Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

4 САРЫН 1: Бүх цаг үеийн хамгийн догь наргиан

Б.Ууган, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс өөр өөрөөр л хүлээж авдаг. Зарим нь “Тэнэгүүдийн өдөр” болгон тэмдэглэдэг бол нөгөө хэсэг нь “Дөрөвдүгээр сарын 1-нд хэнд ч битгий итгэ” гэх нь ч бий. Хаа сайгүй нэгнээ “явуулж”, тоглоом наадам хийдэг, тэр бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч энэ даажигналд оролцох нь элбэг. Ингээд хамгийн догь наргиануудаар ямар үйл явдлыг Lenta.ru цахим хуудас онцолсныг орчуулан хүргэе. 

“Эрхэм хүндэт үзэгчид ээ” 

Хүмүүс интернэт байхгүй үед бүх мэдээллийг телевиз, сониноор л авдаг байлаа. Шведийн телевиз 1962 онд үзэгчдээрээ тоглож байжээ. Тухайн үед телевизийн эфирийг хар цагаанаар хүргэдэг байсан бөгөөд тухайн өдөр телевизийг өнгөт болгон харахын тулд дэлгэцдээ шилэн оймс татахад хангалттай гэж мэдээлжээ. Үүнийгээ тун ч шинжлэх ухаанчаар тайлбарласан тул олон хүн үүнийг туршиж үзсэн гэдэг. 

Гэнэн эрин 

Өнгөрсөн зууны дунд үед телевиз үзэгчид ч гэж туйлын гэнэ хүмүүс байж, тиймдээ ч Би Би Си мэдээллийнхээ хөтөлбөрөөр шпагетти гоймонг модон дээр ургуулж болно гэж наргижээ. Одоо бол энэ мэдээлэлд хэн ч итгэхгүй нь мэдээж. Үзэгчдийг итгүүлэхийн тулд телевизийнхэн Швейцар руу явж, дэвшилтэт технологиор оргуулсан гэхэн арвин ургацын талаар “дамжуулжээ.  

Энэ сурвалжлага дээр нутгийн бүсгүйчүүд чанасан гоймонг модон дээрээс хураан авч байгааг харуулсан байна. Энэ мэдээллийн дараа Би Би Си агентлаг руу захидал, утасны дуудлага тасрахаа больж, гэртээ чанасан гоймон хэрхэн ургуулах талаар асууж эхэлжээ. Энэ нь Инээдмийн баярын өдрийн наргиан байсан гэж хэлээд ч итгэхгүй байсан тул залхсандаа болоод  “улаан лоолийн сүмстэй хувинд шпагетти хийгээд тэвчээртэй хүлээнэ ” хэмээн хариулж байжээ

Пицца гэртээ хүргүүлэх үү? Үгүй дээ, огт өөр

2014 онд Америкийн “Бостон пицца” пиццаны газар “урвуу хүргэлт” гэсэн үйлчилгээг зарлан, өнөөдрөөс эхлэн бүтээгдэхүүнийг гэрт нь хүргэх биш харин үйлчлүүлэгчдийг пиццаны газарт хүргэж өгнө гэсэн зарыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цахим хуудаснаа байршуулж, хүмүүсийг пиццаны газарт хүргэх жолооч хайж байгаа тухай мэдээлсэн байжээ.  

Энэ үйлчилгээг авахын тулд гэртээ ойр байгаа пиццаны газар руу утасдахад хангалттай гэсэн байна. Хүмүүс энэ үйлчилгээг авах гэж утасдсан ч энэ зарлал наргиан байсан тул цахим хуудаснаас удалгүй устгасан байжээ. 

“Тагтааны интернэт” 

“Самсунг”-ын Британи дахь хэлтэс Лондон хотод “тагтааны wi-fi” тавих гэж байгаа талаар мэдээлжээ. Мэргэжилтнүүд жижиг роутерүүдийг шувуунд бэхлэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн найдвартай шилдэг сүлжээ гээд тагтаа нь “байгалийн цахилгаан эрчим хүч дамжуулагч” хэмээн тайлбарлаж байсан гэдэг. 

Бүхнийг гүйцэтгэгч Google 

2007 онд Google компани Gmail Paper хэмээх “шинэ программ” гаргасан талаараа “танилцуулжээ”. Энэ үйлчилгээ нь бүх захидлыг цахим шуудангаас хэвлэж, хавтсанд хийн, шуудангийн хайрцагны эзэнд гарт нь өгдөг “чадалтай” гэнэ. Google компанийн мэргэжилтнүүд хүмүүсийг бүрэн итгүүлэхийн тулд Gmail Paper-д зориулсан цахим хуудас болон ажиллах горимыг ч танилцуулж байсан гэдэг. 

Тавтай зоогло 

1998 онд Burger King компани “солгой гартнуудад зориулсан бургер” худалдаалж эхэлсэн тухай USA Today мэдээлжээ. Мэргэжилтнүүд хүмүүсийн дуртай амттан нь адилхан гэхдээ 180 хэмээр эргүүлсэн байна хэмээн тайлбарласан гэнэ. Хачирхалтай нь энэ мэдээлэлд олон хүн итгэж, туршихаар шийдсэн солгой гартнууд зоогийн газарт ихээр ирсэн гэнэ.

Шинжлэх ухаанч наргиан 

1976 оны дөрөвдүгээр сарын нэгний өглөө Британийн одон оронч Патрик Мур Би Би Си радиогоор гаригуудын жагсаал болно хэмээн мэдэгджээ. Түүний өгүүлснээр Дэлхий, Санчир, Буд зэрэг гаригууд нэг эгнээнд жагсах бөгөөд маш ховор энэ үзэгдлийн улмаас дэлхийн татах хүч өөрчлөгдөж, хүмүүсийн жин багасна гэжээ.

Мур сонсогчдод хандан өглөөний 09:47 цагт “жингүйдлийн мөчийг мэдрэхийн тулд” дээшээ үсрэх хэрэгтэй гэжээ. Энэ наргианы дараа студи руу олон хүн утасдаж, агаарт хөөрсөн талаар ярьсан бол нэг сонсогч бүр өөрийгөө дээш хөөрч, тааз мөргөсөн гэж ярьсан гэдэг