Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дахиад л гацаа, УИХ 14 хоногт багтааж шийднэ гэдэгт итгэе

Д.Оюун-Эрдэнэ
2015 оны 4 сарын 7
ӨНӨӨДӨР
Зураг зураг

УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ  “Таван Толгойн хэлэлцээрт гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулах санал өргөн барина” хэмээн мэдэгдлээ. Энэ нь Таван Толгойн хэлэлцээртэй холбогдуулан хэлсэн түүний хоёр дахь мэдэгдэл юм.

Өмнө нь хөрөнгө оруулалтын тендерт ялагчийг тодруулсны дараа АНУ-ын “Пийбоди” компанийг улайм цайм дэмжин энэ шалгаруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хамтарсан консорциумд багтсан үндэсний ганц компаниа шахахыг оролдож байв. Харин одоо 2010 оноос хойш таван жилийн турш гацаж байж арай гэж урагшилж, бүхэл бүтэн гурван cap үргэлжилсэн хэлэлцээрийг батлахын өмнөхөн ийнхүү мэдэгдсэн нь УИХ-ын дарга Засгийн газартаа үл итгэж байгааг харуулав.

Энэ үйл явдлын эцэст УИХ-ын дарга, УИХ дахь АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар нэг юм ойлголцож, ажлын хэсэг дахин байгуулан Таван Толгойн асуудлыг хэлэлцэх шийдэлд хүргэв. Хайран цаг хугацаа, хайран нэр хүнд. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дахиад л бүхнийг эхнээс нь хэлэлцэж, энэ хэрээр цаг хугацаа алдах нь.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөх"-ийг УИХ-аас шийдэлд хүргэв. Гэвч УИХ энэ хугацаанд багтаан асуудлыг шийднэ гэдэгт итгэж, хүлээх л үлдэж байна. Төр, засаг нь ийм байхад гадаадын хөрөнгө оруулагчид байтугай монголчууд бид ч гүйцэтгэх засаглалдаа эргэлзэж эхэллээ.

Уг нь шийдлийн хэмээн нэрлэгдсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг З.Энхболдын даргалдаг УИХ байгуулсан. Улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг давж туулах, “хоёр толгойг” эргэлтэд оруулахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Н.Алтанхуягийн Засгийн газар Таван Толгойн хөрөнгө оруулагчдын тендерийг олон улсад зарлаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүнийг нь үргэлжлүүлж өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болоод байсан юм. 

2010 оноос хойш Таван Толгойг эргэлтэд оруулах талаар УИХ-аас гурван ч тогтоол, ҮАБЗ-өөс мөн тооны зөвлөмж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ, ҮАБЗ-ийн гишүүд Засгийн газарт Таван Толгойтой холбоотой асуудлыг шийдэх, эрхийг нь олгосон гэсэн үг. Тиймээс энэ дагуу шийдлийн Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн хэлэлцээрийг эхлүүлж, өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бүлгүүдэд ажлын явцаа мэдээлсээр иржээ.

Гэтэл УИХ-ын даргаасаа эхлээд дэд дарга нар нь хүртэл огт мэдээлэлгүй буй мэтээр асуудалд хандаж, УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр болсон нь Монголын парламент ямар хэмжээнд дампуурч, Засгийн газартайгаа нэгдсэн бодлогоор ажиллаж чаддаггүйг нотлон харууллаа.

Таван Толгойн хэлэлцээр бол Монголын дотоод асуудал, айл гэрийн доторх маргаан биш. Олон улсын тендер зарлаж, ялагчийг нь шалгаруулан тодруулж, хэлэлцээрүүдээ олон улсын түвшинд хийж буй дэлхийн хэмжээний төсөл.

Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газрын хэдхэн гишүүний хэмжээнд ойлголцож чадаагүй нь ард түмнийг үнэндээ залхааж байна.

Таван Толгойн хэлэлцээр бол Монголын дотоод асуудал, айл гэрийн доторх маргаан биш.

