтай байлгахад чиглэгддэг. Энэ утгаараа оюуны бүтээлч хамтын тогтолцоо (СС) нь соёл, боловсрол, төр, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлийг түгээх олон улсын стандарт, олон нийтийн өмч болсон.

Манай улсад Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогодоо тусгаснаар нэгдмэл зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж, үр дүн нь эхнээсээ гарч эхэлж байна.

Б.Бурмаа