Таван Толгойн толгойн өвчин болоод байсан “Чалко”-гийн өрийн асуудлаар БНХАУ-ын Төрийн зөвлөл нь хүртэл хуралдаж, манай улстөрчдийн шийдэж чадахгүй асуудлыг хэдхэн хоногийн дотор хэлэлцээд зохицуулчихсан.

Гэтэл манай улстөрчид нь өөр хоорондоо хэрэлдсээр эцэст нь УИХ-ын дарга нь Засгийн газраа хүртэл огцруулахаа мэдэгдэж байж санасандаа хүрлээ. Монголын төрд нэгдсэн бодлого гэж байна уу?

УИХ нь шийдвэрээ гаргаж, Засгийн газартаа үүрэг өгсөн бол гүйцэтгэх засаглал нь ажлаа өөрсдөө мэдэн хийж, хариуцлагаа бас хүлээх ёстой. Ажлын бүх явцаа УИХ-д танилцуулж, 76 хүний үгийг нэг бүрчлэн дагах ч ёсгүй. Энэ бол шийдвэрээ гаргадаг парламенттай, шийдвэрийг нь гүйцэтгэдэг Засгийн газартай улс орон бүрт тогтсон зарчим. Гэтэл хууль санаачлан батлах үндсэн үүргээ умартаж, гүйцэтгэх засаглалынхаа бүрэн эрхэнд халдаж, огцруулахаар сүрдүүлэн байж эцсийн шийдвэрийг гартаа оруулдаг болсон Монголын парламентад улстөрчдийн явцуу эрх ашиг ямар хэмжээнд үйлчилж, ашиг сонирхлын байгууллага болсныг харуулаад байна.

УИХ-ын дарга болон дөрвөн дэд даргынх нь гарын үсэг бүхий, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандсан албан бичигт дурдсанчлан Монгол Улсын эрх ашигт үл нийцэх шалгаруулалт, хэлэлцээр хийж байсан юм бол үүнийг нь засаж залруулаад явах эрх, боломж УИХ-д уг нь бийсэн. Тэр даруйд нь үүнийгээ хэрэгжүүлж,  харилцан ойлголцож, өөр ашиг сонирхолгүйг асуудалд хандсан бол цаг хугацаа алдах байсансан. Гэтэл эцсийн мөчид УИХ-ын шахалт  шаардлагад хүрсэн нь төрийн ажил хэрэг явагддагийн бодит жишээ болж байна.

Таван Толгойн гэрээг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой юу? УИХ Засгийн газрынх илүү шийдвэр гаргаж чадах уу, эсвэл гацааж зогсоогоод дахин хэдэн жил хүлээлгэх үү? УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан хууль болон бусад асуудал 100 хувь хариуцлагатай байж чаддаг уу? Таван Толгойн хэлэлцээрээс үүдэн УИХ, Засгийн газрын хооронд бий болсон эрх мэдлийн төлөөх маргаанд хариулт нэхэж байна.

УИХ бол олонхоор шийдвэр гаргадаг байгууллага. Хэн нэг гишүүн, намын бүлэг, тэр ч байтугай УИХ-ын дарга ч гаргасан шийдвэрийн төлөө хариуцлага хүлээдэггүй. Тэр тусмаа одоогийн парламентад намын бүлэглэлүүдийн тохиролцоо, зөвшилцлөөр төрийн бодлого шийдвэр гардаг болсон нь үнэн. Энэ нь цагаандаа ч гараад байгаа. Ийм үед ард түмэн УИХ-ын шийдвэрт бүрэн итгэх боломжгүй?

Өнөөдрийг хүртэл муу болсон хэмээн шүүмжлэгдэж, шинэчилж чадахгүй ч улстөржиж байгаа Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахдаа хоёр ч парламентаар дамжин хэлэлцсэн.

Долоон жил хэлэлцсэн энэ гэрээг УИХ гишүүд “долоо хэмжиж нэг огтоллоо” хэмээн хэлж байсан. Гэтэл одоо ямар байдалтай гацчихаад байгаа билээ.

УИХ бол олонхоор шийдвэр гаргадаг байгууллага.

Оюу Толгойн гэрээ муу болсон шалтгаан нь ч УИХ ба Засгийн газрын өвөр түрийдээ орж, хэн нь ямар эрх үүрэгтэйгээ умартаж, ашиг сонирхлоороо холилдож хутгалдсантай холбоотой.

Одоо бас Таван Толгойг талцуулж будлиулж, Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээрийг долоо дордуулахыг ч үгүйсгэх арга алга. УИХ бол хариуцлага хүлээх “эзэнгүй” байгууллага. Харин Засгийн газар бол Ерөнхий сайд болон тухайн ажлыг хариуцсан сайдаасаа эхлээд танхимаараа хариуцлага хүлээдэг “буух эзэн, буцах хаягтай” субъект.

Үүнд л хариуцлагын ялгаа бий. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ ч энэ тухай дурдсан. “Би Ерөнхий сайдын хувьд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гаргах ёстой шийдвэрээ, гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргаж байна. Энэ шийдвэрүүдийнхээ хариуцлагыг Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно” хэмээн хэлсэн. Зөвхөн энэ зоримог, зоригтой үгнийх нь төлөө Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Таван Толгойн хэлэлцээрт бие даан ажиллах боломжийг нь олгож, ард түмэн Засгийн газартаа итгэж, дэмжиж байсан.

Ард түмэн улстөрчдийн, ялангуяа УИХ-ын зөвшилцөл, хуйвалдаан, ашиг сонирхлын илт зөрчилтэй шийдвэрүүдэд итгэл алдарч байна. УИХ нь хуулиар олгогдсон ажлаа хийж, Засгийн газар нь гүйцэтгэх засаглал шиг ажлаа хийж, хариуцлагаа үүрэх хэрэгтэй.

Эдийн засгаа эргээд хөл дээр нь тогтооё гэвэл итгэлцэл, бас хариуцлага чухал байгааг саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр эдийн засагчид, улстөрчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. Гэтэл итгэлцлийг уриалж байгаа хэрнээ Монголын төр, засаг бие биедээ итгэж чадахгүй байгаа нь хөгжлөө чөдөрлөж буй хэрэг.

Эдийн засгаа сэргээх том боломж Оюу Толгой, Таван Толгойгоос өөр юу байгаа билээ. Эдийн засгийн форум дээр Монгол Улсын сайд М.Энхсайханы тавьсан суперциклийн тухай илтгэлээс үзэхэд дэлхийн зах зээлийн суперцикл 20-25 жилийн давтамжтай байдаг гэнэ. Хамгийн сүүлийн суперцикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болсон бол өмнөх нь 1970-1980 оны дундуур болжээ.

Энэ нь манай Эрдэнэт, Оюу Толгойг эргэлтэд оруулсантай давхацсан бөгөөд дараагийн “алтан үе” 2040-2045 оноос нааш дахин тохиохгүй гэсэн тооцоо байна.

Эдийн засгаа сэргээх том боломж Оюу Толгой, Таван Толгойгоос өөр юу байгаа билээ. 

Тиймээс бидний хувьд Таван Толгойг одоо л биш бол, наад тал нь дараалан болох УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2018 оноос нааш, цаашлаад 2040 оноос нааш өнөөдрийнх шиг ач холбогдолтойгоор ашиглах боломжгүй байх магадлал өндөр гэнэ.

Нийтлэлч Баабарын хэлсэнчлэн нүүрс үнс болсон цагт Таван Толгойг яаж ч хөдөлгөөд Монголын эрх ашиг байтугай эдийн засагт нэмэр болох хөг нь өнгөрнө.

Тиймээс Таван Толгойг одоо л урагшлуулахгүй бол улстөржсөн УИХ-ын балгаар Монголын эдийн засаг ойрын жилүүдэд өндийхгүйг эрхэм улстөрчдөд, ялангуяа УИХ-ын эрхэм гишүүдэд сануулах нь зүйтэй.

Төр, засгийн тэргүүн нар бие биедээ үл итгэснээс үүдэж, таван жил үргэлжилсэн Таван Толгой дахиад л гацлаа. УИХ 14 хоногтоо багтааж асуудлыг нэг тийш нь шийднэ гэдэгт итгэж, хүлээхээс дээ.

Зураг